Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн шилдэг багш

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 31 секунд

Global Teacher Prize буюу 2020 оны дэлхийн шилдэг багшийн финалд Итали, Бразил, Вьетнам, Англи, Өмнөд Солонгос, Америк, Өмнөд Африк, Нигер, Энэтхэг, Малайзийн 10 багш тунаж үлдсэн юм. Эдгээрээс энэ жилийн дэлхийн шилдэг багшаар Ranjitsinh Disale хэмээх энэтхэг залуу шалгарч нэг сая ам.доллараар шагнууллаа. 

"Багш байхын утга учир бол эрдэм мэдлэг, нөөц бололцоогоо бусадтай хуваалцахад оршдог. Тийм учраас би шагналын мөнгөнийхөө талыг буюу 500 мянган ам.долларыг нөгөө есөн багшдаа тэнцүү хувааж өгнө" гэсэн нь энэ жилийн шалгаруулалтын сюрприз байв.

Тэрбээр өөртөө үлдсэн мөнгөнийхөө хувийг Инновацийн Лабораторитоо зарцуулж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд хичээл заана. Мөнгөний 20 хувийг дайны бүст байгаа хүүхдүүдэд зарцуулан, Энхтайвны армиа өргөтгөнө. Ингэснээр жил болгон 5000 хүүхдийг энэ армидаа элсүүлж, энхтайвны элч болгоно гэнэ.

Товчхондоо, энэ залуу Энэтхэгийн ядуу жижиг тосгоны сургуульд хувьсгал, улсынхаа боловсролын салбарт реформ хийжээ. Мэдээллийн технологийн инженерээр сурч байсан энэ залуу хэзээ ч багш болно гэж бодож байгаагүй. Инженерийн сургуульд байхдаа ангийнхандаа гадуурхагдан, дээрэлхүүлж арга буюу сургуулиа дундаас нь орхижээ. Аав нь түүнд багшийн коллежд юу ч гэсэн орж үзэхийг зөвлөсөн нь бурханы төлөвлөгөө мэт амьдарлыг нь орвонгоор нь өөрчилжээ. Гурван жил суралцан багш мэргэжил эзэмшээд бие болон сэтгэлийн хувьд хүчирхэг болж, нийгмийн өөрчлөлт хийх урам зоригтой болов.

Ингээд 2009 онд Paritewadi-ийн сургуульд багшаар очив. Үхрийн саравч, агуулах хоёрын дунд хавчуулагдсан энэ сургуулийн сурагчдийн дийлэнх нь нутгийн омгийнхон бөгөөд сурагчдын ирц асар хангалтгүй буюу дөнгөж хоёр хувьтай байдаг байв. Учир нь энэ омгийн заншлаар охидуудыг бага дээр нь буюу өсвөр насанд бараг хүрээгүй байхад нь хүнтэй суулгадаг. Иймээс олон охидууд боловсрол эзэмшиж чадахгүй сургуулиа дундаас нь орхидог.

Нэмээд энэ омгийн хэл өөр тул багш эхлээд бүрэн дүүрэн ойлголцож чаддаггүй байжээ. Иймээс залуу багш энэ тосгонд бүр мөсөн нүүж ирэн нутгийн хэлийг нь хоёр жилийн хугацаанд сурч, боловсролын реформ хийх амар биш боловч чухал зорилтыг өөртөө тавьжээ. Нутгийн аялга, унаган хэлээс өөрөөр бичигдсэн 1-4 дүгээр ангийн бүх сурах бичгийг нутгийн хэл рүү нь хөрвүүлэн шинээр хэвлэхээс ажлаа эхэлсэн байна. Түүнчлэн бүх сурах бичгийг QR кодтой болгож, энэ кодыг уншуулан цахим контент, аудио хичээл, видео лекцүүд сурагчид авах боломжтой болов. Ингэснээр сургуульдаа ирж чадахгүй байгаа хүүхдүүд гэрээсээ хичээл үздэг болжээ. Мэдээллийн технологи ашиглан инноваци хийж чадсан QR кодтой номыг нь 2019 онд Боловсролын яам нь шинэ стандарт болгон улс даяараа хэрэглэж эхэлжээ. Ингэснээр террорист халдлагын улмаас сургууль завсардсан, Кашмирт байх дүрвэгсэдийн хуаранд байгаа хүүхдүүдийг хичээлдээ хамруулж чадсан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй, ичимхий, өөртөө итгэлгүй сурагчид энэ номоор нь дамжуулан хичээлээ хийснээр тэгш хамрагдах боломж бүрдсэн байна. Энэ кэйсийг нь Microsoft компанийн гүйцэтгэх захирал онцолж, өөрийнхөө номонд оруулжээ.

Хэдхэн жилийн дараа сурагчдын ирц 100 хувь болж, өсвөр насны охидуудын гэрлэлтийг алга болгосон гайхалтай түүхийг бүтээжээ. Улмаар 2016 онд мужийнхаа тэргүүний сургуулиар шалгарч, 2018 онд гурван сурагч охин нь мужийнхээ тэргүүний сурагч болов. 10 жилийн хугацаанд сурагчдын 85 хувь нь улсын шалгалтанд А үнэлгээ авдаг болж, сургууль нь 2016 оны шилдэг сургуулиар шалгарав. Тосгоноос нь анх удаа нэгэн охин их сургууль амжилттай дүүргэсэн нь энэ багшийн гавъяа байжээ.

Олон олон охидууд үүнээс жишээ аван их сургуульд орж суралцахыг зорьдог болов. Охидууд сургуульд хамрагдаж эхэлснээр хүйсийн тэгш байдал бага багаар тосгонд нь бүрэлдээд эхэлжээ.

Сүүлийн арван жилийн хугацаанд сургуулийнх нь нэг ч охин хүнтэй сууж, гэр бүл болоогүй төдийгүй, тосгоны бүх охидууд сургуульд явдаг болов. Улмаар хүн амын дөнгөж 26 хувь нь боловсрол эзэмшсэн, хүйсийн эрх тэгш байдал бараг байхгүй энэ жижиг тосгон боловсролын үнэ цэнийг мэдэрч, хайрлаж эхэлсэн байна. Омгийн дотоод заншлаар эцгийн эрхт ёс давамгайлдаг тул охин хүүхдийг төрөхөөс нь өмнө аборт хийдэг байжээ. Охин хүүхэдтэй айлыг чөтгөрийн хорлол туссан гэж хүртэл ярьдаг аж. Шашны бурангуй заншлаар охидуудын сарын тэмдэг ирсэн өдрүүдэд гэрээс нь гарахыг хориглодог. Энэ мэт аймшгийн шалтгаануудаас болоод охидууд боловсрол эзэмших бүү хэл тосгондоо хүн шиг амьдарч чаддаггүй байжээ.

Энэ бүхнийг эцэс болгохын тулд багш маань хүүхэд болгонд тохируулсан ганцаарчилсан болон холимог сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, тосгоны иргэдтэй тулж ажиллаж эхэлжээ. Сурагчдад харж, сонсож, эсвэл хийж суралцах сонголтыг бий болгов. Сурагчдыг алдаанаасаа суралцах эрх чөлөөг нээжээ. Алдаа гаргасан сурагч үүнийгээ засах явцдаа асуудал болон шийдлийнхээ эзэн нь болж чаддаг. Иймээс алдаа бүрийг багш сурагчтай нийлэн тэмдэглэж, хүндэлж, бас хүлээдэг болжээ.

Сурагч охидуудын дийлэнх нь тухайн гэр бүлээсээ анх удаа сургуульд сурч байгаа үе нь болж байсан гэвэл та итгэх үү? Иймээс сургуулийнхаа гадаа том хонх зоож, орой болгоны 19 цагт тосгон даяар дуугаргадаг болов. Учир нь энэ хонхны чимээнээс хойш тосгоны эцэг эх бүр хүүхэддээ нэг цагийг зарцуулж, хамтдаа суралцах шинэ заншил тогтоож чадсан байна. Ингэснээр эцэг, эхчүүдийн оролцоог идэвхжүүлж, тосгоны иргэдэд боловсролын амтыг мэдрүүлж чаджээ.

Сар болгон эцэг, эхчүүдэд менторшипийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Түүнчлэн 500 гаруй нийтлэл, өгүүлэл сонинд бичиж олон нийтийг соён гэгээрүүлэх ажил хийжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд олон нийтэд лекц унших, гудамжинд хөгжим тоглох зэргээр нийтдээ 120 мянган рупи цуглуулан, ядуу, боломжгүй айлын 46 охинд иж бүрэн хичээлийн хэрэгсэл авч өгсөн байна.

Өдрийн цагаар сургуульдаа хичээлээ заахаас гадна оройн цаг, амралтын өдрүүдээр Microsoft Innovative Educator Platform ашиглан 83 орны 1400 ангийн 85000 сурагчдад онлайн хичээл заадаг аж. Багш зуныхаа амралтыг ашиглан мужийнхаа 16000 багшид сургалт хийж, заах арга барилаа хуваалцан, технологийн дэвшлийг хэрхэн хэрэглэх тухай зөвлөгөө өгчээ. Улмаар багш нарыг сургадаг, мэргэжлийг нь дээшлүүлэд дэд бүтцийг бий болгон, Facebook, WhatsApp дээр групп үүсгэн 7000 багшийг хамруулаад байна.

Академик сургалтаас гадна амьдралын бодит асуудлыг шийдэх ур чадвар, төлөвшил, хүмүүжлийг сурагчиддаа түлхүү олгохыг зорьсон байна. Энэ зорилгоор сурагчдад асуудал шийдэх ур чадвар суулгахын тулд тосгоныхоо цөлжилттэй тэмцэн, 10 жилийн хугацаанд 250 га газарт сурагчидтайгаа ажиллан зүлэгжүүлж, мод тарин, тосгоныхоо дөнгөж 25 хувь байсан ногоон талбайг 33 хувьд хүргэсэн байх юм.

Сурагч бүрийг дэлхийн иргэн болгон хүмүүжүүлэх зорилго тавьж, “Хил хязгаарыг давахуй” хэмээх тусгай төсөл хэрэгжүүлжээ. Зөрчилдөөн, дайн байлдаантай байдаг Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос, Ирак, Иран зэрэг улсууд батлан хамгаалах салбартаа асар их мөнгө зарцуулдаг. Энэ бүх мөнгөний хажууд тэгвэл Энхтайван хямдхан байх ёстой гээд дээрх улсуудын сурагчдыг хооронд нь найзлуулж нөхөрлүүлдэг 6 долоо хоногийн хөтөлбөр хийжээ. Хөтөлбөрийн явцад яагаад хоорондоо байлдаад байгаа, улс орнуудын ялгаатай болон адилхан талууд нь юу болох талаар сурагчид хоорондоо ярилцан бие биедээ танилцуулга хийж, улмаар дайн байлдаагүй, энхтайвнаар манлайлдаг 10 орны төлөөлөл хүүхдүүдэд хөтөлбөрийн төгсгөлд тусгай лекц уншдаг юм байна. Улмаар 8 орны 12000 сурагчдаас бүрдсэн “Энхтайвны Арми” бий болгожээ. Энэ сурагчид ирээдүйд улс орныхоо энхтайвны эрхэмлэн, дайн тулаанаас хол байж чадна аа гэж багш танилцуулга дээрээ бичжээ.

Энэ багш дэлхийн шилдэг багш болохгүй юм бол хэн болох юм бэ? Өөрийгөө завгүй гэж бодон ажиллаж, амьдардаг би лав энэ түүхийг сонсоод өөрөөсөө үхэтлээ ичиж байна. Энэ бахархам түүхийг бусадтайгаа хуваалцан урам зориг авч, мөн өөрсдийгөө цаг үргэлж хөгжүүлж, нийгэмдээ эерэг үйл хийгээрэй гэж хүсч байна.

Нийтлэлийг бичсэн: "Би багш" уралдаант нэвтрүүлгийн ерөнхий шүүгч В.Ганзориг

Автомашины QR кодыг хуурамчаар үйлдэж, ашигласан хэрэг гарч байна
Автомашины QR кодыг хуурамчаар үйлдэж, ашигласан хэрэг гарч байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.