Олон ном, зохиолоороо уншигчдыг байлдан дагуулсан зохиолч, яруу найрагч Г.Аюурзана өнөөдөр 50 нас хүрч байна.
1970 онд Баянхонгор аймгийн төвд төрсөн. 1988-1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөн. 2007 онд АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын уран зохиолын хөтөлбөрт хамрагдсан.
Тэрбээр Философи-уран сайхны сэтгэлгээний “Шинэ үеийн номын сан” цувралыг санаачлан “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг 10 боть ном гаргасан.
Үндэсний утга зохиолын шилдэг өвийг хамарсан “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” антологууд эрхлэн гаргаж, “Дэлхийн сонгомол яруу найраг”, “Дэлхийн сонгомол өгүүллэг” антологуудыг орчуулан олны хүртээл болгосон.
Түүнчлэн Францын философич Мишэль дө Монтэнийн эсээнүүдийг “Сонгомол эсээнүүд” нэрээр, АНУ-ын нэрт зохиолч Уильям Фолкнерын шилдэг тууж, өгүүллэгийн номыг “Өвгөд” нэрээр, Аргентины сод зохиолч Хорхэ Лүис Борхэсийн шилдэг өгүүлэгийн түүврийг “Хоёр хаан, хоёр хонгил” нэрээр, Францын зохиолч Жан-Поль Сартрын “Үг” тууж, мөн Америкийн өнөө цагийн яруу найргийн төлөөлөл болгож Кристофер Меррилийн “Татлага, түрлэг” түүврийг тус тус орчуулан хэвлүүлжээ.