Цахимын дөрвөн багц хууль буюу Нийтийн мэдээллийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай зэрэг хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн хуулийн төслүүдийг баталсан. Үүнтэй холбогдуулан Кибер аюулгүй байдлын тухай хуулийн талаар ХЗДХЯ-наас мэдээлэл хийлээ.
ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг "Бидний зорьж байгаа дараагийн хуулийн төсөл бол Хэвлэлийн эрх чөлөөний хууль юм. Хэвлэл мэдээллийн байгууллага гэж хэн бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа учраас аливаа хэрэг маргааныг дэнслэхэд хэцүү байгаа. Бид цаашдаа олон улсын жишигт нийцүүлэн мэргэжлийн редакцтай байгууллагуудыг бусад мэдээлэл цацаж байгаа этгээдүүдээс ялгаж өгөх юм. Утсаа бариад олон нийтийн хэрэгслээр мэдээлэл цацаж байгаа хүмүүсийн сэтгүүлчидтэй андуурах тохиолдол бий. Тиймээс эдгээр иргэдийг мэргэжлийн сэтгүүлчдээс ялгаж өгөх хууль эрх зүйн орчин зайлшгүй байгаа. Засгийн газрын түвшинд сэтгүүлчдийн эх сурвалжаа нууцлах, эрэн сурвалжлах, редакцын хараат бус байдал зэрэг асуудалд нэлээд ахиц гаргана гэж Засгийн газрын тэргүүн ч хэлж байгаа" гэв.