Хошууч генерал Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилох саналыг АН-аас хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Эл мэдээллийн талаар АН-ын дарга Л.Гантөмөр "Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчид санал болгосон. АН-аас ганц нэг хүн томилохоор дайраад байдгаа больж болдоггүй юм уу. АН-ынхан төрд орж ачаа үүрэлцэх эрхтэй шүү дээ" гэсэн мэдээллийг өгсөн. Тэгвэл өнөөдөр /2025.04.21/ Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилохыг эсэргүүцсэн иргэд Ерөнхийлөгчид шаардах бичиг хүргүүлэв. Тэдний төлөөлөл болох С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт яллагдсан Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед эрүүдэн шүүгдэж хилс хэрэгт ял шийтгүүлсэн 47 иргэн тэдний гэр бүлийн 800 иргэн нэгдэж энэ гэмт хэргийг зохион байгуулсан буюу Б.Хурц гэгч этгээд Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилох саналыг эсэргүүцэж байна. Эрүүдэн шүүлт хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбооноос хуулийн хонгилд эрүүдэн шүүгдэж хилс хэрэгт шийтгүүлсэн иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх ийм алдааг дахин гаргахгүйн тулд үндэсний болон олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа. Монгол Улсын төрөөс шударга ёсыг тогтоох талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа. Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын үед хэлмэгдсэн олон иргэд хуулийн байгууллагад хандаж уг асуудлыг ил болгосоор байгаа.
Эдгээр иргэдийн ярьсан зүйлс, гаргасан баримтаас харахад гол хүн нь АТГ-ын дэд дарга, Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурц гэгч нь нэгэнт тодорхой болсон. Б.Хурц мэтийн увайгүй гэмт хэрэгтнүүдийг төрөөс зайлуулж, ардын хүүхдийн амьдралаар тоглодоггүй нийгэм байгуулах хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!