Хөл хориотой холбоотойгоор өндөгний эрэлт ихэсч, үнэ нь нэмэгдсэн. Гэсэн хэдий ч дотоодын өндөг үйлдвэрлэгчид үйлдвэрээс гарч буй үнээ ил зарлах зэргээр өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийсээр байгаа. Гэсэн ч өндөгний эрэлт их байгаа гээд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг хэлж байна. “Түмэн шувуут” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болдтой холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Хөл хорионы эхний өдрүүдэд дэлгүүрийн лангуун дээрх өндөг дууссан. Ялангуяа “Түмэн шувуут”-ын өндөг үзэгдэхээ байсан хэмээн хэрэглэгчид хэлж байна. Танай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?
-Хэвийн явагдаж байгаа. Өмнө нь нийлүүлэлт ямар байсан тэр хэвээрээ л байгаа. Сардаа 7 сая өндөг нийлүүлдэг. Өндөг хомстлоо гээд шувуу хоёр удаа өндөглөхгүй учраас эрэлт нэмэгдлээ гээд нийлүүлэлтээ нэмэх боломжгүй. Хүмүүсийн хэт их худалдан авалттай холбоотой, ОХУ-аас орж ирдэг өндөгний нийлүүлэлт багассантай холбоотой өндөгний хомстол үүссэн.
-Үйлдвэрийн үнээ ил тод зарласан байсан. Энэ нь өндөгний үнийн өсөлтийн эсрэг авч байгаа арга хэмжээ гэж ойлгож болох уу?
-Үйлдвэрээс гарч байгаа үнээ ил тод зарласан. Манайхаас өмнө нь 350 төгрөгөөр гардаг байсан одоо 10 төгрөг хямдруулаад 340 төгрөгөөр гаргаж байгаа. 10 төгрөг хямдруулсан нь чухал биш л дээ. Манайхаас авч хэрэглэгчдэд хүргэдэг жижиглэнгийн худалдаачид 350 төгрөгөөр авсан өндгөө өмнө нь 380 төгрөгөөр зардаг байсан ч одоо 450 төгрөгөөр худалдаалж байгаа. Үүнтэй холбогдуулж өөрсдийнхөө үнийг ил зарлаж байгаа юм. Дамжуулан борлуулж байгаа хүмүүсийн худалдах үнийг бид захирах боломжгүй. Тэр хүний хувийн бизнесийн эрх ашиг. Бидний зүгээс битгий үнээ хэт их нэмээч ээ гэж л уриалж байгаа.
-Цар тахлаас үүдэлтэй ихэнх компанийн үйл ажиллагаа доголдож байгаа. Танай компанийн хувьд цар тахлыг хэрхэн даван туулж байна вэ?
-Ажлаа хийхэд л хөл хорио зэргээс үүдсэн түр зуурын бэрхшээл байгаа болохоос бусдаар бол гайгүй.
-Түгээлт хийхдээ юун дээр илүү анхаарч байна вэ?
-Бусдын жишгээр хамгааллын хувцас, бээлий, малгай, маскаа өмсч, гар ариутгагч хэрэглэх зэргээр халдвар хамгааллын дэглэмээ сахиж байна. Аль болох бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхгүй, дансаар хийх, харилцагч нартайгаа зайнаас харьцах зэргээр ажиллаж байна.
-Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа. Танай компани малын тэжээл үйлдвэрлэдэг. Гэтэл энэ жил тариаланчид төдийлөн амжилттай ажиллаж чадаагүй. Тэжээлийн үйлдвэрлэл хэр явагдаж байна вэ?
-Засгийн газраас тэжээлийн түүхий эдүүдийг импортоор оруулж ирэхэд татваруудаас чөлөөлнө гэж ярьж байгаа. УИХ-аар хэлэлцэх байх. Дотоодоосоо түүхий эд худалдан авахад улаан буудайн олдоц байхгүй. Дотоодоосоо түүхий эд бэлтгэнэ гэдэг хэцүү. Улс даяараа тариалан эрхлэлт муу байна. Төлөвлөсөн ургацаа авч чадалгүй цасанд даруулсан.
-Цасанд дарагдсан ургацаа хурааж аваад малын тэжээл болгох боломжтой юу?
-Одоо тэгэх цаг хугацаа өнгөрч байна даа. Маш их хүч хөдөлмөр болж байж л хурааж авна. Чадах нэг нь хурааж авч л байгаа байх. Импортоор л түүхий эдээ авахаас өөр аргагүй. Манай компани энэ жилдээ дотоодоосоо улаан буудай худалдаж авч чадаагүй. Гурилын үнэтэй адилхан үнээр худалдаж авна гээд төлбөрийн маш сайн нөхцөл санал болгож байхад манай дээр ямар ч тариалан эрхлэгч ирээгүй.