Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТУРШЛАГА 4: Япон дахь монголчууд Ковид-19 халдварыг хэрхэн даван туулж байна вэ?

Ангилал
COVID-19
Огноо
Унших
13 минут 51 секунд

Хилийн чанадад ажиллан амьдарч, сурч байгаа монголчуудтайгаа холбогдон гадаадын улс орнууд Ковид-19 цар тахалтай хэрхэн тэмцэж буй талаар мэдээлэхээр зорин манай редакцын зүгээс өмнө нь БНСУ, АНУ, ХБНГУ-д оршин суугаа монголчуудтайгаа холбогдож байсан. Энэ удаа Япон улсад оршин сууж буй элэг нэгтнүүдтэйгээ холбогдлоо.

Япон улсад жижиг бизнес эрхэлдэг Д.Наранзул

Эх оронд минь аюулт цар тахал алдагдахад үнэхээр сэтгэл шаналж санаа зовсоор мэдрэл муудах дээрээ тулж байх шиг байна даа. Хамаг хайртай хүмүүс минь, эх орон минь!

Бид гэр бүлээрээ Японд ажиллаж амьдардаг. Энд Корона дэгдсэн эхний саруудад л мөн олон муу мэдээнүүд сандаргаж үймэлдэж байсан бас. Энэ үед засгийн газрын оновчтой зөв шийдэл, ард түмний тайван байдал, хүн амын орлогод хамгийн түрүүнд анхаарал хандуулан газар нутаг дээрээ амьдарч буй бүх хүнд санаа тавьсан шийдвэрүүд ар араасаа гарч, бодлого боловсрогдож, бүх нийтээр дагаж мөрдөх шинэ дүрэм, журам гаргаж байсан. Мэдээж зарим нэг зүйл шүүмж дагуулж байсан ч нийгмийн тодорхой бүрэлдэхүүн хэсэгтээ зорилтот үүргээ хүргэсэн гэж би хувьдаа боддог. Хамгийн түрүүнд хүн ардаа гэртээ байхыг, компаниудыг гэрээсээ ажиллах, ажилтнаа амраасан тохиолдолд улсаас цалинг төлөх, амьжиргааны эх үүсвэр бага, орлого муу өрхөд үнэгүй хүнс олгох гэх мэт маш олон арга хэмжээ авсан. Мөн гадна гадаад дотоод гэж ялгалгүйгээр хүн бүрт 100,000 иен, манайх шиг жижиг бизнест 500,000 иен, аж ахуй эрхлэгчид 1000,000 иен, компанид 2000,000 иен олгож байлаа. Энэ нь ард түмэнд ээлтэй байсан. Гэхдээ улсын эдийн засагт мэдээж хүнд туссан нь тодорхой ч асуудал хүндрэх үед бүүр ч хэцүүдэх байсан эрсдэлээс хамгаалж, яг цагаа олсон зөв зоригтой арга хэмжээ болсон гэж ойлгодог. Би өөрөө яг биеэрээ туулж байгаа болохоор ингэж хэлж байгаа юм шүү.

Мэдээж улсаас өгч буй мөнгийг авахгүй, шаардлагагүй хүмүүс, компаниуд их бий. Аваагүй нь ч бий. Хамгийн гол нь энэхүү үйл явдал нь хүн бүрийг хичээх, дор бүрнээ ариун цэвэр дэглэмийг сахих хариуцлагыг өндөржүүлсэн, тэвчиж хүлээх, эх орноо хайрлах сэтгэгдлийг өдөөсөн, өвчний дэгдэлт газар авахгүй байх маш хэрэгтэй арга хэмжээ болсон байж магадгүй. Бид ч мөн адил тусламжийг авч яг хэрэгцээт зүйлдээ зарцуулан торгоож байгаа болохоор мэдээж энэ хэцүү үеийг Японы ард түмэнтэй хамт даван туулахаар хичээж байгаа.

Гайтай корона бидний амьдралд маш их гай болж байгаа ч бид тэмцсээр л байгаа.

Бизнес ажил минь дампуурахдаа тулж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн арай гэж тэсч үлдэх гэж тэмцэн байгаа. Япон улсаас авч хэрэгжүүлж буй санхүүгийн дэмжлэгийн ачаар, мөн сайхан сэтгэлтэй ухаант цөөхөн Монголчуудынхаа дэмжлэгээр даван туулаад хичээсээр байгаа ч орлого муу хүндхэн өдрүүд үргэлжилсээр л байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд зохиодог сагсны тэмцээнүүд, бусад олон олон арга хэмжээ маань хойшлогдсоор л байна.

Энэ мэт маш их асуудал амьдралд минь тохиож байна. Ганцхан гэр бүлд ийм байхад олон олон хүнд маш олон янзын асуудал гарч байгаа нь ойлгомжтой. Дэлхий даяар ийм байгаа.

Би юу гэх гээд байна вэ гэвэл Монголчууд минь тэсдэг юм шүү, тэвчдэг юм шүү, бас амиа бодох биш ард олноороо, улс түмнээрээ, дэлхий нийтээрээ тэмцэх ёстойг ухаарч хамтдаа давж гарах ёстой гэдгийг ойлгон уур бухимдалгүй байцгааж дархлаагаа дэмжин сайн сайхан цаг ирэхийг хүлээж хэцүүг давж гараарай.

Японд хүн амыг коронатай зэрэгцэн оршиход сургаж нийгмийн зай барин ажиллаж амьдрахад, амьдралын шинэ хэвшилтэй болгон, хувийн хэвшил, компани аж ахуйн нэгжүүдээ дэмжих, бодлого хэрэгжүүлэн маш олон арга хэмжээ компанит ажил өрнүүлж байгаа. Сургууль, цэцэрлэгт хүүхдүүдэд тусгай хөтөлбөр нэмж заахаас авахуулаад маш их ухуулга сурталчилгаа телевиз, радио, олны танил хүмүүсийн сошиал дахь бичлэг, уриалга явагддаг болсон. Олны танил одууд нь гэрээсээ хоол хийхийг заах гэх мэт контентууд ихээр үйлдвэрлэж байна. Мөн хүмүүсийн айдсыг дарж хэвийн ажил амьдралдаа эргэн орж шинэ амьдралын хэвшил бий болгохыг уриалж эргээд эдийн засгийг хамгаалах арга хэмжээнүүд авч байна. Жишээ нь, Аялал зуучлалын салбараа унагахгүйн тулд "Go to" компанит ажил өрнүүлэн дотоодын жуулчлалыг сэргээн 50 хувь хүртэл хөнгөлж, улс төлж өгөх гэх мэт маш олон арга хэмжээ авч байна.

Миний хувьд татвараа төлж ажиллаж амьдарч байгаа учраас бүх дэмжлэгийг авч байгаа. Энэ хэцүү үед тусалсан Япон Улсад, дэмжсэн хүн бүхний итгэлийг алдахгүй, давж гараад үйл хэргээ үргэлжлүүлнэ хэмээн маш их хичээж улам сайн ажиллаж байгаа. Энэ Зөв бодлого, бас хүн бүрийн зөв хандлага нь эргээд хүн бүрт итгэл найдвар төрүүлж, сахилга бат хариуцлагыг өндөржүүлж өгч байгаа байх.

Монголчуудаа тайван байж хичээгээрэй л гэж уриалж байна. Европт л гэхэд хэдхэн сарын өмнө гудамжиндаа ор зулж эмнэлэг нь ажиллаад ямар байдалд хүрсэн билээ. Энэ бол нийгмийн халдварт өвчин. Хэн нэгнийг буруутгах арга байхгүй. Иргэнийхээ үүргийг сайн биелүүлээрэй. Хүчтэй нь хүчгүйгээ дэмнээрэй.

Хүн төрөлхтөн Коронаг удахгүй ялна аа.

Япон улс, Нагоя хотод оршин суугч Б.Цэвэлмаа

Японд одоогийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 1.330.000, эдгэрэлт 110.000, нас баралт 1.943, өнөөдөр шинээр нэмэгдсэн тоо 2.514 гэсэн үзүүлэлттэй байна. Японы иргэд ихэвчлэн өндөр ухамсартай байдаг учир аль болох халдвар тараахгүйн тулд дор бүрнээ анхаардаг. Төр нь эдийн засгийн уналтаас сэргийлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр ажиллаж байгаа. Тухайлбал, иргэн (урт хугацааны визтэй гадаад улсын иргэдийг оруулна) бүрд 100,000 иен бэлэн мөнгө тараасан. Сургуулиуд, төгсөгчид, хувь хүмүүс санаачлан хоол хүнсний хандив цуглуулж тараасан.  

Яаралтай шаардлагагүй үед гэрээс гарахгүй байх, олон хүн цуглуулах үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, сургууль амраах, их сургуулийн хичээлийг онлайн хэлбэрт оруулах, бар, ресторануудын хувьд цагийн хязгаар эхэндээ хийж байсан. Одоо харьцангуй хязгаарлалт бага байна. “Go to travel campaign” хийж (аяллын) хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаа.

Энд хэрэгжүүлж байгаа “Uber Eats” хүргэлтийн хоол, дэлгүүрийн хүргэлтийн үйлчилгээ, ресторанд захиалгаа бичиж өгдөг үйлчилгээ зэргийг манай улс нэвтрүүлбэл боломжийн санагдаж байна.

Япон улс, Ишикава аймагт оршин суугч Г.Тэлмэн

Төрөөс маск зүүх, гар ариутгах, халуун хэмжилт болон хүн хоорондын зайг баримталж байхыг сануулсан бөгөөд үзвэр үйлчилгээ үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Түүнчлэн Японд улсад оршин суугч бүрд 100000 иений тусламж болон 2 ш нэг удаагийн маск тараасан.

Үйлчилгээний бүх газрууд хаалт хэрэглэж, үүдэнд гар ариутгагч болон халуун хэмжигч байрлуулсан, мөн бүх шатны байгууллага шалан дээр хүн хоорондын зайг авах метрийн хэмжээ наасан, ресторан хоолны газрууд 2 метрийн зайтай тусгаарлаж хаалт тавьсан. Хурал цуглааныг онлайн хэлбэрт шилжүүлсэн. Ажлын байр, сургууль болон гэрээс бусад газар маскыг бүх нийтээр маскыг тогтмол зүүж байгаа болно.

Япон улс, Токио хотын Нэрима дүүрэгт оршин суудаг О.Анарболд

Анх корона гарч байх үед олон нийт цугласан арга хэмжээ зохиохгүй, сургууль цэцэрлэг зэрэг бүгд амарч байсан. Бага багаар хязгаарлалтаа багасгасаар одоо ямар ч хязгаарлалт байхгүй байгаа. Мөн вируснаас болж ажилгүй болсон, ажил нь багассан зэрэг зүйлсийг харгалзаж үзэж төрөөс бүх иргэддээ бэлэн мөнгө тараасан.

Вирусийн ид дэгдэлт дууссаны дараа ресторан болон аялал жуулчлалыг дэмжих үүднээс “GO TO” гээд арга хэмжээ зохиож байгаа. Энэ нь хямд үнээр ресторанаар үйлчлүүлэх, аялах, хурдны галт тэргээр зорчих тасалбар зэрэг гаргасан арга хэмжээ. Өдөр бүр зурагт болон онлайн сайтуудаар шинээр коронавирус туссан хүний тоо болон байршил насжилт зэргийн мэдээлэл авах боломжтой байдаг.

Коронавирусний тархалтын хувьд өмнөх хэдэн өдөртэй харьцуулбал нэлээд нэмэгдсэн ба “Вирусийн гурав дахь давалгаа” гэж яригдаж байгаа. Нийслэл болох Токио төдийгүй бусад Хоккайдо Осака зэрэг хотод шинээр илэрч байгаа хүний тоо Токиотой ялгаагүй хэмжээний болж ирсэн.

Одоогоор ямар ч хориг байхгүй байгаа ч бусад улсыг бодвол харьцангуй бага хүн вирус тусч байгаа нь япончуудын цэвэрч байдалтай холбоотой юм шиг санагддаг. Өдөр болгон усанд ордог. Заримдаа бүр 2, 3 удаа ч орох тохиолдол байдаг. 00 орсны дараа гараа тогтмол угаадаг зэрэг ариун цэвэр сайн сахидагтай холбоотой байх.

Залуучууд нь зугаа цэнгэл баар саваар их ордог нь вирус намжихгүй гол шалтгаан болж байгаа. Вирус туссан хүний дундаж нас нь 20-30 байгаа бөгөөд ихэвчлэн баар саваар явж байгаад халдвар авсан тохиолдол их. Бусдад гай болохгүй гэх үзэл бодол нь их зүгээр санагддаг. Ямар нэг байдлаар вирус тусвал өөрийгөө бодохоос илүү бусад хүмүүст төвөг удна гэж бодож өөрийгөө вирус тусахаар сэргийлж байх жишээний.

Япон улсад оршин суугч

Коронавирусийн халдвар сүүлийн хоёр долоо хоног огцом өсөөд буцаад хорио жаахан чангарч байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-оос тавдугаар сарын 31 хүртэл хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний зарим газруудаас бусад нь үйл ажиллагаагаа түр зогсоосон. Тавдугаар сарын 31-ээс хойш бол хориогоо цуцалсан. Гэхдээ гэрээр ажиллах боломжтой газрууд гэрээсээ ажиллаж, үйлчилгээний газрууд богиносгосон цагаар ажиллаж олон хүн бөөгнөрөхийг хориглосон байгаа. Одоо ч гэсэн. Гэхдээ хатуу чанга хязгаарлалт бол хийгээгүй. Ард иргэдээсээ хүсч байна гэх маягаар шаардлага тавьж байсан.

Иргэдэд /гадаад хүн, хүүхэд/ 100,000 иений тусламж нэг удаа, жижиг дунд үйлдвэрлэлийн байгууллагад дээд тал нь 2 сая иений тусламж, дүүргийн харьяандаа хандсан иргэдэд хоол хүнсний тусламж, орлого буурсан иргэдэд 200-650 мянган иений хүүгүй зээл зэрэг тусламж үзүүлсэн.

Одоо бол Go To Travel, Go To Eat гэсэн аяныг зарлаад удаж байгаа. Улс дотроо аялж байгаа хүмүүст буудал, онгоц зэргийн захиалга өгвөл 30-50 хувь хөнгөлдөг. Хоолны газрууд нэг хүний 500-1000 иений хөнгөлөлт өгч байгаа.

Энд одоо хүмүүс коронатай эвлэрч амьдарч байна. Вакцин гарах үед нэг төрлийн томуу болж үлдэх юм байна гэсэн хандлагатай байна лээ. Одоо бол дархлаагаа сайн дэмжээд, ариутгагч, маск зэргээ байнга хэвшил болгож аль болох олон хүнтэй газраас зайгаа барих нь чухал.

Нөөцийн мах борлуулах ажлыг түр зогсоожээ
Нөөцийн мах борлуулах ажлыг түр зогсоожээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.