ТА ХҮҮХДИЙНХЭЭ ХАЖУУД АРХИ УУДАГ УУ?
Баяр ёслол, найз нөхөд гэрт зочлох гэх мэт олон шалтгаанаар бид гэртээ хүүхдийнхээ хажууд сархад задалж, ахуйн хүрээний архидалтыг зохион байгуулдаг. Айл бүрд байдаг энгийн зүйл мэт боловч хүүхдийн сэтгэл зүйг хамгийн ихээр гэмтээдэг хортой зүйл бол энэ. Магадгүй амсах төдий хэрэглээд өнгөрвөл энэ асуудал биш боловч түүнээс хэтрүүлбэл хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж эхэлдэг гэдгийг сэтгэл зүйчид онцолдог. Архи уусан хүмүүсийн дуу аажимдаа чангарч, хоорондоо маргалдаж эхлэхэд хүүхдийн дотор айдас бий болдог байна. Үүнээс үүдэлтэйгээр хүүхдийн сэтгэл зүй гэмтэж, ирээдүйд даган дуурайх, эс бөгөөс насан туршдаа түгших эмгэгтэй нэгэн болох гээд олон сөрөг нөлөө байдаг аж.
Тиймээс бид энэ удаад эл сэдвийг хөндөж, хүүхдийн сэтгэл зүйч Ж.Үйлсттэй ярилцлаа.
ЦЕГ: Өнгөрсөн 2024 онд хүүхдийн хажууд архи уусан, хүүхдийн бие махбодод халдсан гэх зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр 3500 хүн хуулийн хариуцлага хүлээсэн байна.
-Хүүхдийнхээ хажууд архидан согтуурах нь хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлдөг үү?
-Тохируулан хэрэглэдэг бол асуудалгүй. Гаднын бусад улс оронд ч байдаг л зүйл. Харин хэтрүүлэн хэрэглэвэл хүүхдийн сэтгэл зүйг асар ихээр гэмтээж, ирээдүйн амьдралд нь ч нөлөөлөх эрсдэлийг бий болгодог.
-Тохируулан хэрэглэх гэдэг нь ямар хэмжээг хэлэх вэ?
-Согттолоо биш. Товчхондоо бол амсаад тавих хэмжээнд хэрэглэхийг тохируулан хэрэглэх гээд байгаа юм.
-Тэгвэл аав ээж нь архи уудаг байх нь хүүхдийн төлөвшилд хэрхэн нөлөөлдөг юм бэ?
-Хүүхдийн онцлогоос хамаарч тухайн үйлдлийг давтах эсвэл жигшиж өснө. Гэхдээ хүүхдүүдийг судлахад дээрх үйлдлийг жигшээд байгаа юм шиг байдаг ч цаанаа сэтгэл зүйд нь өөрчлөлт орсон байдаг. Товчхондоо бол том болоод өөрийн жигшдэг байсан тэр үйлдлээ өөрийн мэдэлгүй даган дуурайдаг тал бий. Эс бөгөөс архийг жигшиж, хэт үзэн яддаг болчихсон томчууд ч байдаг. Энэ байдал нь бас амьдралд нь сөргөөр нөлөөлдөг. Архи уух нь их муухай гэж жигшээд өссөн хүүхэд магадгүй ажил дээр гарч, хамт олонтой болоод архи уухгүйгээсээ болоод хамт олноосоо гадуурхагдах юм уу, үүнээсээ болоод сэтгэл дундуур байх зэрэг сэтгэл зүйн шалтгаан агуулдаг. Мөн эцэг, эх нь хоорондоо муудалцан, зодолддог байх юм бол хүүхэд хүнээс аймхай болох, эсвэл тухайн үйлдлийг давтах, уураа барьж чадахгүй юм болгоныг нударгаар шийдэх гэх зэрэг сэтгэл зүйн өөрчлөлт болдог.
-Аав нь архи ууж гэр бүлдээ хүчирхийлэл үйлддэг байсан бол хүүхэд нь ирээдүйд тийм аав болох магадлал хэр их байдаг вэ?
-Эцэг, эх нь архи хэтрүүлэн хэрэглэдэг бол хүүхэд өөрөө тийм болох магадлал нь 2 дахин нэмэгдчихдэг. Хүүхэд бага насандаа эцэг эх хоорондоо хэрхэн яаж харилцаж байгаа вэ. Эцэг эх өөртөө нь яаж харилцдаг вэ гэдэг харилцаанаас толины тусгал байдлаар тусгаж авдаг. Учир нь хүүхэд насанд зөв бурууг ялгаж таних, дүгнэлт хийх чадвар сул байдаг учраас бүх зүйлийг даган дуурайх байдлаар хүлээж авдаг. Магадгүй хүний ухамсар гэдэг зүйл программчлагддаг байлаа гэж бодоход хүүхэд 0-6 нас хүртлээ эргэн тойрны хүрээллээсээ авч байгаа мэдээллээрээ эхний өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж, өөрийгөө үнэлэх нөхцөл нь бүрэлддэг гэсэн үг. Тэгэхээр ээж, аавынхаа гаргаж байгаа зан характар, үйлдэл бүх зүйлийг порлон шиг "ууж аваад" өөрийнхөө анхдагч загвар болгочхож байгаа гэсэн үг. Нэг ёсондоо далд ухамсрынх нь үндсэн суурь нь тэр мэдээллүүдээр бий болчихсон гэсэн үг. Энэ нь ямар байдлаар илэрч байна вэ гэхээр "Ээж аавынхаа гаргадаг байсан онцгүй үйлдлийг хүүхэд насандаа жигшдэг байсан. Гэтэл одоо өөрийн мэдэлгүй өөрөө тэр үйлдлийг гаргаад байна. Болохгүй гэж бодсон ч өөрийгөө хянаж чадахгүй байна" гэсэн насанд хүрэгчид их ирдэг. Энэ бол тухайн хүний ухамсаргүйд нь байгаа үйлдэл. Ухамсаргүй гэдэг нь хүний ухамсрын бүтцийн 95 хувийг эзэлдэг. Тэгэхээр хүн хүссэн хүсээгүй ухаргүйгээрээ удирдагдаад байгаа гэсэн үг. Ухамсаргүйд байгаа тэр мэдээллүүд тухайн хүний бага насны ой дурсамжууд гэж ойлгож болно.
Хамгийн гэнэн цагаахан, бүх зүйлд итгэдэг, чин сэтгэлээсээ хайрладаг, инээдэг, уйлдаг хүн бол хүүхэд. Тиймдээ ч цагаан цаасан дээр толбо тогтох нь амархан.
-Архи уухгүй ч гэсэн хоорондоо үргэлж маргалдаж, хэрэлддэг бол хүүхдэд яаж нөлөөлөх вэ?
-Эцэг, эх нь хоорондоо таарамжгүй харилцаатай байх нь хүүхдийн сэтгэл зүйг маш ихээр гэмтээдэг. Гэтэл эцэг эхчүүд үүнийг би хүүхэдтэйгээ сайхан харьцаж, хүүхдээ хайрлаж байгаа юм чинь асуудалгүй гэж ойлгоод байдаг. Гэтэл хүүхэд эцэг, эх өөр хоорондоо чангахан дуугаар ярихад гэмтэл авч байдаг. Тэр бүү хэл хүүхдийнхээ хажууд уйлах нь хүртэл маш том цохилт өгч, сэтгэл зүйд нь гэмтэл бий болгож байдаг гэдэг судалгаа ч байдаг. Тэгэхээр хүүхдийнхээ хажууд архи уух, хэрэлдэж, маргалдах нь хүүхдийн сэтгэлзүйд маш их айдас, түгшүүрийг бий болгож байдаг. Айдас гэдэг нь аав, ээж өнөөдөр битгий архи уугаасай, битгий хэрэлдээсэй гэсэн бодол. Энэ айдсыг бага насандаа авсан хүүхэд том болоод тодорхой шалтгаангүй байхад яг тэр айдсаа мэдрээд байдаг энэ бол түгшүүр. Аав, ээж нь архи ууж, хэрэлдэж маргалдахаа больчихсон. Өөрөө том болоод амьдрал зохиочихсон хэр нь л утас дугарахад цочиж, юунаас айгаад байгаагаа мэдэхгүй тайван бус түгшүүртэй байгаад байдаг. Энэ бол сэтгэл түгшил. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдэдээ насан туршийн айдас, түгшүүрийг өгч сэтгэл зүйн асуудалтай нэгэн болгож байгаагаа мэддэггүй.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 1 сарын 17-нд батлагдсан бөгөөд 9 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлээд буй.
Тус хуульд эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн хажууд архи, согтууруулах ундаа хэрэглэх эсвэл хэрэглэсэн үедээ хүүхдийн байгаа орчинд нэвтэрч болохгүй гэх утгатай заалтыг оруулжээ. Мөн хүүхдийн нэр төрд халдсан зураг, дүрсийг олон нийтийн сүлжээгээр цацахыг хориглосон байна.
Тодруулбал, тус хуулийн гуравдугаар бүлэгт дараах заалтуудыг оруулжээ.
- 22.6.Эцэг, эх хүүхдийн эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зургийг бусдад дамжуулах, цахим орчинд байршуулахыг хориглоно.
- 22.8.Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно.
Хуулийг зөрчвөл Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар шийтгэх аж.
Зөрчлийн хуульд энэ төрлийн хэрэг үйлдвэл “хүнийг нэг зуун нэгжтэй /100,000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
Харин эрүүгийн хуульд:
- “дөрвөн зуун тавин нэгжээс/450,000/ хоёр мянга долоон зуун нэгжтэй/2,700,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
- Хэрэв хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс/5,400,000/ хорин долоон мянган нэгжтэй/27,000,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Хүүхэд нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!