Коронавирусний халдварын гурав дахь давлагаа БНСУ-ын нийслэлд эхэлсэн гэж Сөүл хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны төлөөлөгч Юн Тэ Хо мэдэгджээ.
"Одоогийн байдлаар нийслэлийн бүсэд халдварын гурав дахь давлагаа гарч байна гэж бид үзэж байна" гэж тэрбээр онцлоод, энэ нөхцөл байдалд эрх баригчид зайнаас харилцах хязгаарлалтын түвшнийг ахиулах боломжийг судалж байгааг нэмж дурдсан байна. Түүний мэдээлснээр, өнгөрсөн хоногт Сөүлд 218 шинэ тохиолдол илэрсэн нь наймдугаар сарын эхэн үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад нийтдээ 363 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 30 017 болжээ.
Өмнөд Солонгосын Засгийн газрын тэргүүн мөн компаниудын удирдлагуудад хандан гэрээсээ ажиллаж буй ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлэх, ажил тарсны дараа хамт олны арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг хүссэн байна. Тэрбээр арванхоёрдугаар сарын 3-нд товлогдсон төрийн албан хаагчдын нэгдсэн шалгалтад оролцогчдын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар бүх хүчээ дайчлан ажиллана гэж амлав.
“Хэрэв бид одоо л коронавирусний халдварын тархалтыг хумьж чадахгүй бол бидний харьцангуй тайван өдөр тутмын амьдрал дахин хязгаарлалттай тулгарна" гэж Ерөнхий сайд нэмж хэлжээ.