О.Батнайрамдал: “Боловсролын зээлийн сан“-д бодлогын реформ хийж, татвар төлөгчдийн мөнгөөр байгуулагдсан уг тусгай санг эрүүл тогтолцоонд нь оруулах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 21 секунд

УИХ-ын гишүүн, БЗС-гийн журмын шинэчлэлд санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдалтай ярилцлаа.

-Энэ онд 33.6 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт санд төвлөрөх ёстой-

-БЗС-гийн эргэн төлөлтийн явцын дүн ямар байгаа вэ? Энэ жил сангийн төсөв хэдэн төгрөгөөр батлагдсан бэ гэдгээс яриагаа эхэлье?

-Зөвхөн гадаад зээлийн эргэн төлөлтийг авч үзэхэд 2024 онд 2.4 тэрбум төгрөг байна. Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 785 төгрөг л санд эргэж төвлөрсөн байдалтай байна. Нийт дүнгээр нь авч үзвэл 360 орчим тэрбум төгрөгийн асуудал энд яригдахаар байгаа. Эргэн төлөлтийн дүн маш хангалтгүй.

Өөр нэг шалтгаан нь сангаар дамжиж гадаад, дотоод гэсэн хоёр төрлийн зээл олгогддог. Гэтэл дотооддоо суралцахаар оюутны хөгжлийн зээл авсан хүүхдүүдийн мөнгө харьцангуй эргэн төлөгдөж байгаа хэр нь гадаад зээл дээр царцсан байдалтай яваад байдаг.

-Шалтгаан нь юу юм бэ?

-Дотоод зээл эргэн төлөгдөхгүй байгаа тохиолдолд тухайн зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны чанаргүй зээлийн ангилалд оруулчхаж байгаа юм. Гэтэл гадаадад суралцахаар зээл авсан хүмүүст энэ систем тэр бүр үйлчлэхгүй байгаа нь ялгамжтай байдлыг илт бий болгосон хэлбэр юм.

Нөгөө талд зээлдэгч нарын ухамсрын асуудалд ч энд яригдана. Өөрөөр хэлбэл арилжааны банкуудаас хэрэглээний зээл авчхаад эргэж төлөхгүй бол банк шат шатны арга хэмжээг хуулийн дагуу хүчээр авдаг. Зээлдэгч нар ч зээлээ хамгийн идэвхтэй төлдөг. Атал БЗС-гийн хөрөнгө бол цэвэр татвар төлөгчдийн мөнгө гэдгийг ухамсарлах ёстой. Хатуухан хэлэхэд татвар төлөгчдийн мөнгөөр суралцчихаад буцааж төлөх болохоороо гар татдаг, хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлдэг. Зээлээс чөлөөлөгддөг зэрэг асуудлууд өнгөрсөн хугацаанд хавтгайрсан байгаа юм.

Хэрэв гадаад, дотоодын их дээд сургуульд зээлээр суралцсан бүх хүнд ижил тэгш хариуцлагын систем үйлчлээд ирвэл нэг талаас Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх ажил эргэн төлөлтийг идэвхжүүлэх, зээлдэгч нарыг хариуцлагажуулах нөхцөл бүрдэхээр байгаа. Харамсалтай нь өнөөдөр хяналт, хариуцлага, сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэхээс нааш энэ ужгирсан байдал арилахгүй.

Сангийн энэ оны батлагдсан төсөв 158.4 тэрбум төгрөг. Энэ жилийн төсвийг батлахдаа нэг гол зохицуулалтыг оруулсан нь төсвөөс 33.6 тэрбум төгрөгийг нь БЗС-гаар өмнө нь олгогдсон зээлийн эргэн төлөлтийг буцаан төвлөрүүлэх замаар тооцсон байгаа.

Тэгэхээр энэ оноос эхлээд сангийн төсөв батлагдсан хэмжээндээ хүрч байж цааш сангийн зээл олголт буурах, өсөх эсэх нь шалтгаална. Товчхондоо зээлдэгч нараас сан авлагаа барагдуулж чадахгүй бол тэр хэмжээний алдагдалтай үйл ажиллагаа явуулна л гэсэн үг.

-Боловсролын сайдад БЗС-гийн эргэн төлөлт ямар байдалтай байгаа, бодлогын ямар арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар та өнгөрсөн намрын чуулганы үеэр асуулга тавьж байсан санаж байна. Асуулгын хариугаа авсан уу?

-Тийм. Энэ оны нэгдүгээр сарын 07-нд салбарын сайдад хандаж асуулга тавьсан. БЗС-гийн эргэн төлөлтийн мэдээллээс гадна оюутан залуучуудад ялгавартай үйлчилж байгаа тогтолцоог хэрхэн засаж шинэчлэх тухай бодлогын шийдлийг нь сонсохыг хүссэн. Ирэх долоо хоногт УИХ дахь Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанд Сайд П.Наранбаяр биечлэн оролцож, танилцуулах ёстой юм.

-Оюутны зүгээс харж бичигдсэн журам өнөөдрийг хүртэл гарч үйлчилсэнгүй-

-БЗС-гийн журамд ямар шинэчлэл хийгдэх вэ, ажлын хэсгээс санал дүгнэлтээ тусгуулахаар хэрхэн ажиллаж байна?

-Нэгдүгээрт, төлбөр барагдуулах шаардлагатай зээлдэгч нарын мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд ялгамжгүйгээр тэгш байдлаар бүртгэх ёстой. Ингэж байж эргэн төлөлт сайжрах үндэс болно. Мөн татвар төлөгчдийн мөнгө таны насан туршийн боловсролын нэг том хөшүүрэг болж байгаа бол эргэж заавал төлдөг байх үүргээ ухамсарлах ёстой. Үүний тулд компанит ажлуудыг зохион байгуулах шаардлагатай.

Ирэх тавдугаар сард энэ оны сонгон шалгаруулалт эхэлнэ. Үүнээс өмнө шинэ журмыг баталж, залуучуудад аль болох тодорхой, ойлгомжтой байдлаар үйлчлэх хэрэгтэй. Энэ хүрээнд ойрын хугацаанд БШУСБХ-ны хурлаар журам боловсруулахад санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг саналуудаа Боловсролын яам руу хүргүүлэх төлөвлөгөөтэй байна.

Гол асуудал нь сонгон шалгаруулалтыг ямар байдлаар зохион байгуулах, ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллах, оюутан залуучуудад зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаарх мэдээллийг чанартай хүргэх, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн үнэ цэнийг ойлгуулах явдал чухал юм.

-БЗС-гийн журамд гадаадад суралцаад ирсэн оюутан дотооддоо төрийн байгууллагад 5 жилт тогтвортой ажилласан тохиолдолд зээлээс чөлөөлөгддөг заалт үйлчилдэг. Зээлийг замхруулж, төрд л өр бичигдэж ирсэн энэ заалтыг өөрчлөх үү, яавал татвар төлөгчдийн мөнгө үр ашигтай, эрсдэл багатай санд эргэлддэг болох юм бэ?

-Өнөөдрийг хүртэл үйлчилж ирсэн журам 27 хуудас байна. Үе үеийн сайд нар маш олон удаа өөрчлөлтүүдийг оруулсаар байгаад хүнээр яривал хоёр өөр гартай, хоёр өөр нүдтэй болгочихсон буюу танигдахын аргагүй болгочихсон гэсэн үг.Сайд бүхэн сангийн журамд өөрчлөлт оруулахдаа үндэслэсэн байдалдаа баахан ишлэлийг татчихдаг. Дараа дараагийн сайд нарын гараар мөн ингэж дамжсаар байгаад юу ч биш болгочихсон байгаа юм.

Зарчмын хувьд БЗС-гийн журмыг цоо шинээр бичих хэрэгтэй. Учир нь хэрэглэгч нь өөрөө суралцагч шүү дээ. Гэтэл одоогийн журам оюутны зүгээс харж боловсруулагдсан журам биш гэж харахаар болхи байгаад байгаа юм.

Өөр нэг зүйл нь сонгон шалгаруулалт явуулахдаа дэлхийн зөвхөн топ сургуулиудын эрэмбийг хардаг байсан бол одоо оноожуулалтын системийг оруулж илүү хүртээмжтэй болгох шаардлагатай байна. өөрийнхөө ур чадвар, хичээл зүтгэлээрээ тэтгэвэл авч байгаа оюутнуудыг илүү урамшуулдаг, дэмждэг байх нь зөв гэж үзэж байна. Илүү нарийвчилсан заалтуудыг ямар байдлаар оруулж өгвөл оюутан залуучуудад илүү ойлгомжтой, үр өгөөжтэй байх тухай асуудлыг зөвлөмжид тусгана гэсэн төлөвлөгөөтэй ажлын хэсэг ажиллаж байна.

-"Боловсролын зээлийн сан" гэсэн нэрээс нь авахуулаад зориулалт, чиглэлийг нь тодорхой болгох шаардлагатай-

-БЗС-ийн хөрөнгийн хэдэн хувь нь тэтгэлэг болон буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдож ирсэн байдаг вэ? цаашид зориулалтын хувьд ангилах уу?

-БЗС-гийн нийт санхүүжилтийн 35 орчим хувь нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг рүү ордог. Үүнд бакалаврын болон зарим цөөн хэсэгт магистр, докторын сургалтууд багтдаг. Буцалтгүй тусламжийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл хагас болон бүтэн өнчин, зорилтот хэсгийн хүмүүст хүрдэг. Эдгээрийг тус бүрийнх нь ялгаа заагийг журмын зохицуулалтаар гаргаж, ил тод нээлттэй, шударга болгох нь хамгийн чухал.

Угтаа Боловсролын зээлийн сан гэж яриад байгаа боловч 86 орчим хувь нь тэтгэлэг, буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдож ирсэн байдаг. Бодит зээлийн хэмжээ нь 10-15 хувийг л эзэлж байгаа юм.

Энэ утгаар нь авч үзэхээр БЗС гэсэн нэр нь өөрөө буруу болж таарахаар. Тиймээс цаашид нэрээс авхуулаад зориулалт, чиглэл, зорилт нь илүү тодорхой болох шаардлага буй. Ганц л зүйлийг хэлэхэд Боловсролын зээлийн сан бол татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрдсэн тусгай сан. Эцэст нь хэлэхэд энэ санд нэрээс нь эхлээд бодлогын реформ хийгдэх ёстой гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа

“Найман шарга“ төвд ам.доллар 3495, юань 484 төгрөгтэй тэнцэв
“Найман шарга“ төвд ам.доллар 3495, юань 484 төгрөгтэй тэнцэв
 
Тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцлээ
Тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцлээ
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!