МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт маргаан дагуулж эхэллээ. Нэр бүхий хуульчид Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, Цэцэд хандав. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн зургадугаар бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.8-т “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж, холбогдох шийдвэрийг гаргахыг Үндсэн хуулийн цэцээс хүсэв. Хачирхалтай нь, энэхүү гомдолыг Үндсэн хуулийн цэц 2008 онд хэлэлцэж, УИХ-ын эсрэг шийдвэр гаргаж байсан юм.
Эргэн сануулбал, Иргэн М.Батсуурь, Ч.Өнөрбаяр, Б.Болд нар Цэцэд хандав. Тэд “УИХ-аас 2005 оны 12 дугаар сарын 29-нд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.4-т “Нэр дэвшигч нь …дараах шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3-т “ялгүй байх” гэсэн ойлголтыг тодорхойлсон. Энэ нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрх чөлөө, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 16 дугаар зүйлд ”Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 9 дэх хэсэгт “…төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэснийг зөрчиж байна. Учир нь, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасан “ялгүй байх” гэсэн алдаатай шинэ томъёолол нь Дээд шүүхээс 2008 оны гуравдугаар сарын 31-ний 16 тоот тогтоолын 12 дахь заалтад “Ялгүй байх гэдгийг Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан “ялгүйд тооцох”, “ялгүй болох” гэсэн ойлголтуудтай адилтгаж үзэх үндэслэлгүй тул үүнийг өмнө нь огт “ял шийтгүүлж байгаагүй гэнэ” хэмээн буруу тайлбар гарах нөхцлийг бүрдүүлсэн. Энэ нь Монгол Улсын иргэн бүх насаараа ялтай үр дагаварыг бий болгоод зогсохгүй социалист эрүүгийн хуулиар гэмт хэрэг хэмээн үзэж байсан үйлдэл, эс үйлдэхүйг хийж ял шийтгүүлсэн болон эсхүл огт гэмт хэрэг хийгээгүй мөртлөө хилсээр ял шийтгэгдсэний төлөө өнөөдөр Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэнийхээ үндсэн эрх, эрх чөлөөг эдэлж чадахгүйд хүрч байна. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж байна. УИХ нь Үндсэн хуулийн дээрх заалтын дагуу Монгол Улсын иргэн үндсэн эрх, эрх чөлөөгөө саадгүй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой бөгөөд ингэхдээ Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээнд захирагдаж, түүний агуулгаас гажиж болохгүй байдаг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагад “сонгогдох” эрхийг зөвхөн хуулиар “нас”-ны хязгаарлалт тогтоохоор зохицуулсан байтал УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид “ялгүй байх” гэсэн Үндсэн хуульд заагаагүй шаардлага тавьснаар Үндсэн хуулийн агуулгаас хальж, иргэнийхээ “сонгогдох эрх”-ийг хасч, тэдний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 9, 19 дүгээр зүйлийн 1-ийг тус тус зөрчсөн болохыг тогтоож өгнө үү” хэмээн Цэцэд хандаж байжээ.
Үндсэн хуулийн цэц дээрх заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, хүчингүй болгож, УИХ-ын эсрэг шийдвэр гаргасан юм. Харин энэ удаад Үндсэн хуулийн цэц өмнөх шийдвэрээ бататгах уу, эс бөгөөс МАХН-ын дарга Н.Энхбаярт сонгогдох эрхийг нь олгох уу гэдэг хүндхэн сорилттой тулгарлаа.