Урт өвлийн турш утаагаар амьсгалж, эмээр хооллож өвөлжсөн нийслэлчүүд сая нэг угаарт улирлынхаа ард нь гарч, урин дулаан өдрүүдэд хүүхэд хөгшидгүй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн хөл хөдөлгөөн багатай үе болох өдрийн цагаар л гэхэд хүүхдийн тэрэг энд тэндгүй харагдана. Тэрэг бүрт төрөөд удаагүй өлгийтэй нялхас унтаж буй. Дэргэд нь амаржаад удаагүй, нялх биетэй ээжүүд нь агаарлаж сууна. Ажлын өдрийн үд дунд учраас хөл хөдөлгөөн бусад үеэс багатай. Өдрийн энэ цагаар цэцэрлэгт хүрээдэнд ихэвчлэн хүүхэд хөгшид байх аж. Агаар салхи бараадсан хүн бүр л цэцэрлэгт хүрээлэнг хотын “уушги” хэмээн бодож, хаа холоос зорьж ирнэ.
Энэ гэр бүл Нисэхэд амьдардаг. Эхнэр нь амаржаад сар гаруй болж байгаа. Нялх хүүхдээ агаарлуулахаар наашаа зорьж ирсэн гэнэ. “ Манай тэр хавь дуу чимээ ихтэй, машины хөл хөдөлгөөн их болохоор нялхыгаа цэвэр агаарт гаргах гэж долоо хоногт ядаж 2 удаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж байя гэж зорьдог. Хүү маань одоо 1 сар гарантай. Энд ирэхээрээ бөх унтдаг. Гэхдээ ойрын үед энд мод тарьж байгаа бололтой. Энд тэнд шороо ухчихсан болохоор салхитай өдөр шороо бужигнах нь жаахан хэцүү байгаа. Ажлын өдөр өдийд /15 цаг орчим/ ирэхэд хүн багатай аятайхан байдаг юм” хэмээн эхнэр нь ярив.
Цэцэрлэгт хүрээлэнгийн агаар зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тоосжилттой
Яг энэ гэр бүл шиг хүүхдэдээ хэсэгхэн ч болов цэвэр агаар амьсгалуулъя хэмээн хаа холоос зорьж ирэх иргэд олон. Гэтэл иргэдийн цэвэр агаартай хэмээн итгэж, зорин зорин ирдэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хаврын улиралд агаарын чанарын стандартаас давсан хэмжээний тоосжилттой байдаг аж.
Хачирхалтай нь иргэдийн цэвэр агаар бараадаж ирдэг, ил задгай хоолны үйлчилгээ үзүүлдэг энэ газарт агаарын чанарыг хэмждэг автомат харуулыг байршуулаагүй байдаг. Тиймээс зөвхөн иргэд гомдол гаргасан тохиолдолд Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас явуулын төхөөрөмж авч ирж агаарын бохирдлын хэмжилтийг хийдэг гэнэ. Иргэдийн гомдлын дагуу энэ сарын 10-ны өдөр тус газраас хийсэн хэмжилтээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн агаарын тоосжилт зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарсан тухай Нийслэлийн агаарын орчны бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Н.Энхмэнд мэдээлэв.
Тэрбээр “pm10” буюу хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй тоосонцорын хэмжээ 102 микро граммыг заасан. Агаарын чанарын стандарт нь 100 микро грамм байдаг. Гэхдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Зайсан хавь бол агаарын чанарын үзүүлэлт хамгийн бага буюу харьцангуй цэвэр байдаг хэсгүүд. Тоосжилтын улирал таарсан учраас хааяа ингэж өндөр үзүүлэлттэй гарах тохиолдол бий. Үүнийг байнга ийм байдаг гэж ойлгож болохгүй” хэмээв.
Байнга стандартаас давсан хэмжээний тоосжилттой байхгүй ч гэлээ иргэд, олон нийт цэвэр агаартай хэмээн нялх нярай хүүхдээ авч ирж агаарлуулдаг газар дэлхийн агаарын чанарын стандартаас давсан хэмжээний тоосжилттой байна гэдэг хүлээн зөвшөөрч боломгүй.
Д.Өнөрбат: Гэр хорооллууд жилийн 4 улиралд агаарын чанарын стандартаас давсан бохирдолтой байдаг
Улаанбаатар хотын агаарын чанарыг Цаг уур орчны шинжилгээний газраас нийт 19 байршилд агаарын чанарын автомат харуулыг суурилуулан хэмждэг байна. Цаг уур орчны шинжилгээний газрын Агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат “Хотын зах, гэр хорооллууд жилийн 4 улиралд агаарын чанарын зөвшөөрөглөх хэмжээнээс давсан бохирдолтой гэж гардаг. Хүйтний улирлаас бусад үед хотын урд хэсэг буюу Зайсан, Богдын музей хавиар агаарын чанар стандартаас давдаггүй. Харьцангүй цэвэр агаартай байдаг” гэв. Өвөл дуусвал хотын агаар цэвэр болдог, ядаж л хүний эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээний аюултай байхгүй хэмээн иргэд бид боддог. Гэтэл жилийн 4 улирлын турш зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан их хэмжээний тоосоор амьсгалж амьдардаг байх нь.
Тоосонцор уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог
4 улирлын турш бидний амьсгалж байгаа тоосонцор хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
“10 микрометрээс бага хэмжээтэй тоосны нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог. Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд тоосонд мэдрэмтгий байдаг. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй” ЦУОШГ-ын албаны цахим сайтад тоосонцорын хүний эрүүл мэндэд нөлөөлөх хор уршгийг хавсаргажээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн бут сөөг бие засах газар болсон уу?
Энэ залууг Бат-Ирээдүй гэдэг. Удахгүй болох “Улаанбаатар марафон”-ны 21 км ангилалд гүйхээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйх бэлтгэл хийж буй. Түүний хэлж буйгаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн асуудалтай тал нь бие засах газар гэнэ. Тэрбээр “Бэлтгэл хийж байгаа учраас өдөр бүр 1-2 цагийг энд өнгөрүүлдэг. Өдрийн цагаар хүн багатай болохоор ч юм уу бие засах газрууд нь цоожтой байдаг. Хааяа нэг онгорхой байж таардаг ч маш бохир байдаг” хэмээв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн асуудалтай тал нь юу гэх асуултад энд таарсан иргэдийн ихэнх нь бие засах газар хэмээв. Энд нийт 4 нийтийн бие засах газар иргэдэд үйлчилдэг хэдий ч өдрийн цагаар бол ихэнх нь цоожтой байдаг гэнэ. Харин хөл хөдөлгөөн ихтэй үед 4 бие засах газарт нь урт дараалал үүсдэг аж. Хүрээлэнгийн цэцэрлэг дундах дугуйн замын хажуухан талд, бутны дэргэд хүндээр бие засаад, ариун цэврийн цаасаа хажууд нь орхичихсон дүр зураг ч харагдах аж. Бие засах газрын хүрэлцээгүй байдлаас үүдэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэрлэг зарим үед бие засах газар болон хувирдаг болох нь энэ дүр зургаас харагдана.
Цэцэрлэгт хүрээлэнд 40 ТҮЦ ажиллаж байна
Дэлхийн бусад улс орнуудын цэцэрлэгт хүрээлэн иргэдийнх нь амарч зугаалах, стресс ядаргаагаа тайлж, хотын нүргээнт амьдараас түр ч болов амсхийх орчин болдог. Гэтэл манай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ил задгай шорлог хийж, утаа май тавин, стандартаас давсан хэмжээний тоосонцор дунд хоолны задгай талбайд иргэдэд хоолоор үйлчилдэг. Цэцэрлэгт хүрээлэнд бус худалдааны зах дээр явж буй мэт зайрмагны ТҮЦ, төрөл бүрийн тоглоом, дартс гээд иргэдэд амар амгаланг бус харин хөл толгойгүй бужигнасан мэдрэмжийг өгдөг нь нууц биш.
Үндэсний цэцэрлэгт хүрэлэнгийн албан ёсны хуудсанд байршуулсан мэдээлэлд “2010 оноос хойш иргэд ТҮЦ, шорлог, зайрмагийн худалдаа, хүүхдийн тоглоом, дугуйн түрээс ажиллуулж ирсэн. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, иргэн \компани\-ийн гурван талт гэрээ хийж, түрээсийн төлбөрөө Нийслэлийн төрийн санд тушаадаг. Одоогийн байдлаар гурван талт гэрээтэй буюу 40 ТҮЦ, 3 хөөсөн чихэр, 10 зайрмаг, 13 хүүхдийн тоглоомын үйлчилгээ, 2 дугуйн түрээс, 7 дартс ажиллаж байна. Бид 2021 оноос эхлэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд нэгдсэн стандарт тогтоон, хяналт шалгалтаа чангатган хамтран ажиллаж байна” гэжээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэзээ дэлхийн бусад орны цэцэрлэгт хүрээлэн шиг иргэддээ амар амгалан, цэвэр агаар мэдрүүлсэн стандартын шаардлага хангасан жинхэнэ цэцэрлэгт хүрээлэн болох вэ? Цэцэрлэгт хүрээлэн үү хар зах уу?
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!