
Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарахаа зарлаж, Ерөнхий сайд өөрт итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлсэн асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар үр дүнтэй ажиллаж байсан. Харин цаашид МАН дангаараа Засгийн газраа байгуулах эсэх асуудлаар МАН-ын Бага хурал хуралдсан. Ингээд бага хурал 2024 оны долоодугаар сард Хамтарсан Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэрээ эргэж харж хүчингүй болгосон. УИХ хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж өгсөн. Ингэхдээ иргэдийн саналыг гээгдүүлэхгүй хэлбэрээр ЗГ-ын мөрийн хөтөлбөрт АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрөөс тодорхой ажлуудыг тусгасан.
Гэтэл АН итгэл хүлээлгэсэн ч засгаас гарна гэдгээ түрүүлээд шийдчихсэн. Үүсэх гол асуудал нь ЗГ-ын дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгуулсан өөрсдийнхөө ажлуудыг цаашид хэрхэх вэ. Засгийн газар магадгүй парламентад цөөнхийн суудалтай ИЗНН, Үндэсний эвсэлтэй хамтарлаа гэхэд тэд АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү гэдэг асуудал үүснэ. Ер нь ЗГ-т орж ажиллах ямар ч улс төрийн нам өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг тусгуулахыг зорино шүү дээ.