Сүүлийн үед тархинд цус харвалтаас шалтгаалсан нас баралт элбэгшиж, залуужиж байгаа нь олон нийтийн санааг зовоож буй юм. Үүнтэй холбоотойгоор УГТЭ-ийн Харвалтын тасгийн их эмч С.Дэмбэрэлдоржтой ярилцлаа.
-Цус харвалтаас үүдэлтэй нас баралт залуужиж буйн шалтгаан юу вэ. Залуугаараа харвах, унтаад сэрэхгүй байх тохиолдол их байна?
-Тархины харвалт нь маш хоруу явцтай, нас баралт өндөртэй, хөдөлмөрийн чадвар алдагдуулдаг эмгэг. Харвалтын шалтгаануудын нэгдүгээрт цусны даралт ихсэх, зүрх судасны эмгэгүүд болон амьдралын буруу хэв маягууд багтаж байна. Тухайлбал, архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт, таргалалт, хөдөлгөөний дутагдал, давсны өндөр хэрэглээ нь харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Эдгээр хүчин зүйлсээс зайлсхийж чадвал харвалтаас бүрэн сэргийлж чадна. Түүнчлэн харвалтад судасны гаж хөгжил нөлөөлж байна. Тиймээс бид харвалтад өртөхгүйн тулд амьдралын зөв хэв маягт суралцаж, идэвхтэй хөдөлгөөн хийх шаардлагатай. Мөн хорт зуршлуудаас зайлсхийж, судасны гаж хөгжил байгаа эсэхийг тодруулахын тулд судасны оношилгоог цаг тухайд нь хийлгэх шаардлага үүсэж байна.
-Амьдралын буруу хэв маягт ямар зуршлууд багтах юм бэ?
-Нэгдүгээрт архи, тамхины хэрэглээ, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхгүй байх, илүүдэл жин, давсны хоногийн хэрэглээ их байх болон стресс нь буруу хэв маягт тооцогдож байна.
-Та яриандаа судасны гаж хөгжлийн талаар ярилаа. Энэ нь юунаас шалтгаалж үүсэх вэ?
-Тархины артерийн судсан дээр цүлхэн байх эсвэл артер венийн судасны гажиг байх зэрэг нь төрөлхийн ба олдмол гэсэн хоёр ялгаатай. Тиймээс судасны эмгэг байгаа эсэхийг харвалт болохоос нь өмнө мэдээд эрсдэлийг үгүй болгочихвол харвалт өгөхгүй байх бололцоотой.
Иргэдийн дунд судасны гаж хөгжил нь оношлогдохгүй явсаар байгаад харвалт өгсний дараа оношлогдоод байна.
-Хүн өөрийгөө харвах гэж байгааг урьдчилж мэдэх боломжтой юу?
-Харвалтын эрт үеийн шинж тэмдэг гэж бий. Барьж байгаа зүйлээ алдаж унагах эсвэл нүүр нь муруйгаад нэг тал дээрээ гарах, юм уухаар амных нь хажуугаар гардаг, хэл ам нь ээдрэх, явахаар тэнцвэр алдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол цаг алдалгүй 103-т хандаж, эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Харвалтыг эрт оношилж чадвал хор уршиг нь багасна.
-Мөн даралт ихсэх өвчтэй хүмүүс даралтны эм уух байдлаар аргалаад байдаг. Энэ нь хэр зөв алхам бэ, аргалж явсаар байгаад харвалтад нөлөөлж байна уу?
-Нэгэнт даралт ихсэх өвчтэй гээд оношлогдсон бол даралтны эмээ тогтмол уух нь зүйтэй. Даралт ихэсдэг л бол зориулалтын эмийг уухаас өөр сонголтгүй. Ингэж даралтаа хэвийн хэмжээнд нь барьж байж дараагийн хүндрэлүүдээс сэргийлж чадна. Өөрөөр хэлбэл тархины харвалт, зүрхний шигдээсээс сэргийлнэ гэсэн үг.
Түүнчлэн, харвалтаас гадна зүрхний шигдээсийн өвчлөл залуужиж буйтай холбогдуулан УГТЭ-ийн Зүрх судлалын тасгийн их эмч Ц.Цолмонгоос тодрууллаа.
-Эмч Ц.Цолмон: ДАРАЛТ ИХТЭЙ БОЛ ЭМЭЭ ТОГТМОЛ УУХ БУЮУ ДАРАЛТАА 120/180-ААС ХЭТРҮҮЛЭХГҮЙГЭЭР БАРИХ ЁСТОЙ-
Их эмч Ц.Цолмон "2023 онд 46 улс орны 13 мянган хүнийг хамруулсан судалгаагаар архи, тамхи зэрэг нь ойрын 10 жилд зүрх, судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг 50 хувиар нэмэгдүүлэх нь тогтоогдсон. Хэрвээ бид зүрх, судасны өвчин, тархины цус харвалт, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэхийн тулд хувь хүн өөрөөс шалтгаалах арга хэмжээг авах ёстой.
Өөрөөр хэлбэл, идэвхтэй хөдөлгөөн хийх, хоолны дэглэм барьж, цусан дахь өөх тосны хэмжээгээ тааруулах, таргалалтаас сэргийлэх шаардлагатай байна. Мөн даралт ихтэй бол даралтны эмээ тогтмол уух буюу даралтаа 120/180-аас хэтрүүлэхгүйгээр барих ёстой. Эдгээр арга хэмжээг авсан тохиолдолд ойрын 10 жилд зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг 50 хувиар бууруулах боломжтой.
Иргэдийн дунд нэг буруу ойлголт байдаг нь "Цус өтгөн байна" гээд хэлэхээр цус шингэлэх эм ууя, өөх тос бууруулдаг эм ууя л гээд байдаг. Харин хөдөлгөөн сайн хийж, илүүдэл өөх тос, сахараа бууруулъя гэж ярьдаггүй. Аливаа өвчлөл ганцхан эм ууснаар эдгэрэхгүй.
Жишээлбэл, ходоодны эмч нар "Эм бол 10 хувь, хоолны дэглэм 90 хувь" гэж үздэг. Үүнтэй адилхан буюу эм 10 хувь, хувь хүнээс шалтгаалах амьдралын хэв маягаа өөрчлөх нь 90 хувь гэсэн үг. Хамгийн сүүлд Монгол Улсад хийгдсэн судалгаагаар 18-аас дээш насныханд артерийн даралт нь 130/180-аас дээш байдаг хүмүүс 23 хувийг эзэлсэн. Эдгээр хүмүүсийн 70 гаруй хувь нь даралт ихсэх өвчтэй ч огт эм уудаггүй. Ердөө 12 хувь нь л эмээ тогтмол ууж, өөх тос, сахарын хэмжээгээ бууруулах арга хэмжээг авдаг.
Тийм учраас Монгол Улсад тархины харвалт 23 хувь, зүрхний шигдээс 44 хувьтай байсаар л байна. Дэлхий дээр зүрх судасны өвчин нь халдварт бус өвчний 1/3-ийг эзэлж байгаа гэх судалгааны дүн бий" гэлээ.
-"ЭРЭГТЭЙЧҮҮД БАГА ЗЭРГИЙН ЗОВУУРИЙГ ТООХГҮЙ ЯВЖ БАЙГААД ХҮНДЭРСЭН ХОЙНО НЬ ЭМНЭЛЭГТ ИРДЭГ"-
Мөн түүнээс иргэдийн эрүүл мэндийн боловсролын талаар тодруулахад "Хүйсийн ялгаа маш их байдаг. УГТЭ-ийн амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн 66 хувь нь эмэгтэй, 34 хувь нь эрэгтэй хүмүүс байдаг. Эрэгтэйчүүд хэнэггүй, боловсролгүйдээ биш л дээ. Ажил амьдралын зохицуулалт хэрэгтэй учраас бага зэргийн зовууриа өвчин намдаах эмээр дарах байдлаар эмнэлэгт ирдэггүй. Заавал хүндрэл болсон хойно нь ирж байх жишээтэй.
Жишээлбэл, манай эмнэлгийн Зүрх судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 68 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа. Эмэгтэй хүмүүсийн өвчлөл хүндрэхгүйгээр амбулаторид үзүүлээд, эмчлүүлчихдэг. Харин эрэгтэйчүүд үзүүлэхгүй явсаар байгаад хэвтэн эмчлүүлэх хэмжээнд хүрч байна" гэсэн юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!