СУРВАЛЖИЛГА: 1-200 сая хүртэл төгрөгийн үнэлгээтэй хөөрөг худалдаанд ЛИЗИНГ, 2-4 ХУВААН ТӨЛӨХ боломжтой төлбөрийн нөхцлүүд нэвтрээд эхэлжээ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
21 минут 5 секунд

Сар шинийн баяр гэлтгүй мэндлэх, хүндлэх ёсоо алдаагүй цагт эрчүүдийн сэдвээс өвөрмөц, чамин хийцээрээ нүд булаах хөөрөг гэгч хасагдахгүй нь лав. Ингэхдээ эдэлж хэрэглэж буйгаараа чамирхах гэхээсээ илүүтэйгээр ач холбогдол, өв соёл талаас нь харж сонирхох болсон талаар худалдаа эрхлэгчид ч хэлж байна. Тиймдээ ч монгол дархчуудын ур ухаан, нарийн мэдрэмж шингэсэн чамин хийцтэй хөөргөөр "гоёх" залуус сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Тэгвэл сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд хөөргийн үнэ ханшид цаг үеэ дагасан ямар өөрчлөлт бий болсон талаар сурвалжиллаа. Үүгээр дамжуулан иргэд сонголтдоо юуг чухалчилж байгааг ч хөндөх болно.

"Хөөрөгний үнэ 500 мянган төгрөгөөс эхэлж байгаа"

Урт цагаан, мөнгөн завьяа зэрэг худалдааны төв цэг болсон газруудад хөөрөг худалдаа элбэг. Мэдээж 50-500 мянга дотор үнэлэгдэх төсөр өртөгтэй хөөрөг худалдаалах газрууд ч их. Харин бид энэ удаа үнэт эдлэлийн чиглэлээр дагнан худалдаа эрхэлж байгаа дэлгүүр, лангуунд хөөргийн үнэ ямар байгааг тодруулахаар шулуудсан юм. Учир нь иргэд маань аливаад ач холбогдол өгөхийн хэрээр түүндээ үнэ, чанар хоёрыг нэгтгэн үздэг болсон цаг үе.

Ажлын өдөр хэр Урт цагааны гудмаар эгнэх дэлгүүрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй. Аргагүй сар шинийн баяр хаяанд ирж шүү ухааны юм бодсоор эхний дэлгүүрийн хаалга татлаа. Дэлгүүрт байгаа үнэт эдлэл дундаас хөөргөөр дагнасан хоёр л лангуу байх аж. Худалдагч "Хөөрөг 500 мянгаас эхэлж байгаа. Залуу хүмүүс барьчихаар хөөргүүд 400-450 мянган төгрөг гээд бий. Худалдан авалт тийм ч сайн биш байгаа" гэлээ.

-Энэ жил их биеэ авчихъя, ирэх жил толгойг нь авъя гэх хүмүүс ч ирдэг-

"Таван тансаг" үнэт эдлэлийн дэлгүүрийн захирал н.Цэцэгдэлгэр "Энгийн үетэй харьцуулахад худалдан авалт хийх хүмүүс нэмэгдсэн. Хийц ур, чулуу, өнгө үзэмж зэргээс шалтгаалаад үнэ харилцан адилгүй байгаа. Шүрэн толгойтой хөөрөг 8,9 сая төгрөгөөс дээш байгаа. Шүрэн биш толгойтой хөөргүүд 5 сая түүнээс дээш болон доош хэлбэлзэж байна.

Халтар мана, хаш хөөрөг л авъя гээд зориод ирж байгаа хүмүүс ч бий. Боломжтой хүмүүс нь шүрэн толгойтой гээд цогцоор нь аваад явж байна. Энэ жил их биеэ авчихъя, ирэх жил толгойгоо авъя гэх хүмүүс ч ирдэг. Боломж боломжоороо л авч байна даа" гэлээ.

Тэрбээр үргэлжлүүлэн "Би 2010 оноос хойш дэлгүүрээ байгуулаад ажиллуулж байна. Монголын өв соёлоо хадгалах маягаар аяга, шанага, эмээл, хөөрөг зэрэг өв тээх бүтээлүүдээр арилжаа хийж байна даа. Иргэд хөөрөгт ач холбогдол өгч худалдаж авах нь нэмэгдсэн. Сүүлийн үед эмэгтэйчүүд маань чамин тансаг ур хийцтэй хөөргүүдийг сонирхож авах нь ч нэмэгдсэн харагдаж байгаа.

Өв уламжилна гэдэг утгаараа "Ээжийн минь, аавын минь хөөрөг" гэж үр хойчдоо үлдээхийн тулд ач холбогдол өгч худалдан авах нь бий.

Эрт үеэс өвөг дээдэс маань хөөргөндөө авч холбогдол өгч, даалиндаа мөнгөнийхөө дээжийг хийдэг байсан. Энэ утгаараа эд буяныг хураах сав хэмээн нэрийдэх нь ч бий. Монгол дархчууд маань усанд бариад нарийн ур мэдрэмжээ гаргаж хийж байгаа шүү дээ.

Хөөрөг хамгийн дээд талдаа 100 гаран сая төгрөгтэй байгаа. 200,300 сая төгрөгийн үнэтэй хөөрөг ч байдаг. Хүний хэрэгцээ юм хойно 1 саяас 100 сая хүртэл төгрөгийнх ч байна шүү дээ" гэлээ.

"Шүрэн толгой, алтан нугатай цагаан хаш хөөрөг 150 сая төгрөг. Худалдаж авбал хөөрөгний батламж дагалдана"

Урт цагааны замын урдхан талд "Хөөрөг" гэх дэлгүүрээр ороод гарлаа. Үнэхээр ч дэлгүүрийн үүдээр ороход тэр чигтээ хөөргийн "ертөнц" угтах аж. Хөөрөг түүний дагалдах хэрэглэлийг худалдан борлуулдаг гэдгээр нь иргэд ч эчнээ мэддэг болж. Тэр хэрээрээ худалдан авагчдын хөл тасрахгүй. Олон төрлийн өнгө Нарийн нандин хийц бүхий хөөргүүд шилэн хоргонуудад залрах аж. Биднийг орохтой зэрэгцэн нэгэн иргэн дэлгүүрийн төв хэсгийн шилэн хоргонд байрлах цагаан хаш хөөрөг дээр нүдээ унагааж, худалдагчтай ярилцан зогсоно.

Худалдагч бүсгүй "Цагаан хаш хөөрөг 150 сая төгрөгийн ханштай байгаа. Шүрэн толгой, алтан нугатай. Хаш хөөрөг нь өөрөө маш үнэ цэнтэй, үнэ нь жилээс жилд нэмэгдэж байгаа учраас та зарсан ч үнэ нь унахгүй гэсэн үг. Худалдан авсан тохиолдолд хөөрөгний мэдээллийг багтаасан батламж нь дагалдана. Мөн эзэмшигчийн мэдээллийг багтаана" гэж зөвлөв.

Эл дэлгүүрт нэг саяас 200 хүртэлх сая төгрөгийн хөөрөг худалдаалагдаж байлаа. Их, дунд гар болон нуганд агуулагдах алтны хэмжээ, шүрэн толгойн хэмжээ, хийцээс шалтгаалан үнэ харилцан адилгүй аж. Харин хариуцсан хүмүүсээс хөөрөг хэдээс хэд хооронд байгаа вэ гэж асуухад "Яг энэ хооронд гэж хэлэхэд хэцүү. Хүмүүс өөр өөрсдийн сонирхлоороо л хөөргөө худалдаж авдаг учраас үнэ ханшийг нь ил байдлаар тавьдаг" гэсэн юм.

-Хөөрөг худалдаанд ЛИЗИНГ, ХУВААН ТӨЛӨХ НӨХЦӨЛТЭЙ төлбөрийн нөхцлүүд ч нэвтэрчээ-

Иргэд ач холбогдол өгөхийн хэрээр үнэ ханш тал дээр ч худалдаачид уян хатан байдлыг хэдийнэ бий болгоод эхэлжээ. Үүний баталгаа нь лизинг, 2-4 хуваан төлөх боломжтой аппликейшнүүд ч нэвтэрчээ. 10-20 хувийн урьдчилгаатай хувь лизинг хийх худалдаачид байлаа. Энэ талаар "Таван тансаг" үнэт эдлэлийн дэлгүүрийн захирал н.Цэцэгдэлгэрээс асуухад "Манай салбарт энэ зүйл хэдийнэ нэвтрээд эхэлчихсэн. Манайх одоохондоо арай нэвтрүүлээгүй байна. Гэхдээ хүмүүс их асууж орж ирдэг. Тиймээс удахгүй төлбөрийн уян хатан нөхцөл бүхий энэ шийдлийг нэвтрүүлэхэд гэмгүй" гэж ярьж байлаа. Онлайнаар зар сурталчилгаагаа хийж буй борлуулагчдын худалдан авагчдаа татах гол өнцөг нь ч ЛИЗИНГ, ХУВААН ТӨЛӨХ НӨХЦӨЛТЭЙ төлбөрийн нөхцөл аж.

"Ганц сайхан хөөрөгтэй болчихъё гээд судалж явна. Дундаж үнэтэйгээс нь л сонгож авна даа"

Иргэн "Ер нь цагаан сар гэлтгүй хурим найр, наадам зэргээс гадна энгийн үеүдэд ч хөөрөг маш чухал санагддаг. Мэндлэх, хүндлэх соёлыг утга төгөлдөр болгож байдаг зүйл гэж хардаг. Тиймээс энэ жил ганц сайхан хөөрөгтэй болчихъё гээд судалж явна. Үнэ ханш яах вэ дээ. Бэлгэдлийг нь бодоод дундаж үнэ ханштайг нь сонгож авна л гэж бодож байна. Яг тулаад худалдаж авах гэхээр бэлгэдлийг нь сайн мэддэггүй юм байна. Тийм болохоор худалдагчтайгаа ч бас сайн ярилцаад сонгоно доо" гэв.

"Хэт их чамин бус энгийн хэр нь цэвэрхэн хийцтэйгээс сонирхож байгаад 3.5 саяар хөөргөө авлаа"

25 орчим насны болов уу гэмээр залуу хөөрөг худалдан аваад гарч явна. Тэрбээр "Энэ жил гэр бүл зохиож, тусдаа гарсан. Хурим хийснээсээ хойш анхны цагаан сараараа нутагтаа очих гэж байгаа болохоор хөөрөг авах нь зөв гэж бодсон. Тэгээд нэлээн судалж явсны дүнд хөөргөө сонгож авлаа. Залуу хүн учраас бэлгэдэл талаасаа нэлээн бодож, хэт их чамирхахгүй энгийн хийц загвартайг сонгосон. Санасныг бодоход хөөрөг үнэтэй байдаг юм байна. 3.5 саяар мана хөөрөг худалдаж авсан. Хүмүүс ч их ач холбогдол өгч худалдаж авдаг болсон шиг санагдлаа" гэв.

"Хаш чулуу бат бэх байдлын, оюу чулуу оюун ухааны, ягаан болор хайрын, хар болор хүчний бэлгэдэлтэй-

Худалдан авагчид гэлтгүй худалдаа эрхлэгчдийн зүгээс иргэд хөөрөг авъя гэдэг ч ямар хөөрөг сонгох тал дээрээ нэлээн эргэлздэг гэдгийг ч хэлж байлаа. Тэгвэл бид иргэд та бүхэнд мэдээлэл өгөх зорилгоор хөөргийн ур хийц, түүний цаана агуулах бэлгэдэл, сонголт зэргийн талаар “Хөөрөг” өв соёлын урланг үүсгэн байгуулагч, уран дархан Д.Пүрэвсүрэнтэй ярилцсан юм. Тэрбээр "Урт цагаан"-ы гудамжиндаа 1994 оноос хойш гэж тооцвол 30 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй "Хөөрөг" гэх дэлгүүрийг үүсгэн байгуулсан нэгэн аж. Ингэхдээ 2009 оноос хойш эрдэнийн чулуун хөөргийг өөрөө урлан, иргэдэд борлуулж байгаа гэнэ.

-Таныг хэдэн жил хөөргийн энэ бизнесээ эрхэлж байгаа вэ гэдгийг сонирхсоны учир нь, олон нийтийн хандлага түүний өөрчлөлт нь таны нүдэн дээр илт харагдаж байгаа болов уу гэж бодсонтой холбоотой. Урд урдын жилтэй харьцуулахад иргэд хөөрөг авахад хэр их ач холбогдол өгдөг болсон байна вэ?

-2000-2006 оны үед мөнгөн аяга, дээлийн товч, хутга зэрэг өргөн хэрэглээний зүйлсийг иргэддээ хүргэдэг байсан. Тухайн үед хөөргийг тийм ч их сонирхдоггүй байсан. Миний харж буйгаар 2016 оноос хойш хөөргийг сонирхох иргэд нэмэгдсэн. Эрдэнийн чулуун хөөргөөр өөр хоорондоо мэндчилдэг энэ ёс соёл бидэнд байдаг юм байна гэдгийг ойлгож сонирхож аавыгаа, нөхрийгөө нэг сайхан хөөрөгтэй болгочихъё гээд хандах иргэд их болсон нь ажиглагддаг.

-Хөөргийг бид мэндлэх, хүндлэх ёсыг утга төгөлдөр болгож байгаа өв соёлын нэг хэсэг гэдэг талаас нь түлхүү хардаг шүү дээ. Тэгвэл утга бэлгэдэл, тээж буй агуулгыг нь бид хэрхэн харах ёстой вэ?

-Монголчууд нүүдлийн соёлтой ард түмэн. Байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой. Таны хэлсэнчлэн маш том хүндлэлийг энэ өв өөртөө шингээсэн байдаг. "Даага далантай, бяруу булчинтай онд тарган орж, одоо сайхан хаваржиж байна уу. Сар шинэдээ сайхан шинэлж байна уу. Таны бие амар амархан, сүрэг мэнд байна уу. Морь хурдан, уяа элбэг байна уу" зэрэг маш сайхан мэндчилгээ, хэлцүүд хөөрөг зөрүүлэх уламжлалаар дамжин бий болсон байдаг. Байгалийн чулуунд өөр өөрийн гэсэн философи бий.

-Хөөрөг нь чулуунаасаа шалтгаалаад өөр өөрийн гэсэн бэлгэдэлтэй байдаг шүү дээ?

-Тийм ээ. Хаш л гэхэд маш их тайвшралыг өгдөг гайхамшигтай чулуу. Ертөнцийн хамгийн бөх чулуу гэдэг. Маш өндөр нягтралтай. Хонины ноос ноолорсон юм шиг нарийн ширхэгтэй гэдэг. Хонины ноос гэдэг чинь өөрөө маш нягт бүтэцтэй байдаг шүү дээ. Энэ утгаараа амьдрал нь бат бэх, аз жаргалтай байхын бэлгэ тэмдэг хэмээн үздэг. Болор гэхэд л лусын толь гэж үздэг. Усан болор гээд нүдэнд маш сайн, анагаах эрдэмтэй гэж үздэг учраас нүдэн дээрээ тавихад нүд амардаг гэх нь бий. Хар болор гээд ч байна. Хар өнгө нь өөрөө маш хүчирхэг өнгө л дөө. Хүчний чулуу гэдэг утгаараа хүчирхэг байдал, энергийг чухалчилж хар болорыг сонгох нь бий. Оюу л гэхэд оюун ухааны бэлгэдэл. Сая жилийн өмнө газрын хөрсөнд байсан цэцэгс исэлдээд оюу болдог юм байна. Гартаам л гэхэд саажилттай хүмүүсийг анагаадаг, илаашруулдаг. Чулуу бүр өөрийн гэсэн эрдэмтэй. Хув л гэхэд нарны буюу аз жаргалын чулуу. Бамбай өвчинд сайн гэдэг. Бага байхад хүүхдүүддээ хув зүүлгэх нь их байсан шүү дээ. Мана нь дотроо 200 орчим төрөл байдаг. Ягаан болор л гэхэд өөрөө хайрын чулуу. Жишээлбэл, би танд энэ ягаан болорыг бэлэглэлээ гэхэд та надад хайртай болно гэж бэлгэдэл байдаг ч юм уу. Чулуунд их өвөрмөц зүйлс байдаг шүү.

Эрдэнийн чулуу ямар нэг байдлаар хүнийг их татдаг. Монголчууд их бэлгэдлийн ард түмэн. Аливааг их бэлгэшээдэг. Бэлгэдлийг нь ойлгоод судлаад ирэхээр өөрийн эрхгүй татах увдис байдаг.

"Өв уламжлагдаж ирсэн хөөрөгт тухайн хүний энерги шингэж, хадгалагдсан байдаг"

-Хийц их чухал байх?

-Тэгэлгүй яах вэ. Ардын урлал гэж маш том урлал. Хайрлаж, хүндэлж явах ёстой уламжлалт урлал гэж бий. Хүннүгийн хийц гэхэд л гайхамшигтай шүү дээ. Жишээлбэл, жүнчигноров гээд чулуу байна. Улаан өнгөтэй болохоор хас болдог. Их эзэн хааны хасвуу тамга гээд сонсож л байсан байх. Хасан дээрээ л гэхэд чүнчигноровын хувьд бондгор, цүдгэр буюу дүүрэн байхын бэлгэдлээр хийдэг. Хаш маань өөрөө барын цагаан гээд хэлбэртэй. Цэмцгэр хэлбэртэй, хавтгайдуу мөртлөө босоо хэлбэртэй, ёроол нь өргөн байдаг гэдэг ч юм уу. Маны ёроол арай нарийн байдаг. Сүүлийн үед хатдын хөөрөг гээд бас гарах болсон. Чамин, харахад баясал төрүүлэхээр. Хөөрөг бүр өөрт тохирсон зохиомжтой. Хатан хөөрөг л гэхэд болж өгвөл цэмцгэр байх нь зохимжтой. Нуух нь ч гэсэн уран. Мана гэхэд дүүрэн байхын бэлгэдэл болдог учраас цүдгэрдүү, нэлээн том хийцлэлтэй байдаг. Манадаа таарсан зохиомжтой хийгддэг гэсэн үг. Маныг хаш шиг хийчихээр арай болохгүй. Хөөргийн хөхүүр гэж ярьдаг. Дээр үед хол аян замд явахдаа нутгийнхаа ховор нандин ургамлыг хүртэл хийгээд, түүнийгээ үнэрлээд явахаар сэтгэл санаа нь тайвширдаг байв. Монголчууд байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой гэдэг шүү дээ.

Хүн хүний өнгөний зохимж гэж бий. Барьж үзээд өөрийн бэлгэдэл чулуу талаасаа басхүү өнгө талаас нь сонгодог. Саяхан нэг залуу орж ирээд цэнхэр маныг барьж үзэнгүүтээ "Ийм чулуу байдаг юм уу. Надад маш их таалагдаж байна. Уг нь хаш гэж бодож ирсэн юм. Хашаа болиод үүнийг л авмаар байна" гээд зогсож байсан.

-Хөөргийн нэг ач холбогдлыг өвлөгдөх зүйл гэдгээр нь харах хүмүүс их болж?

-Аавын, өвөөгийн хөөрөг гэдэг сайхан зүйл байна шүү дээ. Өв уламжлагдаад ирсэн. Тэр бол тухайн хүний гэрт хамгийн үнэ цэнтэй зүйл. Өвөө маань хэрэглэж байгаад аавд өвлөгдөөд одоо надад ирсэн шүү гээд хардаг ч юм уу. Тэр нь хамгийн сайхан үнэ цэн. Хөөрөг өөрөө их энерги дамжуулдаг зүйл юм байна л даа. Энэ утгаараа аавын энерги байж, мэдрэгддэг.

-"Эдэлж хэрэглэх зүйл дээр ийм их мөнгө хаялаа" гэх шүүмжлэлтэй хандлага ч байдаг шүү дээ. Гэхдээ сүүлийн үед хүмүүс ач холбогдол, үнэ цэнийг нь илүү мэдрэх болсон ажиглагддаг. Энэ тал дээр худалдан авагчдын хандлага ямархуу байна?

-2009 онд 35 ам.доллар байсан шүр өнөөдрийн байдлаар 300-350 орчим ам.доллар болчихсон ч байх жишээтэй. Нэг хэсэг үнэ тодорхойлоход хэцүү л байлаа шүү дээ. Мэдээлэл ч хомс байсан. Одоо нэлээн ил, нээлттэй түгээмэл болчихсон. Ховор өвөрмөц тогтоцтой чулуу нь сайн, дахин давтагдашгүй хийцтэй бүтээл болоод гарахаараа үнэ цэн нь нэмэгддэг. Хөөргийн соёл ч өвөрмөц болж байна. Урлаачид маань ч хөгжиж, төрөл бүрийн сэтгэмжээр хөөргөө урлаж байна. Чулууны ч олон үзүүлэлт бий.

-Хөөргийн ханш хамгийн дээд талдаа хэдтэй байх уу?

-Хоёр сая ам.доллараар зарагдаж байсан хөөрөг бий гэдэг. Ингээд хэлэхээр хүмүүс "Юун 2 сая ам.доллар вэ" гэх байх л даа. Гэхдээ тийм хөөрөг байж. Дахин давтагдашгүй ховор, нандин хийцтэй, өвөрмөц бүтээл гарсан байж таарах нь. Гэхдээ нь хуучны уламжлагдаад ирсэн, дээд язгууртан хүний барьж байсан хөөрөг тийм байдаг л даа. Манлай баатар Дамдинсүрэнгийн хөөрөг гэхэд Асашёорү Д.Дагвадоржид байдаг. Хар хас гээд маш хүчтэй хийцтэй, зохиомжтой, энергитэй хөөрөг байдаг. Анзаараад байхад, хуучны хөөргүүд их төгс хийцтэй, их сэтгэл дэвсэж хийсэн байдаг. Өнгөний зохиомж, сонголт зэрэг нь маш өвөрмөц. Ер нь сайхан хөөрөг бариад, цэгцтэй гэгч нь үндэсний дээл хувцсаа өмсөөд явж байгаа хүн бол бидний бахархал.

-Зүү ороосон даалингууд 300 мянгаас 2 сая хүртэл төгрөгийн үнэтэй-

Хөөргийг тань нүнжигтэй болгох бас нэгэн эд бол даалин. Иргэд ч даалиндаа их ач холбогдол өгдөг болсон харагддаг. Тэгвэл бидний хаалгыг нь татсан дэлгүүрүүдэд зүү ороох оёдолтой даалингууд 300 мянгаас 2 сая хүртэлх төгрөгийн ханштай байлаа. Худалдагч "Зарим үед хөөргөө дагалдуулаад даалин бэлэглэх үе ч гардаг. Зүүний үзүүрээр оёж байгаа учраас маш нарийн ажиллагаа шаарддаг шүү дээ. Тиймээс зүү ороосон даалинг иргэд их худалдаж авдаг болсон" гэж байв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан үедээ нэгийгээ буудаж хөнөөжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан үедээ нэгийгээ буудаж хөнөөжээ
 
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!