Хэнтий аймгийн Онцгой комисс яг одоо хуралдаж байна. Улаанбаатар хотоос хулгайн замаар хэнтий аймгийн Баянхутаг суманд очсон хоёр иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эeрэг гарчээ. Нарийвчилсан Пи Си Ар шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Энэ тухай Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат ЗДТГ-ын цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.
2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар гарсан бөгөөд Цэнхэр мандалын постноос буцаахад голынхоо урдуур Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгаар дайран, аймгийн урд талын шатахуун түгээх станцаар үйлчлүүлжээ. Хэнтий аймгийн төвөөс 70-аад км Заан ширээ гэдэг газарт гэртээ байгаа юм байна.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат
“Эдгээр хүмүүсээс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авсан. Хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Иймд аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаад зарим шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, аймгийн хэмжээнд бүх хөдөлгөөнийг хаах, үйл ажиллагаа явуулж байгаа бүх үйлчилгээний байгууллагыг түр зогсоох, аймгийн төвийн гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хаах шийдвэрийг гаргаж байна” гэлээ.