Нийслэлд хөл хорио зарласантай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээг хаана хэрхэн хийлгэх боломжтой талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын дарга Л.Төмөрбаатар
Нийслэлийн иргэдийн дунд халдвар илрэх болсон. Иймд ойрын болон дан хавьталд орсон иргэдэд шинжилгээ хийж эхэлсэн. Нийслэлд нийт 11 байршилд шинжилгээний төв байгуулаад 14,15-ны өдрүүдэд шинжилгээ хийлээ. Шинжилгээг түргэсгэхийн тулд 18 цэгт халдвар авсан иргэнтэй ойрын болон дан хавьталд орсон иргэдээс шинжилгээ авч эхэлсэн.
Одоогоор өдөрт 1000 орчим хүнд шинжилгээ хийж байгаа бол маргаашнаас 2000 орчим хүнд шинжилгээ хийх боломжтой болно. Түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээг давхар хийж байгаа. PCR шинжилгээг бол Зооноз өвчин судлалын лаборатори, ХӨСҮТ дээр хийнэ. Иргэд зөв мэдээллээр шинжилгээндээ харагдах ёстой. Эрүүл мэндийн яамнаас хүмүүс рүү залгаад ирж шинжилгээ өгөх цаг товлож байна. Харин товлосон цагтаа иргэдийн 70 гаруй хувь нь л ирж байгаа юм. Хэрэв халдвар авсан хүнтэй ойрын болон дан хавьталд орсон бол ирж шинжилгээ өгч эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна. Сайн дураараа шинжилгээ өгөх хүмүүсийн хувьд харьяа эрүүл мэндийн төвүүдэд шинжилгээ өгөх боломжийг хангахаар ажиллаж байна.
Мөн сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэд Нийслэлийн нэгдсэн мэдээллийн төвийн утас 7575-1200-руу залган хаана хавьталд орсон байх боломжтойгоо хэлээд шинжилгээ хийлгэх цаг товлох боломжтой.