Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход багахан хугацаа үлджээ. Ёс уламжлалаа энэ тэргүүнд тавьж ирсэн манай ард түмний хувьд ахуй амьдрал, боломж бололцоо нь ямар байхаас үл шалтгаалаад сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн. Гэвч энэ байдал даамжирч, иргэд нь баяр тэмдэглэх нэрийдлээр их хэмжээний өр төлбөрт унаж, улмаар хаврын саруудыг хүндхэн эдийн засагтайгаар туулдаг "үзэгдэл" газар авав. Үүнийг юу батлах вэ. Жилээс жилд цагаан сарын баяраар өрхөөс гардаг зардал жилээс жилд нэмэгдэж байна. Хамгийн харамсалтай нь энэ мөнгөө бид дотооддоо ч бус валют болгоод гадагшаа тавиад туучхаж байна. Тэгвэл бид энэ удаагийн Visual Toim буландаа могой жил угтсан сар шинийн эдийн засгийн зарим тоон мэдээллийг хүргэж байна.
-Цагаан сараар нэг өрхөөс дунджаар 2.2-2.6 сая төгрөгийн зардал гарахаар байна-
Төгрөгийн ханшаас шалтгаалан сар шинийн баярын зардал нэмэгдсээр байна. Эдийн засагчдын тооцооллоор 2020-2021 онд дундаж зардал 2.2 сая төгрөг дотор болон түүнээс дээш байхаар хэлбэлзэж байв. Харин цар тахал, эдийн засгийн нөхцөл байдал, ханш зэргээс шалтгаалж импортын барааны үнэ л гэхэд өмнөх оны мөн үеэс дунджаар 27.8 хувиар өссөн байна. Үүнээс харвал зардлынхаа дийлэнхийг импортын бүтээгдэхүүнд зарцуулдаг манайхны хувьд дундаж зардал дээр л гэхэд 400 орчим мянган төгрөгөөр нэмэгдсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, энэ дүн 2.6 сая болж өсжээ.
-Монголчууд сар шинийн баярт ойролцоогоор 1.5 ИХ НАЯД төгрөг зарцуулахаар байна-
ҮСХ-ноос хийсэн "Цагаан сар ба эдийн засаг" судалгаанд дурдсанаар манай улсын 64 орчим хувь нь цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Өөрөөр хэлбэл, 2023 оны байдлаар манай улсад албан ёсоор бүртгэлтэй 983 мянган өрхийн 629 мянга нь цагаан сарын баярт өндөр ач холбогдол өгч тэмдэглэн өнгөрүүлдэг гэсэн үг юм. Нэг өрхөөс гарах дундаж зардлыг 2.4 сая төгрөг хэмээн тооцвол нийтдээ энэ тооны өрхөөс л гэхэд 1.5 их наяд төгрөгийг зарцуулахаар байгаа юм.
-Нэгдүгээр сард нийт дүнгээр 973 мянган ам.долларын барааг ИМПОРТЛОН авчээ-
Хүн бүрийн аманд багтаж аяддаг ч төдийлөн биеллээ олж чаддаггүй зүйл бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих явдал. Учир нь гол "сезон"-ы үеэр нь зах зээл дээр дотоодын бус импортын бараа бүтээгдэхүүнүүд хөглөрч эхэлдэг. Иргэдийн сонголт ч тийш чиглэдэг нь үнэн. Үүнийг батлах нэгэн үзүүлэлт бол, иргэдийн цагаан сараар зочиндоо өгч буй бэлгийн 80 орчим хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж байна гэх ҮСХ-ны судалгаа юм.
-2012-2023 оны хооронд цагаан сард зориулж Монгол Улс багаар бодоход 1.1 тэрбум ам.долларыг импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулжээ-
Импортын бараа бүтээгдэхүүний ерөнхий бүтцийг харахад, импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүний 34.2 хувийг БНХАУ, 30.3 хувийг ОХУ эзэлж байна. Үлдсэн хувийг нь Япон, Солонгос, АНУ, Герман, Турк, Энэтхэг, Польш, Франц зэрэг улсууд эзэлж байна. Тэгвэл бид өнгөрсөн хугацаанд хамгийн багадаа л гэхэд 100 сая ам.доллар буюу 300 гаруй тэрбум төгрөгийг дээрх улсууд руу алдаж байна гэсэн үг. Нийт дүнгээр буюу 2012-2023 оны хооронд цагаан сард зориулж Монгол Улс багаар бодоход 1.1 тэрбум ам.долларыг импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулжээ.
-Цагаан сарын өмнөх сард цалин, тэтгэврийн болон КАРТЫН ЗЭЭЛ нэмэгдэж 986 сая төгрөг болжээ-
Нийтлэлийн эхэнд дурдсанчлан сар шинийн баярыг бид амьдралын боломж бололцоо ямар байхаас үл шалтгаалаад урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд хамаагүй тэмдэглэн өнгөрүүлдэг. Зээл тавиад ч болтугай тэмдэглэх олон ч бий. Дээрх графикт дурдсанчлан сүүлийн жилүүдэд цагаан сарын өмнөх буюу нэгдүгээр сард иргэд арилжааны банкаар дамжуулан цалин, тэтгэврийн зээл авах нь ихэсдэг аж. Үүн дээр нэмэгдээд картын зээл ч газар авах болжээ. Сонирхолтой нь, 2023 оны нэгдүгээр сартай харьцуулахад 2024 оны мөн сард иргэдэд олгосон зээлийн мөнгөн дүн 400 орчим сая төгрөгөөр буюу бараг нэг нугалжээ.
-Сар шинийн баяраар гадагшаа урсдаг 1 их наяд төгрөгийг дотооддоо шингээж, бэлэг бэлгийн дээд БЭЛЭН МӨНГӨӨР бэлэг барьцгаая-
Сар шинийн баяраар иргэд 1.5 их наяд төгрөгийг зарцуулахаар байгаа ба үүний нэг их наяд төгрөг нь импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулагддаг гэсэн судалгаа байна. Үүнээс үзэхэд энэ их хэмжээний мөнгөн урсгал дотооддоо бус гадагш гардаг нь хамгийн их анхаарал татахын зэрэгцээ хармын сэтгэл ч төрүүлнэ. Нөгөө талдаа хэдэн зуун саяар нь зээл аван байж сар шинийн баяраа тэмдэглэж байгаа хойно энэ хэмжээний мөнгөө дотооддоо эргэлдүүлэх шаардлага бидэнд байна.
Бэлгийн тал дээр аваад үзэхэд, монголчууд бид өөрсдөө үйлдвэрлэдэг, бүтээдэг, хийдэг ард түмэн. Үндэсний гэх тодотголтой маш олон брэнд бүтээгдэхүүн шил шилээ дараалан гарч байна. Энэ утгаараа эхний сонголт тань үндэсний үйлдвэрлэл байж болно. Нэг ёсондоо, таны хийсэн эх оронч худалдан авалт гадагш гарах мөнгөний урсгалын тодорхой хувийг монголдоо үлдээх маш том боломж.
Түүнээс гадна "Бэлэг бэлгийн дээд БЭЛЭН МӨНГӨ" хэмээн нэрийддэг тул тав, арав гэхгүй монгол мөнгөн тэмдэгтээ бэлэглэх нь дараагийн зөв сонголт гэдэгт эргэлзэхгүй байна.
Энэ мэтээр харвал монголчууд бидэнд сонголт бий. Сонголт хийх эрх нь ч бидэнд бий. Тиймээс та халаасан дахь хэдэн төгрөгөө гадагш тавиад туух уу аль эсвэл дотооддоо үлдээх үү гэдгээ ч шийдэх эрхтэй.
БЭЛТГЭСЭН: UBN.MN сайтын редакц
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!