Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ.
Энэ жилийн хувьд Монгол Улсад коронавирусний халдвар дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Иймд хатуу хөл хорионы улмаас олон нийтийн ажил зохион байгуулахгүй. Уламжлал ёсоор Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог байв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний 4 тоот зарлигаар, Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэдэг байна.