Манай улсын гадаад валютын нөөц шинэ оны босгон дээр 5.5 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд амжилт болохыг зарлаж байв. Харин энэ амжилтыг хэвээр хадгалах эсэх нь төв банкны хувьд том сорилт болж байна. Үүний дохио нь ханш чангарч, импорт өсөж, инфляц халах эрсдэл болж буй. Улмаар валютын орлого бүрдүүлдэг нүүрсний үнэ унаж экспорт саарч байгаа нь валютын урсгал татарч нөөц шавхагдах уу гэх болгоомжлолд хүргэв. Үүнийг батлах мэт эдийн засагч Д.Ангар “Улсаараа долларгүй болжээ. Банкнаас аж ахуйн нэгжид нэг удаадаа 10.000 доллар л гаргаж өгөх боломжтой гэнэ” хэмээн цахим хуудастаа мэдээлсэн нь олныг цочирдуулав. Хэрэв үнэн байвал энэ бол Монгол Улсын хувьд аюулын харанга!. Айлаар зүйрлэвэл, данс улайсан гэсэн үг. Ийм нөхцөлд импортын худалдан авалт хийж чадахгүй, цаашилбал өр төлбөрөө төлж хийх боломжгүйд хүрнэ. Иймд төв банкнаас эдийн засагчийн “жиргээ”-г үгүйсгэж хариу тайлбар бүхий мэдэгдлийг өчигдөр гаргахдаа “Манай улс 4.9 орчим тэрбум ам.долларын валютын нөөцтэй байгаа нь валютын төлбөртэй барааны төлбөрийн 5 шахам сарын хэрэглээг хангахуйц хэмжээнд байна” гэж онцлов. Зөвхөн нэгдүгээр сарын дүн мэдээгээр гадаад валютын нөөц 4.8 тэрбум ам.доллар буюу 4 тэрбум 884 сая 28 мянган ам.доллар байгаа нь оны эхнээс -11.24 хувиар буурсан үзүүлэлт болохыг Төвбанк мэдээлэлдээ дурджээ.
Тэгэхээр Төвбанк валютын нөөцтэй байна гэж мэдэгдлээ гээд тайвширна гэсэн үг биш. Хэдий таван сарын хэрэглээний валютын нөөц байгаа ч экспортын орлого, импортын зарлагыг давж чадахгүй нөхцөлд төлбөрийн тэнцэлд дарамт үүсэх байдлаар урсгал данс алдагдалтай гарч, нөөц шавхагдах эрсдэл бий. Өөрөөр хэлбэл,экспортын орлого бүрдэхгүй, импортын өсөлт өндөр хэвээр бол энэ хэмжээгээр дарамт ихэснэ гэсэн үг.
Наад захын жишээ нь, 2024 оны арваннэгдүгээр сард төлбөрийн тэнцэл 38 сая ам.долларын ашигтай гарсан байдаг. Хэдий төлбөрийн тэнцэл ашигтай гарахад Улаанбаатар хотын гадаад бонд нөлөөлсөн ч урсгал данс алдагдалтай гарсан байдаг. Учир нь бараа, үйлчилгээний экспорт өмнөх оноос 1.2 тэрбум ам.доллараар нэмэгдсэн бол импортын өсөлт 2.5 тэрбум ам.долларт хүрсэн нь алдагдалтай гарахад нөлөөлсөн. Цаашид ч төлбөрийн тэнцэлд дарамт үүсэх нөхцөл байдал биднийг хүлээж байна гэхэд нэг их буруудахгүй. Үүнийг ч Төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн үгүйсгээгүй.
ВАЛЮТЫН ГАДАГШ УРСГАЛ ӨНДӨР, УРСГАЛ ТЭНЦЭЛ МАШ ТОМ АЛДАГДАЛТАЙ БАЙНА
Тэрбээр "Өнгөрсөн онд Монгол Улсын экспорт 4 хувиар, харин импорт 26 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Өөрөөр хэлбэл, валютын гадагш урсгал өндөр, урсгал тэнцэл маш том алдагдалтай байна. Урсгал тэнцлийн алдагдлын томоохон хэсгийг үйлчилгээний тэнцэл бүрдүүлж байна. Монгол Улс гаднаас үйлчилгээ авч байгаа өр төлбөр буюу алдагдал 3 тэрбум ам.доллар гэж яригдаж байна. Энэ байдал өөрчлөгдөхгүй бол дарамт цааш үргэлжилнэ гэж хэвлэлд ярьсан.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ИМПОРТ ӨСӨХИЙН ХЭРЭЭР ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ АЛДАГДАЛТАЙ ГАРЧ ВАЛЮТЫН НӨӨЦӨД ДАРАМТ БОЛЖ БАЙНА
Тэгвэл 2020-2022 он хүртэлх төлбөрийн тэнцлийг харвал алдагдал нь улам өссөн дүнтэй байна.
- 2020 онд санхүүгийн данс 419 сая ам.долларын ашигтай урсгал болон хөрөнгийн данс 832 сая ам.долларын алдагдалтай,
- 2021 онд санхүүгийн данс 691 сая ам.долларын ашигтай, урсгал болон хөрөнгийн данс тэрбум 39 сая ам.долларын алдагдалтай,
- 2022 онд санхүүгиийн данс 926 сая ам.долларын ашигтай, урсгал болон хөрөнгийн данс 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байв.
Урсгал данс алдагдалтай гарч буй шалтгаан нь импорт. Нэг үгээр хэлбэл, импорт өсөхийн хэрээр валютын нөөцөд дарамт болж буй. Үүнийг Төвбанкны зүгээс жилийн хэлбэлзлийг харахад 9-10 дугаар сард ажил, үйлчилгээ нэмэгдэхэд импорт өсөж улмаар ханш чангарах, валютын нөөцөд нөлөөлдөг гэх тайлбар өгдөг.
Тэр дундаа, сүүлийн жилүүдэд автомашины импорт, гадаад руу чиглэсэн аялал жуулчлалын үйлчилгээ эрс нэмэгдсэн нь валютын нөөц татрах гол шалтгаан болсон гэх. Төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлснээр аялал жуулчлал дээр гэхэд л нэг тэрбумын хасах баланс гардаг байна.
Хэдий Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж, арга хэмжээ авдаг ч монголчууд зөрөөд гадагш явдаг, аялал жуулчлал өндөр түвшинд хүрсэнтэй энэ нь холбоотой болохыг тайлбарлаж байв. Энэ мэтчилэн олон хүчин зүйл валютын урсгал татрахад нөлөөлж байна.
Аль ч улс орны хувьд гурван сараас доошгүй хэрэглээ, жилийн дотор төлөх өр төлбөрийг төлөх валютын нөөцтэй байх алтан дүрэм бий. Манай улсын хувьд ч мөн адил энэ "алтан дүрэм"-ээ барихыг хичээдэг ч үрэлгэн Монгол зан энд гай болсоор байгаа нь нууц биш.
Урт хугацааны бодлогоос илүү улс төрийн сонгуулийн 4 жилийн мөчлөг дагасан улс төрчдийн амлалт, түүхий эдийн үнийн өсөлт зэргээс шалтгаалан орлого өндөр, эдийн засгийн таатай үед цалин тэтгэвэр халамж нэмж , төсвийг хэт өөдрөгөөр төсөөлж, хувьцааны ноогдол ашиг тараах зэргээр гэнэт их мөнгө үрдэг нь эргээд гадаад нөхцөл байдал муудах, тэр дундаа бидний мөнхийн хөрш Хятадууд нүүрс авахгүй буруу харахад үнэ унаж, улмаар энд ханш савалж, валютын нөөц дундарч төсвийн орлого тасрах эрсдэл рүү ордог. Ийм гашуун сургамж ч өнгөрсөн жилүүдэд олон давтагдлаа. Өнөө жил ч мөн адил нүүрсний экспорт удааширч орлого буурах улмаар төсвийн орлого бүрдэхгүй байх зэрэг олон асуудал ар араасаа хөвөрч мэдэхээр байна.
ВАЛЮТЫН ЗАХЫН НӨХЦӨЛ БАЙДЛААС ХАМААРАХ ЭРСДЭЛ НЬ ХАНШААР ДАМЖИЖ МЭДРЭГДЭЭД БАЙНА, НӨӨЦ БАГАСВАЛ БИДЭНД ХҮНД ТУСНА
Уул уурхай, улс төрөөс эдийн засаг нь хамааралтай манай улсын хувьд нүүрсний үнэ унаж, экспорт саарсан, орлого багасч буй үед валютын нөөц багасвал ямар эрсдэл үүсэх талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхан дараах байр суурийг илэрхийлэв.
-Манай улсын хувьд импорт өсөж, ханш чангарч байгаа, нүүрсний үнэ унаснаас болж орлого саарч буй энэ үед импортын хэрэглээгээ хангаж дийлэхгүй нөөцтэй болох эрсдэл үүсэх вий гэх болгоомжлол байна. Таны хувьд хэрхэн харж байна?
-Улс орон эдийн засаг, санхүүгийн хувьд гадаад улсуудтай харьцаж байгаа тохиолдолд түүнтэй хамаарал бүхий эрсдэлийг даван туулах хэмжээний нөөцтэй байх ёстой. Энэ агуулгаараа бид гадаад валютын нөөцийг ихээхэн анхаарч байдаг. Монгол Улсын хувьд илүү их ач холбогдолтой зүйл. Учир нь бид цөөн жилийг эс тооцвол төлбөрийн тэнцэл, урсгал тэнцлийн алдагдалтай явж ирсэн. Энэ нь валютын орох, гарах урсгалын эрсдэл багатай тэнцвэр хангагдаагүй гэсэн үг. Ялангуяа урсгал дансны алдагдал ихтэй. Таны асуултад байгаа зарим эрсдэл бидэнд байна. 2024 оны хувьд нүүрсний гарц өссөн ч үнийн бууралтаас хамаарсан орлогын өсөлт бага байсан, импортын өсөлт экспортоос нэлээд өндөр гарсан зэрэг нь үүний нотолгоо мөн. Гэхдээ энэ нь цаашдын хандлагаас хамаарах зүйл болохоос тодорхой тулчихсан зүйл хараахан биш.
Монгол Улсын 2024 оны импорт 11.6 тэрбум ам.доллар, нэг сарын төгсгөлд валютын нөөц 4.9 орчим тэрбум доллар байна. Одоогоор ойрхон төлөгдөх томоохон өрийн дарамт гайгүй. Энэ нь таны хэлсэн дүрмийг бид өнөөдөртөө хангаад явж байгааг харуулж байгаа хэрэг.
Харин цаашид яах вэ гэдэгт дэлхийн эдийн засгийн байдал, БНХАУ-н эдийн засгаас хамаарах эрдсийн үнэ, дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарна. Ерөнхийдөө валютын нөөц ханштай холбоотой нөхцөл байдал тийм ч таатай бус байна гэдэгтэй санал нэг байна.
-Магадгүй валюын нөөц одоогийн 4.8 тэрбум ам.доллараас доош буусан тохиолдолд эдийн засагт ямар эрсдэл үүсэх вэ. Саяхан эдийн засагч Л.Ангар ам.долларгүй болж банкууд нэг ч ам.доллар гаргахгүй байгаа тухай мэдээлсэн нь нэлээн анхаарал татлаа?
- Дээр дурдсан таагүй нөхцөл байдлын талаар 2024 оны гуравдугаар улирлаас эхлээд тодорхой эдийн засагчид сануулж ирсэн. Тиймээс ч төсвөө хэт тэлэхгүй байх, мөнгөний нийлүүлэлтийг дэмжихгүй байх зэрэг зүйлсийг яриад байсан хэрэг.
Валютын захын нөхцөл байдлаас хамаарах эрсдэл нь ханшаар дамжиж бидэнд мэдрэгдэж эхлээд байна. Мөн олдоцын талаар Д.Ангар маань дурдсан бололтой. Хэрвээ валютын нөөц буурч эрэлт нэмэгдэж тэнцвэр алдагдвал эдгээр үзэгдэл даамжирч цаашилбал эдийн засаг, өрхийн амжиргаанд сөрөгөөр нөлөөлнө.
- Эдийн засагчийн хувьд та валютын нөөц дуусах эрсдэл хэр байна гэж харж байна?
Валютын нөөц багасах, валют хомсдох түүнээс болж ханш өсөх асуудал аль ч эдийн засагт байдаг боловч тийм хүсэх зүйл биш. Ялангуяа манайх шиг цөөн төрлийн эрдэсийн бүтээгдэхүүнтэй холбоотой экспорттой, дийлэнх зүйлсээ гаднаас авч хэрэглэдэг орны хувьд бүр ч хүнд тусна. Тиймээс валютын нөөц багасах, түүнээс бий болох эрсдэлийг бууруулахын тулд холбогдох талууд анхаарч ажиллах шаардлагатай. Энэ тал дээр бол тодорхой эрсдэл байна. Харин нөөц дуусна гэдэг тал дээр арай ч тиймдээ тулахгүй байлгүй гэж бодож байна. Та надаас Монгол Улсын валютын нөөц тэг болох тухай асуугаад байна шүү дээ гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!