Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туршлага 2: АНУ дахь монголчууд Ковид-19 халдварыг хэрхэн даван туулж байна вэ?

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
13 минут 21 секунд

Хилийн чанадад ажиллан амьдарч, сурч байгаа монголчуудтайгаа холбогдон гадаадын улс орнууд Ковид-19 цар тахалтай хэрхэн тэмцэж буй талаар мэдээлэхээр зорин манай редакцын зүгээс энэ удаа АНУ-д оршин сууж буй элэг нэгтнүүдтэйгээ холбогдлоо.

Б.Намираа Техас мужид амьдардаг

-СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДЭД АХЛАХ АНГИД LAPTOP, БАГА АНГИД IPAD ТАРААЖ ӨГСӨН-

АНУ-ын муж бүр өөр өөрсдийн онцлогтой, хуультай. Өөрсдийн онцлогоор арга хэмжээгээ аваад явж байгаа. Би Техас мужид амьдардаг.

АНУ-д нийтдээ 10,892,633 хүн өвдсөнөөс 4,005,602 хүн эдгэрсэн байна. Нийт 248,672 хүн нас барсан байна. Техас муж одоогоор АНУ-ын хамгийн их халдвар тарсан муж болж байна. Одоогийн байдлаар 1,025,994 хүн өвдөж, 19,550 хүн нас барсан. Нэг өдөрт л 10 мянгаас дээш шинэ тохиолдол илэрч байгаа. Дараа нь Калифорни, Флорида, Нью Йорк орно.

Одоогоор энд бүх их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль онлайнаар хичээлээ явуулж байгаа. Гэхдээ хүүхдүүд хүсвэл ангидаа ирээд сурч болно. Сургуульдаа ирж байгаа хүүхдүүдийг нэг ангид олноор нь оруулахгүй. Нэг ангид 6 аас дээш хүүхэд оруулахгүй, ороход нь халууныг нь үзэж, асуумж бөглүүлэх, маск зүүх зэрэг арга хэмжээ авч байгаа. Албан газрууд хаасан боловч үйлчилгээгээ зөвхөн цаг авч, онлайнаар хийж байна. Жишээ нь, хүүхэд өвдлөө гэхэд онлайнаар эмчтэйгээ холбогдоод, очиж үзүүлж байна. Бичиг баримт авахдаа урьдчилж цаг аваад очиж байгаа. Хүмүүст үзүүлж буй үйлчилгээгээ ингэж зохицуулахаар хүн олноор цуглахгүй, эрсдэл багатай. Дэлгүүр бол хэвийн ажиллаж байна. Гэхдээ дотор нь зайгаа барихыг сануулж, сагс гэх мэт зүйлсээ тусгай хүмүүс гаргаж тухай бүрд нь ариутгаж, цэвэрлэж байна. Үсчин, бар ажиллаж байна. Зайгаа бариад, хүний тоогоо багасгаад ажиллаж байна. Бүх газар орохдоо заавал маскаа зүүнэ. Харин гудамжинд маскгүй явж болно.

Техас муж нь хүний эрхийг дээгүүрт тавьдаг. Тийм болохоор ч тэр үү, үйлчилгээний байгууллагуудыг хүчээр хаах зэрэг арга хэмжээ авахгүй байна. Зохицуулалтаа хийгээд үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгож байна. Жишээ нь, ресторанууд хоолоо зөвхөн хүргэлтээр гаргах, гаднаа сандал ширээгээ тавьж үйлчлэх, дотроо зайгаа тусгаарлаж үйлчлэх зэргээр зохицуулаад ямартаа ч зогсохгүй л ажиллаж байна. Эртээд үсчний газруудыг ажиллуулахгүй гээд хаахад нэг эмэгтэй үсчин эсэргүүцэж ажилласаар л байсан. Түүнийг хууль зөрчсөн гээд баривчилж, хорьсон. Гэтэл тэр эмэгтэй ажилгүй бол хүүхдүүдээ тэжээх боломжгүй байсан. Тиймээс мужийн захирагч захирамж гаргаж, тэр эмэгтэйгээс уучлал гуйгаад ажлыг нь хийлгэж, мөн нөхөн олговор олгосон. Хүмүүс улс тийм шийдвэр гаргасан гээд шууд л дагадаггүй, өөрсдөө шийддэг.

Мөн цар тахлын улмаас ажиллаж чадахгүй байгаа жижиг дунд бизнесийн байгууллагуудад нөхөн олговор өгсөн гэсэн. Ажилгүй болсон хүмүүс ч ажилгүйдлийн тэтгэмж авдаг. Долоо хоногтоо 600 ам.доллар авдаг. Хамгийн гол нь коронавирусаас болж ажилгүй болсон гэдгээ батлах ёстой юм шиг байна лээ. Ер нь, манай Аустим хотод гэр оронгүй иргэд эрс ихэссэн. Гадаа майхан бариад амьдарч буй хүмүүс олширсон. Гэхдээ улс нь тэр хүмүүсээ тэгээд хаячихгүй, хүнсний карт өгч байгаа. Картыг нь зөвхөн хүнс худалдан авахаар кодолсон байдаг гэсэн.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард санхүүгийн дэмжлэг болгож насанд хүрэгчдэд 1200 ам.доллар, хүүхдэд 500 ам.доллар тараасан. Одоо ажилгүй, орлогогүй хүмүүсийн байрны төлбөрөөс түр хугацаагаар чөлөөлж байгаа. Сургуулийн хүүхдүүдэд сургуулиас нь хоол тарааж өгдөг. Эцэг эхчүүд нь сургууль дээр нь очоод авдаг. Гэхдээ урьдчилаад ийм ийм зүйл авна гэж захиалга өгсөн дагуу нь сургууль бэлддэг. Мөн орлого багатай өрхийн хүүхдүүдэд хүнс тарааж байгаа болохоор хүүхдүүд өлсөхгүй.

Эрүүл мэндийн даатгал болон бусад бичиг баримтын хугацаа дууссан бол ихэвчлэн автоматаар сунгаж байгаа. Сургуулийн хүүхдүүдэд ахлах ангид лаптоп, бага ангид IPAD тарааж өгсөн. Үүнийгээ онлайн хичээлдээ суух, даалгавраа хийхдээ ашигладаг. Хичээлийн бусад материал болох ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг нь долоо хоног бүр сургуулиас тарааж өгдөг. Очиж авна.

Монголд их сандралдаж байгаа харагдсан. Миний бодлоор тэгж үймж хэрэггүй, маскаа зүүгээд, зайгаа бариад, гараа сайн угаагаад байхад л болно. Би багшийн ажилтай. Ангид ч, онлайнаар ч хичээлээ заасаар л байна. Хүүхдээ онлайнаар сургах хүсэлгүй хүмүүст хүүхдийг чинь авахгүй, онлайнаар сур гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Гол нь 2 метр зайгаа барих нь л их чухал. Маскаа байнгаа сольж, угааж, индүүднэ. Нийтийн унаагаар ер нь явах хэрэггүй санагдсан. Автобусанд зайгаа барих нь хэцүү учраас алхах юм уу, дугуй унах зэргээр аль болох олноороо бөөгнөрөхгүй байх нь зөв.

Монголд банкны системээ онлайн болгож, картаар үйлчлэх боломжтой болгомоор юм шиг. Хүмүүс банк хаалттай, мөнгөө авч чадахгүй, хүнсгүй боллоо гээд байгаа харагдсан. Энд бол банкны үйлчилгээгээ бүгдийг нь онлайнаар хийдэг болохоор тийм асуудал гарахгүй байна.

Миний хувьд цар тахлаас болж ажлын ачаалал улам ихэссэн. Ангид хичээл орно, онлайнаар орно. Ингэж хоёр дахин ажиллаж байгаа ч цалин хэвээрээ. Дэлгүүр хоршоо бүх юм хэвийн ажиллаж байгаа болохоор л хомстолд орохгүй байна. АНУ-даа хамгийн өндөр өвчлөлтэй муж хэр нь хүмүүс тоосон ч юмгүй тайван ажлаа хийгээд, гадуур дотуур чөлөөтэй явж байна.

Б.Загдаа Карифорниа мужид амьдардаг

-ХААНААС ХАЛДВАР АВСНАА ТОДОРХОЙЛОХ АРГАГҮЙ-

Би энэ өвчнийг туссан, эдгэсэн. Халдвар хаанаас авснаа мэдэхгүй. Онгоцоор ниссэн болохоор хаанаас хэнээс авснаа хэлэхэд хэцүү. Халдвар авснаа мэдээд эхлээд айсан. Дараа нь даваад гарах ёстой гэдгийг ойлгоод тэмцсэн. Эмнэлэгт мэдээж хандсан. Гэхдээ хүнд өвдөөгүй учир эмнэлэгт хэвтүүлэх шаардлага байхгүй. Эмчийн зөвлөгөөг дагасан. Хамгийн гол нь гэрээс гарч хүнд халдаахгүй байх нь л чухал гэж бодсон. Манай хүн бид хоёул туссан. Хүүхдүүдээ сайн тусгаарласан учраас тэдэнд халдаагүй.

Мэдээж өвчин учраас өвдсөн. Гэхдээ азаар нээх хүндрээгүй. Яг ямар мэдрэмжтэй байсан бэ гэвэл ханиад хүрээд халуураад бүх бие өвдөх мэдрэмжийг эхний хоёр өдөрт нь өгсөн. Гурав дахь өдрөөс нь амт үнэр мэдрэхээ байж одоо ч төгс болоогүй байгаа. Шинж тэмдэг илрэнгүүт эмч рүүгээ холбогдож зөвлөгөө авсан. Сайн амар, амьсгалах чинь асуудалтай болох эсвэл 102F буюу 38.8 хүртэл халуурвал урьдчилж мэдэгдээд түргэн тусламжид ир эсвэл дуудаарай л гэсэн. Хамгийн чухал анхааруулга нь өөрийгөө бүхнээс 10 хоног тусгаарла. Зовуур мэдэгдсэнээс өмнөх хоёр хоногт уулзсан бүх хүмүүстээ хэл хүргэ гэсэн. Өөр юу ч хэлээгүй. Халуун хоол унд хэрэглэх тухай ганц ч үг хэлээгүй. Ухаад унштал зарим авчихмаар эх сурвалжаас аспирины төрлийн эм уувал дээр гэж ойлгосон. Эмч бол ямар ч эм дурдаагүй. Ингээд айхавтар тахал туссан гэсэн айдастай, эмч болон хэн ч ингэ тэг гэхгүй, бие их зовууртай биш ч сэтгэл санаа гэж тээр доор уначихсан хүн дөрөв дэх өдөртэйгөө золгоод бодсон. Одоо ийм сонин сул биетэй, хэнтэй ч уулзаж, харах ч боломжгүй, инээд хөөр огт байхгүй, утас ухаад толгойгоо дүйнгэтүүлээд суух уу эсвэл гүйж алхах гээд үзэх үү гэж өөрөөсөө асуусан. Мэдээж, гүйхээ сонгоод гэрийнхээ арынхаа талбайд 5 км шогшоод үзсэн. Харин ч бүр нэг сэв хийгээд ирэх шиг санагдаад түүнээс хойш гүйж, алхаж, дасгал хийж хөлсөө байнга гаргаснаар 10 өдөр болж 11 дэх өдрөөс маскаа зүүж, зайгаа барьж гудамжинд гарч гүйж эхэлсэн. Хөлсөө сайн гаргаад, сайн унтаад л байвал 13 хоноод бүрэн эдгэрч 14 хоноод ажилдаа ороход маш их нөлөөлсөн. Гэхдээ урьдынх шигээ эрч хүчтэй байгаагүй ээ. Гүйх тусам хэвийн болж байгаагаа мэдэрсэн. Тиймээс над шиг хүнд өвдөөгүй бол дасгал хөдөлгөөнөөрөө л босох юм билээ. Ерөнхийдөө, сайн амарч сэтгэл санаагаа амар тайван байлгах л хамгаас чухал санагдсан. Дулаан тухтай бай, хоолоо тохируулж хэрэглэ, шингэн юм сайн уу, сайн унтаж амар, муу мэдээ зэргээс өөрийгөө чөлөөл, битгий ай, гэрээ сайн агааржуул, хөдөл. Туссан нөхцөлд битгий ай, санаагаа бүү зовоо, харин нуух огт хэрэггүй. Нуувал чи өөрийгөө насан туршдаа зүхээд ч нэмэргүй тийм их нүгэлтэн болно.

Бидний амьдарч буй мужид ихэн үедээ бүх зүйлс хаагдаж (бүх шатны сургууль, үзвэр үйлчилгээ, хүнснээс бусад худалдаа) аль болох гэртээ байж, гэрийн тэжээвэр амьтдаа салхилуулах, агаарт гарахдаа гэрийнхээ орчимд гарах, зайгаа барихыг сануулж байсан. Мөн зайлшгүй шаардлагаар хүнсээ авах, эмнэлэг эмийн сан явахыг зөвшөөрч байсан.

Хүмүүс ажил хичээлдээ явахгүй, орлогогүй болохоор төрөөс хүн бүрд 1200 ам.доллар, хүүхдэд 500 ам.долларын нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон. Гэрийн хорионы үе дэх бүх хугацаанд нь цалин орлогыг нь  зуун хувь төрөөс даасан. Оюутан сурагчдийн сургалтын төлбөрийн зээл болон банкнууд ч зээлийн хүүгээ багасгаж зарим нь бүр хүүгээ тэглэсэн. Хөл хорио цуцлагдсанаас хойш ажил орлого нь хэвийн биш болоогүй бол 2020 он дуустал ажилгүйдлийн тэтгэмж олгож байгаа.

АНУ нь олон хүн амтай дээр нь маш олон давхарга зан заншилтай хүмүүс холилдон амьдардаг болохоор манайхан шиг эвлэлдэн нэгдэж хамгаалах тал дээрээ их алдаж байх шиг санагддаг. Одоо хүртэл маск бүгд зүүхийг эсэргүүцэгчид байсаар л... Авах тал нь төрөөс иргэдээ дэмжиж байгаа нь үнэхээр авууштай байна.

Ч.Нэмүүлэн АНУ-ын Виржиниа мужид амьдардаг

-ХҮН БҮРТ УЛСААС ТЭТГЭМЖ ӨГЧ, ОНЛАЙНААР ХЭРЭГЦЭЭТЭЙ ЗҮЙЛСЭЭ АВАХЫГ УРИАЛСАН-

Анх цар тахал тархаж байхад хоол хүнсний дэлгүүр, шатахуун түгээх газраас бусад бүхнийг хаасан. Оронд нь онлайнаар өөрт хэрэгцээтэй зүйлсийг захиалж авахыг уриалсан. Одоо харьцангүй хэвэндээ орж эхэлсэн байна. Хөл хорионы үед хүн бүрт улсаас тэтгэмж өгч байсан. Том хүн гэрлэсэн бол 2400 доллар, ганц бие бол 1200 доллар, хүүхдүүдэд 500 доллар өгч маскаа тогтмол зүүр гадуур гарч байхыг зөвлөсөн. Түүнчлэн өссөн хувцсаа даруй гэртээ ирээд угааж байх ёстой. Татвар төлдөг хүмүүс долоон хоног бүр ажилгүйдлын тэтгэмж гэж 600-800 доллар нэмж авсан.

Өнөөдрийн байдлаар нийт 10,567,203 хүн өвчилсөн байна. Үүнээс 3,957,511 хүн эдгэрсэн. Аль болох гэрээсээ гарахгүй байхыг сануулж байгаа. Бүх юмаа гэрээсээ амжуулж, гэртээ хоолоо захиалж идэх боломжтой. Мөн ойрхон халдвар илэрлээ гээд сандрахгүй тайван байх хэрэгтэй. Одоо бол байдал хэдийн тайван болж, үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллагаандаа орсон. Ажилгүйдлын түвшин багассан.

Бэлтгэсэн: Б.Цэдэвсүрэн

www.ubn.mn
ТАНИЛЦ: Нийслэлд нөөцийн мах худалдаалах цэгүүд
ТАНИЛЦ: Нийслэлд нөөцийн мах худалдаалах цэгүүд
 
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.