Улсын онцгой комисс, Засгийн газрын үргэлжилсэн хуралдаан дөнгөж сая дууслаа. Уг хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гаргасныг танилцууллаа.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатар: Маргааш буюу 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Үүний дээр Онц байдлын зэрэг бий. Тэгэхээр хоёрдугаар зэрэглэл рүү орууллаа гэсэн үг. Ирэх Мягмар гараг хүртэл хатуу хөл хориог тогтоож байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд манай улс анх удаа шилжлээ. Ингэснээр цар тахлын дэгдэлт, тархалтыг хумьж авахад тустай гэж Засгийн газар, УОК үзлээ.
Хүнс, эрүүл мэнд, эм хангамж, түлш, дулаан, усны хангамж, хэвлэл мэдээллийн байгууллагууд, буяны үйл ажиллагаа, хүнс тээвэрлэлт гэх мэт Гамшгийн тухай хуульд заасан энэ мэт стратегийн салбаруудыг хэвийн горимоор ажиллуулахаар тогтсон. Энэ бол иргэдийн амьдрах зайлшгүй хэрэгцээ, аюулгүй байдлын асуудал учраас хэвийн горимоор ажиллана.
Төрийн байгууллагуудаас коронавирусний цар тахлын эсрэг тэмцэхэд чухал үүрэгтэй бол зайлшгүй, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллана. Бусад байгууллагын ажилтнуудыг хөл хорионы бэлэн байдлын дэглэмд байхаар шийдвэрлэсэн. Тиймээс хувийн хэвшлүүдийг ч мөн адил энэ горимыг баримтлаасай гэж хэлэх байна.
Иргэддээ хандаж хэлэхэд хувь хүн бүр үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, зайлшгүй хэрэгцээний үед л гэрээс гарах, бусад үед хувийн сахилга бат, ариун цэврийг сахиад, заавар, зөвлөгөө мэдээллийг сонсоосой гэж хүсье, уриалъя.