VISUAL TOIM: Тэн хагастаа төсөвтэй зууралдсан ч, ЦАРИГИЙГ мартахаар тохирч төмөр замаа холбож, 28 жилийн дараа УРАНЫ ТӨСЛИЙГ ХӨДӨЛГӨСӨН намрын чуулган

Ангилал
Улс төр Visual toim
Огноо
Унших
13 минут 16 секунд

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган өнгөрөгч Баасан гарагт хаалтаа хийлээ. Төсөв тойрсон маргаан, гишүүдийн ирц идэвхээс гадна олон жил гацсан хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцсэн гээд олон нийтийн анхааралд өртсөн олон үйл явц намрын чуулганаар өрнөсөн билээ. Тэгвэл Д.Амарбаясгалан "ангийн даргатай" 126 гишүүнтэй парламентад энэ хугацаанд юу болж өнгөрсөн талаар хүргэж байна.

-81 ӨДӨР ЧУУЛСАН УИХ-

УИХ-ын тухай хуульд зааснаар ээлжит чуулган ажлын 75 хоногоос доошгүй хугацаанд хуралдах ёстой гэж заасан байдаг. Тэгвэл намрын чуулган хуульд заасны дагуу 81 өдөр чуулсан байна. Ийнхүү 81 өдөр чуулахдаа Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсан байдаг.

-52 ХУУЛЬ, 57 ТОГТООЛЫГ БАТАЛЖЭЭ-

Энэ хугацаанд бие даасан хууль 8, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8-ыг баталсан байна. Ингэснээр нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталсан гэсэн үг юм.

-БАЙНГЫН ХОРОО, ДЭД ХОРООД 150 ГАРУЙ УДАА ХУРАЛДАВ-

Намрын чуулганаар УИХ-ын чуулганы хуралдаанаас гадна Байнгын хорооны хуралдаан 146 удаа, Дэд хорооны хуралдаан 6 удаа тус тус хийжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 60 гаруй ажлын хэсэг давхардсан тоогоор 90 гаруй удаа хуралдсан байна. Эдгээр ажлын хэсгүүд жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох, мопед, скүүтерийн хэрэглээг нарийвчлан зохицуулах, электрон тамхины хэрэглээг зохицуулах, тамхины хяналтын хууль тогтоомжийг сайжруулах зэрэг нийгэм, эдийн засгийн асуудлуудыг хөндөн ажиллаж байгаа аж.

-11 ХУУЛЬ, ТОГТООЛЫГ ЯАРАЛТАЙГААР ХЭЛЭЛЦЭВ-

Засгийн газраас өргөн мэдүүлсэн, “яаралтай горим”-оор хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал нааштай хүлээн авсан нь харагдаж байна. Тодруулбал, хуулийг яаралтай горимоор хэлэлцэх заалт 2016 оноос хэрэглэх болсноос хойш 9 жилийн хугацаанд Улсын Их Хурал нийт 76 буюу жилд дунджаар 8-9 хууль, тогтоолын төслийг энэ горимоор хэлэлцжээ. 2016-2020 оны парламентын үед 22 хууль, тогтоолын төсөл яаралтай горимоор хэлэлцэж байсан бол 2020-2024 оны парламентын үед энэ тоо 2.4 дахин өсөж 53 хууль, тогтоолын төслийг яаралтайгаар хэлэлцсэн байна. Харин энэ удаагийн намрын чуулганаар нийт 11 хууль, тогтоолын төсөл яаралтай горимоор шийдсэн байна.

-126 ГИШҮҮНИЙ ТОО 124 БОЛОХ УУ-

Энэ парламентаас бүрэн эрх нь хөндөгдөж болзошгүй хоёр ч гишүүн байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Дав.Цогтбаатар нар нь өмнө Хөгжлийн банкны хэрэгт буруутгагдан шүүхийн хаалга татсан ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон тул цагаадаж байв. Гэвч УДШ эл хоёр гишүүдэд холбогдох хэргийг хэлэлцэж, улмаар тэдэнд холбогдуулан гаргасан ял шийтгэлийг хэвээр үлдээснээр бүрэн эрхийн асуудал хөндөгдөж эхлээд буй билээ.

Уг шийдвэр гараад сарын хугацаа болсон хэдий ч УИХ тогтоол ирээгүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж буй. Харин өнөөдрийг хүртэл гишүүд чуулганы хуралдаанд оролцож, кнопоо ашиглаж яваа нь Үндсэн хуулийн зөрчлийг дагуулж байгаа талаар гишүүд ч хэлж буй.

-УРАН, ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨСЛҮҮД ГАРААНААС ГАРАВ-

Сүүлийн 30 гаруй жил ярьсан ч амьдралд бодит биеллээ олоогүй, “гацсан” төслүүдийг гацаанаас гаргаж, хөгжил дэвшлийг тушсан чөдрийг тайлах эхний алхмуудыг Улсын Их Хурал энэ удаагийн чуулганаараа хийж чадлаа" хэмээн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хаалтын үеэр онцолсон байдаг. Үүнд дээрх гурван төслийг нэрлэж болно.

-“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай" тогтоолыг баталж, 12 үндсэн чиглэл баримталж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Зөвхөн төмөр замын бүтээн байгуулалт амжилттай хэрэгжсэнээр Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч боомтын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн терминал ашиглалтад орж, Монгол Улсын экспортын хүчин чадал нэмэгдэж, экспортын орлого хоёр дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэх юм.

-Монгол-Францын хамтарсан уран үйлдвэрлэлийн төсөл хэрэгжсэнээр жилд 2500 тонн уран экспортолж, төсөл хэрэгжих хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт 5.2 тэрбум доллар төвлөрөх боломж бүрдэнэ. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр хэдэн мянган шинэ ажлын байрууд бий болох юм.

-ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГААР ТОГТНОЛОО УЛАМ БҮР АЛДАХ ШИЙДВЭР ГАРГАВ-

Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх бөгөөд үүнд 20 сая ам.доллар буюу 68 тэрбум төгрөг зарцуулна. Зураг төсөл гарсны дараагаар үе шаттайгаар өргөтгөн, шинэчлэх ажлыг эхлүүлэх юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын өмнө өнгөрсөн есдүгээр сарын яаралтайгаар орж ирсэн асуудал сая намрын чуулганаар үргэлжлэн ийнхүү шийдэгдэв.

Одоо байгаа 198 МВт "ДЦС З"-ыг хойд хөршийнхөн өргөтгөж шинэчилнэ. Ингэхдээ эхний үе шатанд 50 МВт-ын дулааны станцыг шинээр барихаар, дараагийн шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцыг буулган, суурин дээр нь 250 МВт-ын дулааны цахилгаан станц шинээр барих төсөл юм. Зураг төсөл гарсны дараагаар "ДЦС 3"-ыг нийт 5.4 их наяд төгрөгөөр шинэчилнэ. Одоо байгаа хүчин чадлыг нь дөнгөж 100 МВт-аар л нэмэгдүүлнэ. Харин шинээр барихаар төлөвлөсөн ч барьж чадахгүй байгаа V цахилгаан станцын нийт өртгийг 2.2 их наяд төгрөг юм. Өөрөөр хэлбэл, тус бүр нь 450 МВт хүчин чадалтай V цахилгаан станцыг бараг 3 ширхэгийг барих мөнгөөр бид ОХУ-ын хуучин технологийг худалдаж авах гэж байна гэсэн үг билээ.

"ГАЛ" ДАГУУЛСАН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХУУЛЬ-

Намрын чуулганы хамгийн "гал"-тай сэдвээр гадаадын ажиллах хүчтэй холбоотой хуулийн төслүүд түүний эргэн тойронд өрнөсөн хэлцэл, маргааныг нэрлэж болно. Улмаар хэдхэн хоногийн зайтай өргөн барьсан хоёр хуулийн төслийн нэг нь эргүүлэн татагдаж, нэг нь УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд үлдсэн байдаг.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн барьсан хуулиар ажиллах хүчний тоо хэмжээн дээр хязгаарлалт тогтоохгүй байх болон ажил олгогчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх агуулга багтсан байдаг. Харин Л.Энх-Амгалан сайдын өргөн барьсан хуулийн төсөлд ААН байгууллагуудад ажлын байрны хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх асуудлыг хөндсөн юм.

-ЧУУЛГАНЫ ТЭН ХАГАСТ ТӨСӨВТЭЙ "ЗУУРАЛДАВ"-

Засгийн газрын 2025 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг хуулийн хугацаандаа буюу наймдугаар сарын 30-нд өргөн барьсан. Улмаар намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн төсөв батлах ажил руугаа шамдсан ч чуулах ёстой хугацааныхаа тэн хагаст нь төсөвтэйгээ "зууралдсан" гэж хэлж болно. Учир нь энэ хугацаанд төсвөө баталж, хориг тавиулж, дахин боловсруулж УИХ-аар батлуулах зэрэг олон үйл явц өрнөсөөр хоёр сарын хугацааг зарцуулсан юм.

-ТӨСВИЙН АКЦ: УРСГАЛ ЗАРДЛАА 3.6 ИХ НАЯДААР ТАНА-

2025 оны төсвийн урсгал зардлыг бууруулах саналыг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин нарын гишүүд гаргаж, шаардлагаа Ерөнхий сайдад атгуулсан. Намуудад мөрийн хөтөлбөрийг нь сануулж төсвийн зардлаа бууруулахыг шаардсаныхаа төлөө зарим гишүүд нь "Намынхаа бодлого сөрсөн" гэх үгэнд ороогдоод ч амжсан. Гэсэн хэдий ч тэдний энэ акц төсвийн хэлэлцүүлгийг урагшлуулж, алдагдалгүй төсөв батлах үйл явцыг түргэсгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ БА "ЗАНГАРАГ"-

35.8 их наядын зарлагатай байхаар тусгасан 2025 оны төсвийг УИХ хэлэлцэн баталсантай холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төсөвт бүхэлд нь хориг тавьсан юм. Богинохон хугацаанд өрнөж орхисон эл процесс дээр УИХ өөрөө өөрийгөө үгүйсгэж эвгүй байдалд орсон ч хоригийн дагуу төсвөө алдагдалгүй батлав.

Хориг тавьсан гол санааг нь нь олон нийт, УИХ дэмжсэн цаашдаа бүхэлд нь ийм байдлаар хориг тавих, бүр дахин хориг тавина гэх үгтэйгээр оруулж ирэх нь УИХ, ЗГ-ын үйл ажиллагааг доголдуулах, жинхэнэ утгаараа институт хоорондын зөрчлийг үүсгэсэн зүйл болох нигууртай.

-АНХ УДАА АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТЛАВ-

Ерөнхийлөгч төсөвт хориг тавихдаа "Алдагдалгүй төсөв батлах"-ыг "үүрэгдсэн". Ингэхдээ гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй хэмээн онцолж байв. Учир нь алдагдалгүй төсөв батлах талаар жил бүр ам уралдуулдаг ч начир дээрээ өнгөрөгч 2021 оноос хойш л гэхэд 8 орчим их наяд төгрөгийн алдагдлыг төсвөөрөө дамжуулан баталжээ. Харин "хориг дамнасан" процессын дүнд УИХ анх удаа алдагдалгүй төсөв баталсан юм.

-"ОЛДДОГГҮЙ" ХОЁР-

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган хийхтэй зэрэгцэн гишүүдийн ирцийн асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандсан. Тухайлбал, чуулганы хуралдаан өнгөрсөн арванхоёрдугаар сард 11 удаа хуралдахад УИХ-ын гишүүн Х.Баттулга 7 удаа тасалж, 3 удаа эмнэлгийн чөлөө авч, 1 удаа оролцжээ. Харин УИХ-ын гишүүн С.Лүндэг 2 удаа тасалж, 9 удаа эмнэлгийн чөлөө авч, нэг ч суугаагүй байна. Зөвхөн 12 дугаар сард ч бус бусад саруудын чуулганы ирцийн мэдээллээс харахад тухайн хоёр гишүүний идэвх сүүл мушгисаар байгаа юм. Тэгвэл чуулганы хуралдааныг олон цаг тасалсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Ёсзүй, дэгийн байнгын хорооноос Х.Баттулга, С.Лүндэг нараас тайлбар авах аж.

-ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫГ ХИЙВ-

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк, нүүрсний гэх хэрэг, ногоон автобус, эмийн үнэ, чанар, ашигт малтмал зэрэг сонсголууд хүлээлгээс гарсан байдаг. Тэгвэл энэ намрын чуулганы хугацаанд "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандахаас ангид байх эрхийн хэрэгжилт, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хяналтын сонсгол"-ыг 37 төрийн байгууллага, 87 иргэн, хуулийн этгээд, 2 ажиглагчийг оролцуулан зохион байгуулжээ. Үргэлжлүүлэн ирэх хоёрдугаар сард утааны асуудлаарх сонсгол болохоор хүлээгдэж байна.

Ц.Баатархүү: Дроны мэргэжлийн операторыг сургах, гэрчилгээжүүлэх ажлыг хавраас эхлүүлнэ
Ц.Баатархүү: Дроны мэргэжлийн операторыг сургах, гэрчилгээжүүлэх ажлыг хавраас эхлүүлнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!