Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу Дроны дэлхийн зах зээл 2021 онд 26.3 тэрбум ам. доллар байсан бол 2030 он гэхэд 54.6 тэрбум ам. доллар болж өсөх төлөвтэй байна гэсэн судалгааг Drone industry insight байгууллагаас гаргажээ.
Эдийн засгийн шинэ бүтэц болж орж ирж буй энэхүү дэвшилтэт технологийг дэлхийн олон улс батлан хамгаалах, шуудангийн хүргэлт, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт ашиглаж, бүтээмжийг нэмэгдүүлж байна.
Манай улс ч энэ төрлийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлэх, түүний туршилтын бүсийг байгуулан гаднын хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломжтой юм. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дроны анхны хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа төдийгүй дрон туршилтын талбайг Баянзүрх-Налайх дүүрэг, Дархан-Уул аймагт байгуулах шийдвэрийг гаргасан билээ.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээнийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нээлээ. Тэрбээр “Монгол Улсын технологийн салбарт шинэ эдийн засаг бүтээх түүхийн хуудас нээгдэж байна. Дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн бол Монгол Улсад дрон угсралт, үйлдвэрлэлд чухал хувь нэмэр оруулна. Энэ тэмцээнээс үүдэлтэйгээр дроны мэргэжлийн оператор буюу жолоодогч нарыг сургах, албан ёсны мэргэжлийн гэрчилгээжүүлэх ажил эхэлнэ. Дроны нисгэгч гэдэг бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цоо шинэ ажил мэргэжил юм. Тиймээс энэ тэмцээнд оролцож буй залуучууд Монгол Улсын хүний нөөц, технологийн салбарт цоо шинэ, ажил мэргэжлийг бий болгож, дараагийн үедээ энэхүү ур чадвараа өвлүүлэх хамтын үүрэг хариуцлагыг хүлээж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дроны хэрэглээг нэмэгдүүлэх анхны хуулийн төслийг боловсруулж байгаа төдийгүй дрон туршилтын талбайг Баянзүрх-Налайх дүүрэг болон Дархан-Уул аймагт байгуулахаар болсон. Мөн ирэх гуравдугаар сараас дрон жолоодлогын мэргэжлийн үнэмлэх олгох сургалтын хөтөлбөр танилцуулж, мэргэжлийн операторыг сургах, гэрчилгээжүүлэх ажлыг эхлүүлнэ” гэдгийг онцолсон юм.
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буй дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээн дараах төрлүүдээр явагдаж байна. Үүнд
- Мэргэжлийн (FPV)
- Сонирхгчдын (Commercial)
- Тоглоомын (TOY)
- Өөрөө угсрах (DIY)
-
Хүүхдийн чөлөөт төрөл (12 хүртэлх нас)
Тус тэмцээнийг Монгол Улсад нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийн аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Дрон жолоодлогын анхдугаар тэмцээний улсын аваргууд ням гарагт тодорно.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!