Дэлхий дахинд интернет хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр цахим гэмт хэрэг гаарч байгаа нь анхаарал татаж буй. Монгол Улсын хувьд 190 орноос 103-т жагсаж байгаа юм. Энэ нь 2020 онтой харьцуулахад 17 байраар ахиц гаргасан ч цахим гэмт хэргийн тоо өдрөөс өдөрт эрчимжсээр байна.
Манай улс IP хаягт бүртгэгдсэн сэжигтэй хортой код, халдлагыг илрүүлж хариу арга хэмжээ авч байгаа. Гэвч нэг IP хаягийн цаана хэчнээн хэрэглэгч байгааг тооцоолох боломжгүй байна.
Хэрэв үүнийг бүртгэж чадвал кибер халдлагын үед шуурхай арга хэмжээ авах боломжтой болохыг Кибер аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр ярив. Тэрбээр 2024 оны үйл ажиллагааны тайланг зөвлөлийн гишүүдэд танилцуулж байх үеэрээ ийнхүү онцолсон юм.
Тоон баримт дурдвал, өнгөрсөн онд гэхэд л манай улсад бүртгэлтэй 184.576 IP хаяг бүртгэгдснээс 182.725 удаагийн хортой кодын сэжигтэй үйлдэл гэж бүртгэгджээ. Үүний дотор 11.012 IP хаягт сэжигтэй үйлдэл илэрчээ. Энэ бол манай улсад IP хаягт бүртгэгдсэн халдлагын тоо болохыг Цахим хөгжил инновац, харилцаа холбооны яам мэдээлэлдээ дурджээ. Тус яамны мэдээлснээр 2024 онд хортой кодын халдлагад өртсөн 145 IP -т хариу арга хэмжээ авсан байна.
Мөн өнгөрсөн онд мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх тусгай зөвшөөрлийг 29 байгууллагад олгосон бол онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй 37 байгууллага эрсдэлийн үнэлгээ хийлгэжээ. Түүнчлэн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал, форумыг зохион байгуулсан байна. Үүний зэрэгцээ онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй байх, кибер аюулгүй байдлыг хангах тусгайлсан төсвийг улсын төсвийн ангилалд оруулжээ. Ийнхүү Кибер аюулгүй байдлын Үндэсний зөвлөл 2024 оны тайланг хэлэлцэн дүгнэсэн бөгөөд энэ жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан юм.
Манай улс 2024 онд Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх судалгааг эхлүүлсэн. Тус судалгааны үр дүнг хоёрдугаар сарын 19-нд олон нийтэд танилцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!