Монголбанк 2025 оны төрөөс мөнгөний бодлогыг баримтлах үндсэн чиглэлд хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцыг +-2 нэгж хувийн интервалтай, 6 хувь орчимд барихаар тусгасан. Харин өнөөдөр оны эцэст /2024 оны арванхоёрдугаар сар/ инфляци 9 хувьтай гарч өмнөх сараас нэг хувиар өссөн юм.
Мөн Улаанбаатар хотод инфляци 9.1 хувьтай гарсан нь төв банкны зорилтын дээд хязгаарыг давжээ.
Төв банкны зүгээс үндсэн зорилт болох инфляцыг 2024 оны зургаадугаар сард зорилтот түвшинд хүргэж бууруулж чадсан. Дунджаар 6.6 хувьтай байсан инфляци наймдугаар сараас халж эхэлснээс хойш хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа юм. Үүнд, төсвийн зардал, зээл, цалингийн өсөлт, цахилгаан дулааны үнийн өсөлт, хоёр жил дараалсан зудын хүндрэл зэрэг нь дарамт учруулж байгааг Монголбанк тайландаа дурджээ. Цаашид мөнгөний бодлого нь эдгээр сорилтыг даван туулж, инфляцын зорилтоо хангахад чиглэнэ гэдгийг онцолсон байв.
Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийг дагасан дам нөлөө, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн хуваарилалт, төсвийн зардлын үргэлжилсэн тэлэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр үнийн өсөлтийн дарамт нэмэгдэхээр байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг чангаруулах шаардлагыг бий болгожээ.
Хэрэглээний сагсыг тодорхойлдог инфляци халж байгаа нь улмаар үнийн дарамтанд иргэд орж амьжиргааны түвшин буурах эрсдэл байгааг эдийн засагч Б.Энх-Амгалан хэлэв. Тэрбээр “МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Б.Энх-Амгалан: Ам.долларын ханш чангарч байгаа нь инфляци өсөх дохио болж байна. Энэ нь үнийн дарамтанд иргэд өртөж, амьжиргааны түвшин буурна гэсэн үг. Цаашид Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мега төслүүдийн хүрээнд импорт нэмэгдэнэ. Үүнийг дагаад ам.долларын ханш өсөх магадлал өндөр ” гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!