Одоогоос хоёр жилийн өмнө төв талбайд “Манан дэглэмийн эсрэг” жагсаал болж 30 мянга орчим хүн цуглаж шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн. Ард түмэн “шүдгүй арслан” шиг Ерөнхий сайдаа шүдтэй болгож МАНАН-гийн толгойлогч гэгдэх М.Энхболдыг суудлаас нь буулгаж бүх итгэл найдвараа У.Хүрэлсүхийн тэмцэлд гал цогтойгоор зориулсан билээ. Түүний удирдсан баг үндсэн хуулиа шинэчилж, цар тахлын эсрэг үр дүнтэй тэмцэж, эдийн засгийг тогтворжуулсан гээд яривал гийгүүлсэн гавьяа ихтэй. Нэг амьсгаагаар сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргаа "хусч" хариуцлага тооцсон Ерөнхий сайд түүнээс өөр үгүй. У.Хүрэлсүх шинэ цагийн улс төрд гарцаа байхгүй үзэгдэл мөн. Эрх баригч нам өөрийн саналаар Засгийн газраа огцруулаад дараагийн сонгуульд ялж байсан түүх өмнө нь байгаагүй. Тэр тусмаа МАН өөрсдийн саналаар Засгийн газраа огцруулсан анхны хөдөлгөөнийг тэр толгойлсон. Олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш нэг нам дарааллан сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан магадгүй дараа ч давтагдахгүй амжилт мөн л түүнийх. Улс төрийн том зургаараа тэр ийнхүү түүхэн амжилтуудыг үзүүлсэн бол С.Баяраас хойш 50 хувийн рейтингийн босго давсан анхны улс төрч, сүүлийн 16 жил 30-аас дээш давахгүй байсан намын рейтингийг 40 хувьд хүргэсэн анхны намын дарга гэдгээрээ хувь улс төрчийнхөө хувьд ч өөрийн өвийг дархлаад авсан. Ард түмэн У.Хүрэлсүхэд маш итгэсэн. Одоо ч итгэсээр байгаа.
Гэтэл сүүлийн үед шударга ёсны баталгаат хугацаа дуусчихав уу? гэмээр эрээ цээргүй үйл явдлууд ар араасаа өрнөж, үүнд эрх баригч МАН-ын зүгээс ямар ч тайлбар хийхгүй таг дуугүй байгаа нь олон нийтийг эргэлзэхэд хүргэх боллоо. Ялангуяа Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн төрсөн охиныхоо сургалтын төлбөр 102 сая төгрөгийг уурхайн хөрөнгөнөөс гаргасан, сайд Г.Ёндон хоёр хүүгийнхээ төлбөрийг мөн л Монросцветметээс гаргуулсан зэрэг үйл явдлууд олон нийтийн дургүйцлийг ихээр төрүүлж эргээд нийгэм шударга ёсоор цангаад ирлээ.
АН-ын үед буюу 2012-2016 онд төрийн өмчит компаниуд дээд зэргээр галзуурч, дарга захирлууд нь 15-20 сая төгрөгийн цалин авдаг болчихсон байлаа. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар цалингийн дээд хязгаарыг 2.5 сая төгрөг байхаар шийдвэрлэж, нэргүй зүсгүй ТУЗ-ийн гишүүдийн урамшууллыг 350 мянгаар тогтоож байсан нь хар дээр цагаанаар бичигдсэн баримт. Гэтэл өнөөдөр эргээд төрийн өмчит компаниуд галзуурлын оргилдоо хүрчихсэн байна. 10-20 сая төгрөгийн цалин авдаг, хүүхдийнхээ төлбөрийг төлүүлдэг, массажны сандал 50 саяар авдаг, 500 саяар бенз унадаг, 900 саяар ланд крузер худалдаж авдаг зэрэг тансаглал У.Хүрэлсүхийн үед эргээд цэцэглэлээ. Энэ галзуурлыг Ерөнхий сайд маань мэдэхгүй анзаарахгүй яваад байсан уу? мэдсээр байж өөхшүүлээд байсан уу? гэдэгт хариулт өгөх хэрэгтэй. Мэдэхгүй анзаарахгүй явсаар ийм байдалд хүрсэн бол нэн даруй зогсоох хэрэгтэй.
Төрийн албаны томилгоонд төрийн албаны хууль хэрэгжихгүй, цар тахлын хуулийн нэрийн дор огт шалгуур хангахгүй хүмүүсийг томилох явдал газар авсанд бор махаа хаттал шударгаар зүтгэж, мерит зарчим үйлчилнэ дээ гэж итгэж найдсан олон мянган төрийн албан хаагч гомдоллох боллоо.
IPO гэж мэдэхгүй Д.Хаянхярвааг Тавантолгойн захирлаар томилж, Франц хэлгүй Ө.Энхтүвшинг Франц улс дахь элчингээр мордуулж, Эрдэнэт үйлдвэрт шахаа хийсэн гэгдэх Ц.Нямдоржийн хүүг Төрийн нарийн бичгийн дарга болгож, Монголын төрд насаараа хайрлагдсан хэрнээ "Рио тинто"-гоос цалин авдаг экс Ерөнхийлөгч Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-д улируулав. Гэрээгээр ногдол ашиг авах хугацаа хойшлоод л байдаг, гэрээ байгуулсан, өөрчилсөн хүмүүс эхнээсээ орон шоронд яваад байдаг. Харин олон жил ТУЗ-ийн гишүүн хийсэн Н.Багабанди үг дуугүй 100 мянган долларын цалингаа авсаар л суух уу? Яах вэ, энэ явдлыг ач санах, ахмадуудынхаа туршлагыг ашиглах гэж тайлбарлаад өнгөрье. ЖДҮ-гийн хэргээр ял авсан хүмүүс эхнээсээ мултраад эхэлснийг шүүх, цагдаа руу нь чихээд л өнгөрье. Гэтэл хашааных нь гол, хамрынх нь үзүүрт үзэгдэх Х.Бадамсүрэнгийн талаар “А” ч гэхгүй байгаа нь үнэхээр хачирхалтай. Ядаж түүндээ хариуцлага тооцвол өрөөл татуу ч болов шударга ёсны эрмэлзэл хэвээрээ юм байна гэдэгт олон нийт итгэх болов уу.
О.Цагариг