Хуучин хотын дарга С.Амарсайханыг сургуулийн автобусны тендэр зарлахдаа танил талдаа давуу байдлыг бий болгосон, мөнгө идсэн хэмээн хардаж, үүнийг хууль хүчний байгууллагаар шалгаж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Амарсайхан энэ талаар тайлбар хийжээ.
Тэрбээр, “Иргэн, аж ахуйн нэгж аливаа асуудлаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй. АТГ болон хууль хяналтын бусад байгууллагаас ямар нэгэн хэрэг үүсгэж байгаа талаар надад мэдэгдээгүй бөгөөд энэ талаар тодруулж, тайлбар мэдүүлэг авсан зүйл байхгүй байгааг онцлон хэлэх нь зөв байх. Миний бие Хотын даргаар ажиллаж байхдаа ямарваа нэгэн хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгаагүй билээ. Олон нийтийн анхаарлыг татаад байгаа Хүүхдийн автобус худалдан авах ажиллагаа хэрхэн зохион байгуулагдсан талаар дараах албан ёсны тайлбарыг хүргэх нь зүйтэй гэж үзлээ… Хүүхдийн автобустай холбоотой асуудлыг буруу зөрүүтэй ойлгох нөхцөл нийгэмд үүсгэж болзошгүй байгаа тул дараах тайлбарыг хүргэж байна” гээд дараах тайлбарыг хийжээ.
- Хүүхдийн автобус худалдан авах төсөв хөрөнгийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоож, баталж өгсөн.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан дагуу “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болно” гэсэн заалтыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/463 дугаар сарын захирамжаар Хүүхдийн автобус худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж, санхүүжүүлэх эрхийг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-д шилжүүлсэн.
- 3. Улмаар эрх шилжүүлж авсан Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн үнэлгээний хороо худалдан авах ажиллагааг хужль журмын хүрээнд зохион байгуулж, гүйцэтгэгч компаниар Моннис групп ХХК-ийг шалгаруулсан байна. Уг худалдан авах үйл ажиллагаанд миний бие оролцоогүй, хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу тухайн үйл ажиллагааг зохион явуулахыг үүрэг болгосон байдаг.
- Хүүхдийн автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороо нь үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, ТЕГ-ын зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн хүрээнд харьцуулалт, сонгон шалгаруулалт хийж, холбогдох баримт бичгийн шаардлагыг хангасан гэж үзэж гүйцэтгэгчийг сонгож гэрээ хийсэн байдаг
- Миний бие Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа хотын хөгжил дэвшил, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад чиглэсэн үндсэн зорилгын төлөө хичээн зүтгэж ирсэн болохоос аливаа хувийн зорилго, ашиг сонирхлын зүгээс хандаж байсан удаагүй бөгөөд ийм нөхцөлийг үүсгэхгүй байх шаардлагыг нийслэлийн бүх шатны байгууллагын ажилтан албан хаагчаа шаардаж ажиллах зарчмыг баримт тул хүүхдийн автобус худалдан авахтай холбоотой асуудалд оролцож, үнэлгээний хороонд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй болно.
Харин автобус худалдан авахтай холбоотой үйл ажиллагаа нь холбогдох хууль журмын дагуу зохион байгуулагдсан уу, тухайн үйл ажиллагаанд оролцсон албан тушаалтнууд буюу үнэлгээний хорооны гишүүд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх, хэт өндөр үнээр хүүхдийн автобус худалдаж авсан эсэхийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа тухай мэдээлэл авсан. Хууль хүчний байгууллагаас тухайн асуудлыг шуурхай шалган шийдвэрлэж, үнэн мөнийг нь тогтооход миний бие бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдлээ.