Өмнөх парламент 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж баталсан. Уг хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэх заалт орсон нь олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртээд буй. Тэгвэл энэхүү асуудалд гишүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
-Иргэдийн анхаарал суларсан, сонгууль гээд явж байхад ямар хуулиуд батлагдсан бэ гэдэгт дүн шинжилгээ хийнэ-
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Энэ мэдээллийг иргэдийн адил сошиал медиагаас авлаа. Ямар учиртай заалт болохыг УИХ-ын Тамгын газраас лавлахад “Өмнө нь байсан заалт” гэсэн. Санаа зовоож буй зүйл нь юу вэ гэхээр төрд итгэх итгэл чухал. Шинэ парламент төлөөлөх чадвараа бэхжүүлэх, итгэлцлийг бий болгох зорилтыг дэвшүүлж байгаа. Гэтэл гэнэт нэг заалтыг гаргаж ирж сэвээд байгааг гайхаж байна.
Нөгөө талаас, өмнөх парламент сонгууль болохын өмнө 2024 оны зургаадугаар сарын 5-нд маш олон хуулийг нэгэн зэрэг баталсан. Зарим хуулийн заалтыг нь өнөөдрийг хүртэл сайн мэдэхгүй явж байна. Иргэдийн анхаарал суларсан, сонгууль гээд явж байхад ямар хуулиуд батлагдсан бэ гэдэгт дүн шинжилгээ хийе гэсэн байдалтай байгаа.
УИХ-ын гишүүд аливаа санал хураалтад оролцохдоо өөрийгөө ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн тохиолдолд тухайн санал хураалтад оролцохгүй байх үүрэгтэй. Нөгөө талаасаа, Ерөнхийлөгч дээр ч гэдэг юм уу тодорхой зохицуулалтууд байсаар ирсэн. Ерөнхийдөө Монгол Улсад хэрэгжиж буй 800 гаруй хуульд бидний мэдэхгүй маш олон зүйл, заалтууд бий. УИХ-ын гишүүд байтугай хуульчид ч мэддэггүй. Миний хувьд гишүүд бүрэн эрхээ дууссаны аливаа нэг тэтгэмж аваад явах нь зохимжгүй гэж үзэж байна.
-Нэг удаагийн тэтгэмжийн асуудлыг буруу гэж бодохгүй байгаа-
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Бид сая л мэдэж байгаа болохоос 1992 оноос хойш байсан заалт юм билээ л дээ. Шүүмжилж буй хэсгийнх нь зөв. Яагаад зөв гэхээр иргэд төрд итгэхгүй байна. УИХ-ын гишүүнийг хувийн амьдралаа дээшлүүлэх гэж гишүүн болж байна, мөнгөтэй хүмүүс тэр ажлыг хийж байна, юу хийсэн гэж эрх ямба эдэлж байгаа юм бэ гэж бодож байна шүү дээ. Өөрөөр хэлбэл үнэлэмжгүй болчихсон. Яагаад үнэлэмжгүй болсон бэ гэхээр өмнөх парламентад ажиллаж байсан гишүүдийн үг үйлдэл, холбогдсон хэрэг, гаргаж буй шийдвэрүүд төрд итгэх итгэлийг байхгүй болгосон.
Гишүүдэд муу, өөдгүй хүн, авлигач, хулгайч гэдэг нэр зүүлгэсэн. Гэтэл яг үнэндээ надтай адилхан шинээр сонгогдсон залуу гишүүд хувийн ашиг сонирхол, мөнгөтэй болох гэж сонгогдоогүй. Жишээлбэл, би сэтгүүлч байхаасаа л нийгмийн нэг асуудлыг шийдчих юм сан, олон нийтийг хэрсүү болгочих юм сан гэж ажилладаг байсан.
Тийм учраас энэ яригдаад буй тэтгэмжийн асуудлыг буруу гэж бодохгүй байгаа. Улсын төлөө бүх л асуудал дээр энергиэ зарцуулж ажиллаж буй ОЛИГАРХ биш хүмүүст төрд ажилласных нь төлөө энэ зэргийн юм байх ёстой гэж үзэж байна.
-Дээрх заалтыг хүчингүй болгох хууль өргөн баривал би дэмжинэ-
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Анх 1992 онд энэ заалт ороход мөнгөн тэтгэмжийн асуудал байгаагүй. Хэрвээ гишүүний ажлаасаа буугаад, бага цалинтай ажилд очсон тохиолдолд дүйцэхүйц хэмжээний ажлыг төр хариуцах заалт үйлчилж байсан. Гэнэт энэ заалт яагаад гараад ирэв гэхээр 1-р сарын 11-нд жагсаал болох гэж буйтай холбоотойгоор “Муу л бол хойд талын хар овоохой” гэгчээр энэ парламент руу хог новш болгож түлхэж байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд энэ тэтгэмжийг гарын 10 хуруунд багтахаар тооны л гишүүд авсан юм билээ. Энэ удаагийн парламентад анализ хийхэд, насаараа төрд ажилласан буюу Б.Бейсен, Д.Рэгдэл тэргүүтэй таван гишүүн л энэ тэтгэмжид хамрагдах байх.
Шинэ гишүүд үүнийг мэдэхгүй учраас нэлээн эгдүүцэлтэй байна. Гишүүдийн групп чатыг харж байхад, дээрх заалтыг хүчингүй болгох хууль өргөн барьж магадгүй юм шиг байна лээ. Хэрвээ хууль өргөн барьсан тохиолдолд би дэмжиж санал өгнө.
-Шударга ёсонд нийцэхгүй учраас бүрэн эрх нь дууссан гишүүнд тэтгэмж олгодог заалтыг хасуулах саналтай байгаа-
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Энэ заалтыг би ерөөсөө мэдээгүй. Өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд батлагдсан заалт юм билээ. Энэ заалт нь тэгш бус байдлыг зөрчиж байна гэх шүүмжлэл гарсан. Хуульч хүнийхээ хувьд үүнтэй санал нэг байгаа. Тиймээс иргэд бухимдаж байгаагаас гадна шударга ёсонд нийцэхгүй учраас бүрэн эрх нь дууссан гишүүнд тэтгэмж олгодог заалтыг хасуулах саналтай байгаа.
-Дээрх заалтыг хасах хуулийн төсөл боловсруулахаар яригдаж байна-
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Энэ хуулийг 126 гишүүн баталсан мэтээр нийгэмд яриад байна. Өмнө нь байсан заалт юм билээ. Ер нь хүн ажлаа өгсөн л бол заавал төрөөс дэмжлэг аваад байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Бид өөрсдөө хүсэж, ард түмний төлөөлөл болъё гэж л энд гишүүн болж орж ирсэн. Тэгсэн атлаа төрөөс ийм ч юм авна, тийм ч юм авна гээд байгаа нь таалагдахгүй байна.
Энэ заалтыг болиулах байх өө. Ихэнх гишүүд дэмий гэж ярьж байна лээ. Дээрх заалтыг хасах хуулийн төсөл боловсруулахаар яригдаж байна. Би үүнийг дэмжиж оролцоно.
Зарим гишүүдийн ярьж буйгаа УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх заалтыг хасах хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байгаа аж.
-4 жил ажилласан хүн 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдгийг болиулна-
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "УИХ-ын гишүүнээр 4 жил ажилласан хүн нэг жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдгийг болиулна. Тиймээс хаврын чуулганаар УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барихаар саналаа хүргүүллээ" гэв.
-Тэтгэмж олгох заалтыг хасах хууль санаачилбал хамгийн түрүүнд гарын үсэг зурна-
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Нэг хэсэг орон нутгаас сонгогдсон гишүүдэд байр олгож байсан. Харин одоо энэ үйл ажиллагаа зохимжгүй гэдэг нь тодорхой болсон. Тиймээс улс төрийн шийдвэр гаргаад энэ зүйл, заалтыг хүчингүй болгоход татгалзах гишүүн гарахгүй болов уу.
УИХ-ын гишүүн гэдгээр давуу байдал эдэлж цалин мөнгө нэмж аваад, буухдаа ч янз бүрийн тэтгэмж аваад байх шаардлагагүй. Тиймээс хэн нэг гишүүн энэхүү тэтгэмж олгох заалтыг хасах хуулийн төсөл санаачилбал хамгийн түрүүнд гарын үсэг зураад, хууль санаачлагчаар явна" гэсэн юм.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!