Кембрижийн гүн энэ оны эхээр коронавирусний халдвар авсан тухай ордны эх сурвалжууд “BBC” сувагт мэдээлжээ. Түүнийг дөрөвдүгээр сард буюу Уэльсийн хунтайж эцэгтэйгээ ойролцоо байхдаа халдвар авсан гэж үзэж буй.
Энэ талаар анх нийтэлсэн “Sun” сонинд мэдээлснээр, өдгөө 38 настай хунтайж Уиллиам олон нийтийг сандаргахаас сэргийлэхийн тулд оношоо нууцалжээ. Харин Кенсингтон ордон энэ тухай албан ёсны хариулт өгөхөөс татгалзсан байна.
Хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй хунтайж Уиллиам “тухайн үед олон чухал үйл явдал болж байсан тул хэний ч санааг зовоохыг хүсээгүй” хэмээжээ.
Өдгөө 71 настай хунтайж Чарльз энэ оны гуравдугаар сард коронавирусээр халдварлаж, хөнгөн шинж тэмдэг илэрсэн тул Шотландад долоон хоног өөрийгөө тусгаарласан юм.
Дөрөвдүгээр сард Их Британийн Ерөнхий сайд халдвар авсныхаа дараа эмнэлэгт хүргэгдсэн. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн тэрбээр сүүлд амь насыг нь аварсан эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлсэн байна.