Зургийн тайлбар: СГЗ, шог зураач С.Цогтбаяр "Хөгжмөөс сайн сайхан зүйлийг нь олж сонсож чадвал заавал төрөл харгалзаж, туйлшрах шаардлагагүй" Улаанбаатар. 2020.10.30
“Пянз цуглуулагчдын клуб” групп, “Red Mars Entertainment” хамтран “UB Record Fair-2020” пянзны яармаг худалдааг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Яармаг худалдаа Монгол урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд байрлах “Сэнгэраги” арт галерейд болж байгаа юм.
Пянз, цомог, кассет, хөгжмийн ном, сэтгүүл, зурагт хуудас, гэрэл зураг, дүрслэх урлагийн бүтээл дэлгэгдсэн бөгөөд энэ төрлийн цуглуулгатай хүмүүс пязны аялгуунд яриа дэлгэж, дулаан дотно уур амьсгал тэнд хэдийн бүрджээ.
ХӨГЖИМ, КОФЕ БАЙХАД ХҮНИЙ АМЬДРАЛД НЭГ ИХ ЗҮЙЛ ХЭРЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ
Хэдэн мянган пянз, хэдэн мянган CD-ний цуглуулгаас нь түүнийг хөгжимд ямар их сонирхолтой бас хайртайг мэдэж болох юм. “UB RECORD FAIR” пязны яармаг дээр Соёлын Гавьяат Зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяртай таарч цөөн хором ярилцлаа.
Тэрбээр энэхүү яармагийн талаар “Монголд энэ төрлийн үйл ажиллагаа анх удаа зохион байгуулагдаж байна. Зөвхөн пянз биш хөгжим сонирхдог хүмүүс нэг дор цуглаад санал бодлоо солилцож, хөгжим сонсоод арилжаа наймаа зэргийг хийж болох юм. Энэ жил ковидоос болоод хязгаарлагдмал нөхцөлтэй зохиогдож байна.
Жирийн тоглуулагчаас эхлээд 500 сая төгрөгийн үнэтэй пянз тоглуулагч анх удаа олон нийтэд танилцуулж байгаа. Пянз гэж юу вэ гэдгийг мэдэх зорилготой хүмүүс ирж аналог дугаралтын онцлогийг мэдэрч болох юм.
Яармаг маань хотын төвд алтан байрлалтай болохоор хүмүүс зав чөлөө гарвал ороод гарах боломжтой. Хөгжим сонирхдог хүмүүсийн баяр жаргалын гурван өдөр байх болно. Манай хамтарсан байгууллагууд сэтгэл өндөр байна. Хөгжим, кофе байхад хүний амьдралд нэг их зүйл хэрэггүй шүү дээ” гэв.
Д.Цэрэнчимэг
Гэрл зургийг: С.Хонгорзул