Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатлалын улсын болон хувийн 1600 гаруй эмийн сангаар ирэх даваа гарагаас эхлэн иргэдэд олгоно. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн мэдээлж байна.
Энд 136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлж олгох юм. Ингэснээр зүрх судас, чихрийн шижин, уналт таталт, зүрхний хэм алдагдал зэрэг өвчтэй хүмүүс эмээ төвөггүй авах боломж бүрдлээ.
Хөнгөлөлттэй эмэнд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлсэн учраас иргэд санхүүжилт дуусна гэсэн шалтгаанаар сарын эхний өдрүүдэд оочер дугаар үүсгэхгүй тайван байж, өөрийн боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлэн гэрээт эмийн сангаас эмээ авах боломжтой боллоо.
Хөнгөлөлттэй эм авсны дараа иргэдэд Е-баримтын системээр хөнгөлөлттэй эм авсан эсэх талаар мессеж очих юм. Энд иргэд хөнгөлөлтөөр эм авсан эсэхээ хариулна. Энэ нь хөнгөлөлттэй эмийн зүй зохистой зарцуулалтад иргэний оруулах хувь нэмэр болох аж.