Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусыг тусаар: Ардчилсан нам Ерөнхийлөгчид ямар хариу барих вэ?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 9 секунд

Орон нутгийн сонгуульд Монгол Ардын намын ялалтаас хойш татах аргыг Ардчилсан намынхан сэдсэн тухай “бор шувуу” төрийн ордонд нисч эхэллээ. Үүний эхний илрэл нь Баянхонгор аймагт нэмэлт санал хураалт явуулахаар шийдсэн үйл явдал юм. Тус аймгийн 41 мандат дээр 19 нь АН-ын, 22 нь МАН-ын төлөөлөгч сонгогдсон. Энэ аргаараа тэд нэмээд 3 аймгийг “авахаар” шийдсэн гэлээ.

Шүүхээр оруулж, нэр дэвшигчдийн тухай баримт, материалыг дэлгэж, маргаан үүсгэх байдлаар ийнхүү дөрвөн аймгийг авч чадвал 21 аймгийн талаас илүүг нь эрхшээнэ гэсэн үг. Тэд хагас сарын өмнө:

  1. Хөвсгөл аймагт 41 мандатын 22,
  2. Увс аймагт 41 мандатын 19,
  3. Архангай аймагт 39 мандатын 20,
  4. Булган аймагт 33 мандатын 19,
  5. Өмнөговь аймагт 33 мандатын 20,
  6. Говь-Алтай аймагт 41 мандатын 29,
  7. Дундговь аймагт 35 мандатын 22,
  8. Сүхбаатар аймагт 33 мандатын 27 суудлыг тус тус авсан.

Харин  Баянхонгор аймагт 41 мандатын 19-ийг авсан ба МАН 22 суудалтай, Завхан аймагт 41 мандатын 18-ыг авсан ба МАН 21 суудалтай байгаа. Энэ хоёр аймгийн зөрүү нь бага байгаа бол Өвөрхангай аймагт 15 хүний зөрүүтэй яваа. Нийт 41 мандатаас АН-д 6, МАН-д 35 суудал оногдсон билээ. Өөрөөр хэлбэл, энэ аймагт лав асар их хүч хаяж, өргөн фронтоор ажиллахаар байна. Дөрөв дэх аймгийн нэр одоогоор тодорхойгүй ч мөдхөн ил болох биз ээ.

2020 он манай улсад сонгуулийн жил тохиож, дөрвөн сарын өмнөх УИХ-ын сонгуулийн дүнд Ардчилсан намынхан байтугай, Ардын намынхан ч өөрсдөө итгэмгүй байв. Үүнийг сургамж болгож, сэхэл авсан АН орон нутгийн сонгуульд МАХН, ШИНЭ-тэй тохиролцож, харьцангуй амжилттай оролцсон нь аймгууд байв. АН тэргүүтэй “хамтлаг”-т Монгол Улсын Ерөнхийлөгч “тусалсан” гэж үзэх хүн цөөнгүй. Х.Баттулга өөрийн биеэр аймгуудаар тойрон ажиллаж, тус бүрчлэн иргэдтэй уулзалт хийж, ээжүүдийн энгэрт хүндтэй одонг өөрөө зүүж өгсөн нь сонгуулийн дүнд нөлөөллөө гэж дүгнэж байв.

Аяганы хариу өдөртөө, сонгуулийн хариу жилдээ гэж. Тэгвэл сонгуулийн гурав дахь давалгаа буюу Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ынхан “туслахаар” зэхэж буй бололтой. Аймгуудын 60 хувийг нь АН-ынхан эрхшээж чадвал МАН-ын парламент, МАН-ын Засгийн газар орон нутагтаа ялагдсанаас ялгаагүй. УИХ-ын сонгуулиар өгсөн амлалтууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр “ялагдсан” аймгуудад хэрэгжихгүй эсвэл хагас хэрэгжинэ. Ядаж л Засаг дарга нь сонгогдож, ажлаа хийхэд хүндрэлтэй байх болно.

Бүрэн итгэл, бүтэн хариуцлага улс даяар хэрэгжихэд ээдрээтэй гэсэн үг. Дарга, цэрэг нь эсрэг зүгийнх байвал дээрээс төсвийн хуваарь дээр тоглолт хийж, доороос үйл ажиллагааны хэрэгжилт дээр нь тоглолт хийдэг үзэгдэл хэвийн болсон. Нэг, хоёрхон аймагт л ажиглагддаг байсан энэ дүр зураг нэлэнхүй аймгуудад хэрэгжээд эхэлбэл юу болох вэ?

Ямартай ч, манай улсын №1 ба №3-ын нөхөрлөл сонгуулийн гурав дахь том давалгаан дээр хагарч буй бололтой. Уг нь, хоёулаа спортоор хичээллэдэг, хоёулаа “мужик” гээд нийтлэг тал олонтой нөхөд юмсан. Гэвч яая гэх вэ, ямар ч нөхөрлөл эрх ашигт тулаад зогсдог жамтай хойно.

О.Цагариг

ОХУ: Амны хаалт заавал зүүх шийдвэр гаргажээ
ОХУ: Амны хаалт заавал зүүх шийдвэр гаргажээ
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.