Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяагаар ахлуулсан “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж буй. Тус ажлын хэсэг өчигдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай очиж танилцжээ.
Энэ үеэр Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг компанийн төвийн болон зүүн үйлдвэрүүд сард 75000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэдэг бөгөөд өртгөөсөө тав дахин хямд үнээр борлуулж буй тухай танилцуулсан аж. Мөн “Энержи Ресурс” ХХК-иас мидлингээ үнэгүй авдаг ч татан авах тээвэрлэлтэд нийтдээ 288.4 тэрбум төгрөг зарцуулаад байгааг хэлжээ.
Түүний танилцуулснаар 1 тонн сайжруулсан түлшний өртөг 598.9 мянган төгрөг болдог бөгөөд үүнийг шуудайд шилжүүлбэл нэг шуудай түлшний өртөг 15 000 төгрөг болох бөгөөд үүнийг 3750 төгрөгөөр борлуулдаг байна. Компанийн нийт зардлын 45.1 хувийг түүхий эд, түүнийг татан авах зардал эзэлдэг бөгөөд 26.5 хувийг цалингийн, 6.5 хувийг элэгдлийн зардал эзэлдэг аж.
Мөн түүнчлэн Ухаа худгийн уурхайн мидлинг эрчим хүчний нүүрсний MNS 6226:2011 стандартын шаардлагыг, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш хатуу түлшний MNS 5679:2022 стандартын шаардлагыг, үйлдвэрлэлд ашиглаж байгаа барьцалдуулагч бодис холбогч эдийн CS 11-0566:2024 стандартын шаардлагыг тус тус бүрэн хангаж байгааг ерөнхий технологич Д.Өлзийбат үндсэн үзүүлэлтээр тайлбарлан ярьсан юм.
Тэрбээр үйлдвэрлэлийн технологийн горим огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд түүхий эдийн найрлагад өөрчлөлт ороогүй хэмээн мэдэгдэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!