2025 оны Төсвийн тухай хуулийг дагалдуулан өргөн барьсан хуулиудын дунд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж батлуулсан. Эл хуулийн өөрчлөлтөөр өнгөрсөн хугацаанд алдагдалтай ажиллаж ирсэн ч хариуцлага хүлээх нь бүү хэл төрөөс татаас авч ирсэн төрийн өмчийн компаниудын мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох улмаар алдагдалтай ажиллаж буй компаниудыг татан буулгах хүртэл арга хэмжээ авахаар тусаж батлагдсан юм.
Мэдээллийг ил тод болгох хуулийн өөрчлөлтөөр өнгөрсөн оноос Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн 5Ш ажиллагааны нэг болох "ШИЛЭН" ажиллагаа үргэлжилж буй талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал онцолсон байдаг. Үүний хүрээнд төрийн өмчит хуулийн этгээд нь төсөв, төлөвлөгөө, хөндлөнгийн аудитын дүгнэлт, их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, ТУЗ-ийн шийдвэр /төрөөс авсан татаас, хандив тусламж, төлбөр, татвар, хураамж, нууцад хамааруулсан мэдээллийн жагсаалт тэргүүтэй нийт 12 төрлийн мэдээллийг нээлттэй болгох үүрэг хүлээсэн юм.
Тэгвэл үүний эхлэл болгож, өчигдөр https://soe.gov.mn/ цахим хуудсаар дамжуулан ашигтай болон алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын мэдээллийг ил болгов. Үүнээс та бүхэнд иш татаж хүргэж байна.
-2023: Оюутолгой компани 3 ИХ НАЯД ТӨГРӨГ-ийн алдагдлаар алдагдалтай ажиллаж буй 54 компанийг ТЭРГҮҮЛЭВ-
2023 онд төрийн өмчийн 54 компани алдагдалтай ажиллажээ. Эдгээрээс Оюутолгой, Тавантолгой түлш зэрэг компаниуд алдагдлын үзүүлэлтээр толгой цохив. Сонирхолтой нь, Оюутолгой компани өмнөх 2022 онд 151 тэрбум төгрөгийг алдагдалтай ажилласан байх боловч нэг жилийн дараах буюу 2023 оны тайлангаар 3 их наяд болтлоо өссөн байх юм. Эл дүнгээрээ алдагдалтай ажилласан компаниудын жагсаалтыг тэргүүлж орхижээ.
Мөн түүний араас өнгөрөгч өдрүүдэд олон нийтийн анхааралд өртөөд байгаа Тавантолгой түлш компани 218 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласнаараа оржээ.
Тэгвэл дараах графикаас алдагдалтай ажилласан 54 компаниас хамгийн өндөр дүнтэй алдагдал хүлээсэн 15 компанийг харж болно
-Алдагдалтай ажилласан 54 компаниас 44 нь өмнөх онд ч алдагдалтай ажилласан бөгөөд Тавантолгой түлш компани хамгийн өндөр алдагдлыг хүлээжээ-
Үргэлжлүүлэн 2022 оны зарим үзүүлэлтийг харцгаая
Харин 2023 онд алдагдалтай ажилласан 54 компанийн 44 нь хоёр жил дараалан буюу 2022 онд ч алдагдал хүлээж байжээ. Харин эл 44 компаниас хамгийн өндөр дүнг Тавантолгой түлш компани 192 тэрбум төгрөгийн алдагдлаар хүлээжээ. Удаагаар нь Оюутолгой компани 151 тэрбум төгрөгийн алдагдал хүлээснээр жагссан байх жишээтэй.
Эл онд алдагдалтай ажилласан компаниуд нийт 402 тэрбум төгрөгийн алдагдлыг хүлээсэн байна.
Дараах графикаас эл онд хамгийн өндөр алдагдал хүлээсэн 10 компанийг харж болно
-ХОЁР ЖИЛИЙН ДОТОР 3.8 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖЭЭ-
Ийнхүү дээрх нөхцөл байдлаас шалтгаалж 2023 онд л гэхэд 54 компанийн алдагдал 3.4 их наяд төгрөгийг алдагдлыг бий болгосон байна. Харин 2022 онд нийт 402 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр компаниуд хоёрхон жилийн дотор нийт 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
Одоогоор тус нээлттэй системд өмнөх 2023 оны тайлангаа ирүүлээгүй 4 компани байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!