СУРВАЛЖИЛГА: Эцэг эхчүүд цалингаа ХАНИАДНЫ ЭМЭНД зарцуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
14 минут 30 секунд

Ханиад томуу, утаатай хавсарч эмнэлгийн ачаалал, эмийн эрэлт нэмэгдэж, монгол өрх бүр дор бүрнээ ханиадтай тэмцэж байна. Айл бүрд ханиаж халуурсан хүн хамгийн багадаа нэг байгаа гээд хэлчхэд хол зөрөхгүй.

Энэ нь сарын цалингийнхаа талыг байрны зээлэндээ төлж үлдсэн мөнгөө өдрийн хоол, өмсөж зүүхдээ арай ядан хүргэдэг залуу гэр бүлүүдэд санхүүд дарамт учруулж байна. Нэг хүүхэдтэй айл эмчийн бичиж өгсөн ханиадны эмүүдийг худалдаж авахад хамгийн багадаа 50-100 мянган төгрөг зарцуулж байгаа бол бага насны 2-3 хүүхэдтэй хүмүүсийн хувьд багадаа 200 мянган төгрөг зарцуулж байна.

Тухайлбал, Төрийн албанд ажилладаг Т.Төмөрийнх ам бүл 4-үүлээ. 2-5 насны 2 хүүхэдтэй. Эхнэр нь жирэмсэн. Сар хүрэхгүй хугацааны дараа 3 дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байна. 12 дугаар сарын эхэнд 2 хүүхэд нь ээлжлэн халуурч эмнэлэгт үзүүлээд эмчийн бичиж өгсөн эмийг авахад, 180 мянган төгрөг болсон. 5 хоногийн эмчилгээний дараа хэд хоног амрааж гэртээ сувилаад цэцэрлэгт нь явуулсан ч хэдхэн хоноод дахиад ханиад хүрч өмнөх түүх давтагдсан. Товчхондоо бол сар хүрэхгүй хугацааны дотор 300 мянган төгрөгийг зөвхөн хүүхдүүддээ ханиадны эм авахад зарцуулсан. Өрхийн тэргүүн ганцаараа ажил хийдэг учраас сарын орлого нь 1.6 сая төгрөг. Үүнээс байрны зээл, утасны лизинг, байр, СӨХ, тогны мөнгө гээд 1 сая төгрөг нь шууд гарчихдаг. Үлдсэн 600 мянган төгрөгөөрөө бусад хэрэгцээгээ арай ядан болгодог энэ өрх энэ сард тал хувийг нь ханиадны эмэнд зарцуулчхаж байгаа юм.

Энэ бол ганцхан айлын тулгамдсан асуудал биш. Бага насны хүүхдүүдтэй бүх айлд дээрх дүр зураг бий. Эмчийн бичиж өгсөн эмнээс гадна халуун бууруулах лаа, дархлаа дэмжих витамин, утлагын аппарат, утахдаа ашиглах бодисыг нэмж авбал үнийн дүн улам л өснө. Тиймээс бид энэ удаагийн сурвалжлагаараа ханиад томуу, эм, эмнэлгийн төлбөр иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг сурвалжиллаа.

Бид эхний ээлжид эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзаж, эмэнд хэчнээн төгрөг зарцуулж, гэр бүлийн санхүүд хэрхэн нөлөөлж байгааг тодруулсан юм.

Иргэн Ц: Эмчээс хамгийн хямдхан эмийг нь бичээд өгөөрэй гэж гуйгаад бичүүлэхэд л нэг хүүхдийн эмчилгээ хамгийн багадаа 80 мянган төгрөг болж байна

-Ханиад маш их байна. Хүүхдүүд үнэхээр хэцүү байна. Би 10 гаруй насны 2 хүүхэдтэй. Нэг нь өвдөхөөр нөгөөх нь дагаад өвдчихдөг. Амьсгалын замын халдварт өвчин учраас аргагүй. 2 хүүхэд зэрэг өвдчхөөр эмнэлэгт очоод эмчид хамгийн хямдхан хэрнээ хурдан эдгэрэх эмийг нь бичээд өгөөрэй гэж аминчлан гуйхаас өөр хийж чадах зүйлгүй болж байгаа юм. Жорын цаасаа бариад эмийн сан орохоор хямдхан эм нь л 80 мянган төгрөг болчхож байгаа юм. Сая хоёр хүүхэд эдгэрч амжаагүй байхад нөхөр бид хоёр ханиад хүрчихсэн. Ингээд 4-үүлээ эм уусан. Эмэнд зарцуулсан мөнгөө яг нарийн бодож чадаагүй ч 250 мянган төгрөг бол энүүхэнд зарцуулчихсан байна. Хамгийн хямдхан гэсэн эм, тариаг аваад аарц, чацаргана, адууны мах, сармис гээд монгол аргаараа хамжиж байж л ийм болж байгаа юм. Хамгийн сайныг нь гээд авбал хагас сая төгрөг энүүхэнд хүрэх байх. Энэ бол бидний хувьд төлөвлөгдөөгүй зардал. Сарынхаа орлогын хоол унд түлээ нүүрсэндээ арай ядан хүргэдэг байсан манай гэр бүл гэхэд түлэх нүүрс, мод, идэх хоол хүнснээсээ хасаж танаж байж л болгож байгаа юм.

ИРГЭН О: БИ ӨӨРӨӨ ХАНИАД ХҮРЭЭД ЭМЧИЛГЭЭ БИЧҮҮЛЭЭД АВАХАД 120 МЯНГАН ТӨГРӨГ БОЛСОН. ТЭР ЭМЭЭ УУГААД ЭДГЭЭГҮЙ

-Миний хувьд хүүхдүүдтэйгээ бас 4 ачтайгаа хамт амьдардаг. 2 хүүхэд нь сургуульд явдаг. 2 нь бага учраас гэртээ байдаг. Сургуульд явдаг 2 нь сургуулиасаа ханиад аваад ирэхээр гэртээ байгаа 2 дүү нь дагаад өвдчихдөг. Эм тариа авахаар 1 хүүхдийн 5 хоногийн эмчилгээ нь хамгийн багадаа 50-80 мянган төгрөг болж байгаа юм. 4 хүүхэд гээд бодохоор ямар байх уу. Тэр эмчилгээгээ хийлгээд 5 хоногт бүрэн эдгэрдэггүй юм байна лээ. Сая дахиад нэмж эм авсан. Ингэхээр сая гаруй төгрөгийн цалинтай ээж нь хүүхдүүдээ хараад гэртээ байдаг 4 хүүхэдтэй айлын сарын орлогын тал хувь нь эм тарианд зарцуулагдаж байна. Ганцхан манайх ч биш бүгд л адилхан байгаа байх. 3-хан сая монголчуудаа, ирээдүй болсон хүүхдүүдээ ийм байдалтай амьдруулж байгаа хүмүүсийг бодох төдийд л гомддог. Үнэхээр хэлэх үг олдохгүй юм. Хүүхдүүд ч гэлтгүй томчууд ч ялгаагүй. Би өөрөө ханиад хүрээд эмчилгээ бичүүлээд авахад 120 мянган төгрөг болсон. Тэр эмээ уугаад эдгээгүй. Одоо болтол эм уугаад л явж байна. 7 хоног тутамд 120 мянган төгрөгөөр эм тариа авч уугаад байвал яаж амьдрах юм бэ. Тэгэхээр дутуу хагас эмчлээд л халуурч, бүлээрсэн ч хамаагүй ажлаа хийгээд явахаас өөр сонголтгүй болж байна шүү дээ.

ИРГЭН Б: ЭМ БАЙТУГАЙ ХООЛОО Ч АВЧ ИДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСТ ӨВДӨӨД ЭМЧИЛЖ ЧАДАХГҮЙ ХҮНДРҮҮЛЭЭД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ ЭМЧЛҮҮЛЭХ ГАНЦХАН СОНГОЛТ БАЙНА

-Эмэнд маш их мөнгө зарцуулдаг. Эмчид үзүүлж, эм бичүүлээд эмийн санд ороод мөнгөн дүнг нь сонсчхоод авч чадахгүй гарч байгаа хүн олон бий. Эм байтугай хоолоо ч авч идэж чадахгүй байгаа хүмүүст өвдөөд эмчилж чадахгүй хүндрүүлээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх ганцхан сонголт байна. Товчхондоо бол хайртай үрсийнхээ амь насыг эрсдэлд оруулж байгаа хэрэг шүү дээ. Тиймээс "Эмийн үнэ дээр хяналт тавьдаг. Эрсдэлт хүчин зүйлүүдтэй зөв бодлогоор тэмцдэг" болох хэрэгтэй байна. Өөрсдөө арчаагүй дээ ханиад хүрээд хүүхдээ өвтгөөд байгаа юм биш. Энэ их агаарын бохирдол, цэцэрлэг сургуулийн хүртээмж, агаар сэлгэлт муутай орчинд хэт олон хүүхэд хичээллэдэг гээд өвдөхгүй байх боломж манай улсад маш бага.

Эцэг эхчүүдийн хэлснээр нэг хүүхэд ханиад хүрэхэд хамгийн багадаа 50-80 мянган төгрөг зарцуулж байна. 2-3 хүүхэдтэй айл бол хамгийн багадаа 200 мянган төгрөгийг зөвхөн ханиадны эм тарианд зарцуулна. Томчуудын тухайд, эм тариа авахаар 120 мянган төгрөг зарцуулж байна гэлээ.

Харин дараа нь бид хотын төвийн эмийн сангийн эм зүйчээс зарим зүйлийг тодруулсан юм. Өөрийнх нь хүсэлтээр тодорхой байршил, хувийн мэдээллийг нь нууцлав.

ЭМИЙН САНЧ: ЭМИЙН ҮНЭ ЖИЛ ИРЭХ ТУСАМ НЭМЭГДЭЖ БАЙГАА НЬ ҮНЭН. ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМНҮҮД БҮГД 10 ОРЧИМ ХУВИАР НЭМЭГДСЭН

-Энэ жил утаа ихтэй үүнийг дагаад амьсгалын замын өвчлөлийн тархалт их байна гэж шүүмжлэлтэй хандах хүн их байна. Эмийн сангийн тухайд жил жилийн ханиад томууны идэвхжлийн үетэй харьцуулахад эмийн санг зорих хүн их байгаа зүйл ажиглагдаж байна уу?

-Жил бүрийн өвөл өдийд томуу томуу төст өвчний тохиолдол нэмэгддэг. Өмнө жилүүдээс огцом нэмэгдсэн зүйл ажиглагдахгүй байна. Утаа их байна. Амархан хүндэрч байна гэж шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүс их орж ирдэг.

-Эмэнд маш их мөнгө зарцуулж байна. Нэг хүүхдийн эмчилгээ авахад л 100 мянган төгрөг зарцуулж байна гэх хүн олон байна. Эмний үнэ өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн үү?

-Эмийн үнэ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь үнэн. Хил гаальтай холбоотойгоор эм ханган нийлүүлэх байгууллагууд байнга л үнээ нэмж байдаг. Гэтэл хүмүүс орж ирээд бид нар дураараа нэмчихсэн юм шиг бидэн рүү л уурладаг. Ургамлын гаралтай Хималайн бүтээгдэхүүнүүд бүгд 10 хувь нэмэгдсэн учраас хүмүүс нэмэгдчихлээ гээд маш их шүүжлэлтэй хандаж байгаа. Зөвхөн хималайн гэлтгүй. Өргөн хэрэглээний эмнүүд бүгд 10 орчим хувиар нэмэгдсэн.

-Ханиадтай хүүхдэд бичиж өгсөн эмнүүдийг бүгдийг нь авахад дунджаар хэдэн төгрөг болж байна вэ?

-Хүнд хөнгөн өвдсөнөөсөө шалтгаалаад үнийн дүнд нь өөр байдаг. Хамгийн багадаа 40-50 мянга. Нэмэлтээр дархлаа дэмжих витаминууд авбал хамгийн ихдээ 100-150 мянган төгрөг орчим болдог. Сүүлийн үед эцэг эхчүүдийн хандлагыг харахад заавал эмчийн бичиж өгсөн үнэтэй эм авна гэхээсээ илүү ургамлын гаралтай эм, тан авч хөнгөн аргаар эмчлэх гэж оролдох нь нэмэгдсэн байна.

-Эм үнэтэй байна гээд авч чадахгүй гарч байгаа хүн хэр их байна?

-Манайх хотын төвд байдаг болохоор тийм тохиолдол харьцангуй гайгүй. Хотын захын гэр хорооллуудаар авч чадахгүй гарах. 5 хоногийн эмчилгээг 1, 1 хоногоор нь хувааж байх

-Ургамлын гаралтай эм тан авахад эмчийн бичиж өгсөн эмчилгээнээс хямдхан тусах уу?

-Тийм. Хамаагүй хямдхан тусдаг. Нэг тан дунджаар 3900-7500 төгрөгийн үнэтэй байдаг. Бүгд нийлээд хамгийн ихдээ л 20-25 мянган төгрөг болно.

ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЭРСДЭЛД ОРУУЛЖ, ЦАГ, МӨНГӨӨРӨӨ ХОХИРОХГҮЙН ТУЛД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭНГИЙН ДАДЛЫГ АМЬДРАЛДАА ХЭВШҮҮЛЬЕ

2 сая гаруй хүн амтай нийслэл хотын агаарын чанарын индексийн тоон утга маш их бохирдолтой гэх тоон утгыг зааж, эмнэлгүүд ханиадтай хүүхдээр дүүрсэн хүнд өдрүүд өнгөрч байна. Эмнэлэг эрүүл мэндийн байгууллагаас ачааллаас гадна эцэг эхчүүдийн толгойны өвчин болсон асуудал бол эмнээс үүдэлтэй санхүүгийн дарамт. Энэ асуудлыг бид энэ удаад хөндлөө.

Харамсалтай нь бид мянга бичиж, шүүмжилж, бухимдлаа илэрхийллээ гээд утаа алга болохгүй. Бидний хүүхдүүд ханиад хүрэхээ больчихгүй. Тиймээс амьсгалын замын өвчлөлийн идэвхжил нэмэгдсэн энэ үед хүүхдээ өвчлөлөөс хол байлгахын тулд өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийж, хэвшүүлэх нь чухал байна. ХӨСҮТ-өөс өдөр бүр мэдээлэл хийж, "Ханиад томуу их байна. Хүүхдүүддээ амны хаалт зүүлгэ" гэх үгийг тоть шиг давтаж байгаа ч амьдрал дээр хэвшил болгож, хэрэгжүүлж байгаа хүн ховор. Товчхондоо бол өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийж чадахгүй байж, бусдаас буруу хайж хүүхдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг. Түүнээс гадна мөнгө санхүүгээрээ ч давхар хохирч байна.

Тиймээс өвдсөн хойно нь таарсан таараагүй элдэв эмэнд дарлуулахын оронд урьдчилан сэргийлэлт илүү үр дүнтэй гэдгийг юун түрүүнд ойлгох нь чухал. Энэ бүхэн хамгийн энгийн дадлаас эхэлнэ.

Юун түрүүнд хүүхдэдээ амны хаалт зүүлгэж хэвшье. Гэртээ ороод гадуур хувцсаа үүдэндээ солиод, хоолойгоо зайлж, гараа ариутгаад хүүхэдтэйгээ харьцаж суръя. Маш энгийн дадал шүү дээ. 100 хувь биш юмаа гэхэд 50-60 хувь хамгаалах бүрэн боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолдог.

Мөн хүүхдийг маш сайн унтуулж, амраах хэрэгтэй. Хүний нойр өнгөц, гүн гэж байдаг бөгөөд гүн нойрны хугацаанд дархлааны бодисууд хамгийн идэвхтэй ялгардаг. Тиймээс оройтож, бага цаг унтах тусам гүн нойрны хугацаа багасна. Унтах цаг оройтох тусам, унтах цаг нь багасах тусам дархлааны бодис ялгарах нь багасдаг гэсэн үг. Тиймээс бага насны хүүхдийг 21-22 цагийн хооронд унтуулж хэвших нь хамгийн тохиромжтой.

Энэ мэтчилэн энгийн дадлууд таны хүүхдийг өвдөхөөс сэргийлэхэд өндөр ач холбогдолтой юм.

НИТХ шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа
НИТХ шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа
 
ШУУД: УОК-ын шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: УОК-ын шуурхай хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!