“Эрдэнэс-Тавантолгой” ХК ивээн тэтгэгчээр оролцож буй “Gobi challenge” олон өдрийн тэмээн аяллын төсөл энэ сарын 26-наас эхэлжээ. Уг төслийг "Эрхэт Монгол” медиа групп, ТВ8 телевиз, “Тэмээн жинчин” сан хамтран хэрэгжүүлж буй бөгөөд реалити шоу хэлбэрээр олон нийтэд хүрэх юм. Тус аялалд компанийг төлөөлж Салбарын нүүрс ачилт, логистикийн хэлтсийн автопүүлэгч бүртгэлийн мэргэжилтэн Б.Идэрмаа, Техник ашиглалт, засвар механикийн хэлтсийн үйлчилгээний механик Б.Баттөмөр нар оролцож байна. Оролцогчид Өмнөговь аймгийн Ноён сумаас Баянзаг сум хүртэл 720 км замыг 24 хоногт багтаан тэмээгээр туулна.
Энэхүү төслийг экотуризмын загвар болгох зорилготойгоос гадна уламжлалт нүүдэлчин соёлыг дэмжиж, Монгол говийн үзэсгэлэн, ёс заншлыг түгээх, орон нутгийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлж, өвлийн аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт татах боломжийг нээнэ гэж зохион байгуулагчид нь үзэж байгаа аж.
“Говь чалленж” реалити шоунд оролцогч 10 хүн нь нэг сарын турш Өмнийн говьд тэмээгээр аялна. Уг аялал нь найман цуврал нэвтрүүлэг болж үзэгч бидэнд хүрэх юм байна. Түүнчлэн тэмээн соёл, тэмээн жин, тэмээн аяллын тухай баримтат кино бэлтгэн, “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээх аж.
Дээрх реалити шоу нь энэ удаад дотооддоо болох бол ирэх жилүүдэд гадаадын улс орнуудаас жуулчин, сонирхогчид нэгдэнэ гэж үзэж буйгаа зохион байгуулагчид онцоллоо.
“Gobi challenge 2020”төсөлд “Эрдэнэс-Тавантолгой“ ХК-ийн ажилтнууд оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.