УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай 2025 оны төсөвтэй холбоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр Төсвийн ажлын хэсэгт багтан ажиллаж байгаа юм.
-Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн Төсвийн ажлын хэсэг эрчимтэй хуралдаж байгаа харагдлаа. Төсвийн талаар ямар чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Явцын талаар товч мэдээлэл өгөөч?
-Нийтдээ зургаан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Задалж хэлбэл, урсгал зардал, үүн дотор байгаа зардлуудаа ангилаад гурван ажлын хэсэг, хөрөнгө оруулалтын асуудлаар нэг, гадаадын зээл тусламжийн асуудлаар нэг, Засгийн газрын тусгай сангууд, ТӨК-ийн асуудлаар нэг ажлын хэсгүүд бий.
Миний хувьд Засгийн газрын тусгай сангууд, ТӨК-ийн асуудлыг хариуцан ажиллалаа. Засгийн газрын нийт 29 тусгай сан байгаагаас нэгийг нь хүчингүй болгох асуудал яригдаж байна. Үлдсэн 28-аас 22 нь улсын төсвөөс санхүүжиж байгаа. Эдгээрийн дунд Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, ЖДҮ-ийг дэмжих сан гээд гурван сан бий. Энэ сангуудын хуримтлагдсан авлага нь маш их байдаг.
Үндсэндээ, сан бүр 250-270 тэрбумын авлагатай байна. Тиймээс дээрх асуудлаар Засгийн газарт хугацаатай чиглэл өгөх асуудлыг судалж байгаа.
Өөрөөр хэлбэл, ядаж энэ авлагаасаа 30 хувийг нь татан төвлөрүүлж, улмаар дээр дурдагдсан гурван сангийн эх үүсвэрээр нэмэгдүүлж шаардлагатай үйлчилгээг үзүүлэх байдлаар судалгаа хийгдэж байна. Энэ бол Ажлын дэд хэсгийн санал гэсэн үг. Байнгын хороо, чуулганаар энэ санал орно.
-Алдагдалтай ТӨК-уудыг татаасаар эсвэл ашигтай ажиллаж буй зарим компаниас зээл авах байдлаар санхүүжүүлж байна-
-Танай ажлын хэсэг хэр идэвхтэй ажиллаж байна. Өмнөх ажлын хэсэг гишүүдээс ч, олон нийтээс ч маш муу дүн авчихсан. Алдааг нь давтах вий?
-Би Засгийн газрын тусгай сангууд, ТӨК-уудын асуудлыг хариуцаж байгаагийн хувьд тодорхой мөнгө, хөрөнгүүдийг багасгах санал оруулна. Гэхдээ ажлын хэсэг, байнгын хороо, чуулган дээр хэр дэмжигдэх эсэхийг харна. Мөн ТӨК-уудын алдагдлыг бууруулах тодорхой хугацаатай үүрэг чиглэл өгнө. Тэгэхгүй бол ойролцоогоор 5-6 их наядын ашигтай ажиллаад, 500 тэрбумын алдагдалтай ажилладаг.
Алдагдалтай компаниудыг татаасаар эсвэл ашигтай ажиллаж буй зарим компаниас зээл авах байдлаар санхүүжүүлэх асуудал байна. Тийм учраас нэн яаралтай Өмчийн харилцааны хуулийг оруулж ирэх асуудлыг хөндөнө. Яагаад гэвэл ТӨК-ууд тухайн салбар яамны харьяа болчихоод байгаа. Тэгэхээр тухайн компанийн ТУЗ-ийн гишүүн ямар нэг яамны албан тушаалтан байдаг. Иймээс зээл өгч авах асуудал нь яамны хэмжээнд яригдаад л дуусчихаад байна. Тиймээс Өмчийн харилцааны хуулийг батлаад, нэмэлт өөрчлөлт оруулчихвал компани хоорондын зээл өгч авдаг асуудлыг цэгцэлье гэж байгаа.
Нэг ёсондоо, ТӨК алдагдалтай ажиллахаараа нэгнээсээ зээл авдаг, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байдлыг таслан зогсооё. Тэгэхээр ашигтай ажиллаж буйг нь дэмжээд, алдагдалтай ажиллаж байгаад өрийн таазыг нь тогтоогоод, хэмжээнд хүрчихвэл бүтцийн өөрчлөлт хийж, бүр шаардлагатай бол дампууруулах эсвэл хувьчлах асуудлыг УИХ-д танилцуул гэх байдлаар чиглэл өгөхөөр ажиллаж байна.
-Сая ярьсан тусгай сангуудад ирэх онд тавьсан төсвүүдэд ямар байр суурьтай хандаж байна. Өмнөх өр авлагаа барагдуулаагүй байтал улсын төсвөөс санхүүжүүлдэг байдал тогтчихсон байна л даа?
-Жишээлбэл, Боловсролын зээлийн санд шинээр 156 тэрбум төгрөгийн төсөв тавигдсан. Гэтэл энэ сан 60-70 тэрбумын авлагатай. Энэ авлагаас төсөвт татан төвлөрүүлэх дүнг төсөвт тусгаагүй байх жишээтэй. Тэгэхээр тухайн сангийн 2024 оны зарцуулалтынх нь дүнг тавьж өгөх хэрэгтэй. Тухайлбал, Боловсролын зээлийн сан 2024 онд 130 тэрбумын үйл ажиллагаа явуулсан бол ирэх онд энэ 130 тэрбумыг нь төсвөөс шийдэж өгөөд, үлдсэн зөрүү буюу 28 орчим тэрбум төгрөгийг авлагаасаа барагдуул, үйл ажиллагаагаа сайжруул гэх байдлаар явъя.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан ч адилхан. Ирэх онд 140 гаруй тэрбум төгрөгийн төсөв тавигдсан байгаа. Гэтэл авлага нь 258 тэрбум орчим.
ЖДҮ-ийг дэмжих сан бол 270-280 орчим тэрбумын авлагатай байна.
-Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор ЗГ төсвөө дахин өргөн барьж, УИХ хоёр дахь удаагаа хэлэлцэж байна. Төсвийн таналтыг бодитоор хийж чадсан уу эсвэл зүгээр л тоо төдийхөн байна уу?
-Бид алдагдалгүй анхны балансаа хэлэлцэж байна. Урьд өмнө нь ийм алдагдалгүй төсөв баталж байгаагүй. Тэгэхээр энэ баланстаа тааруулаад өөр хэмнэж болох зардлуудаа урсгал зардлаасаа хэмнээд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх буюу хувийн хэвшлээ дэмжсэн төсвийг цааш нь хэлэлцүүлэх саналтай байгаа.
-Төсөвт хориг тавиулах нь муу зүйл биш-
-Сүүлийн 34 жилийн хугацаанд нэг жилийн төсвөө хоёр удаа хэлэлцэж буй анхны тохиолдол болж байгаа. Шалтгаан нь юу байсан гэж харж байна?
-Анх удаа 126 гишүүнтэй, олон намын төлөөлөлтэйгөөр парламент үйл ажиллагаа явуулж байна. Манай төсвийн хуульд Ерөнхийлөгчийн хориг тавих эрх нь байгаа мөртлөө хоригийг хүлээж авахтай холбоотой хуулийн процесс бичигдээгүй байсан. Өмнө нь ч ийм практик байгаагүй. Тэгвэл энэ удаагийнхаас эхлээд практик болоод явж байна гэсэн үг. Төсөвт хориг тавиулах нь муу зүйл биш. Төсөв сайжирч байна. Төсөв сайжирна гэдэг нь инфляцын түвшин, валютын ханш харьцангуй эрсдэл багатай болно л гэсэн үг.
-УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо гэж ажиллаж байгаа. Нэрийг нь хараад олон нийт төсвийн зарлагад хяналт тавих үүрэгтэй л гэж ойлгоод байдаг. Энэхүү дэд хорооны үйл ажиллагаанд та ямар дүн тавих вэ?
-Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өмнөх парламентад ч байсан. Төсвийн зардалд санал дүгнэлтээ боловсруулдаг дэд хороо. Нэг ёсондоо, Засгийн газар, ажлын хэсгийн оруулж ирсэн санал дээр ажиллаж, дүгнэлтээ гаргаж ирэх зорилготой.
-Үүргээ хэр биелүүлж буй бол?
-Өмнөх төсвийн ажлын хэсгийн үр дүн, төсөв буцаагдсаныг харвал олон нийт өөрсдөө дүгнэлтээ хийчих байлгүй дээ.
-Зээл авах, төсвийг алдагдалгүй батлах зэрэг нь юу хийхээс л хамаарна-
-Энэ удаагийн төсөвт Ерөнхийлөгч хориг тавьснаар цаашид алдагдалгүй төсөв батлагдах жишиг тогтож байна гэж харж болох уу?
-Алдагдалтай эсвэл алдагдалгүй байх нь чухал биш. Ямар зорилго дэвшүүлж, ямар зорилтод хүрэх гэж байна вэ гэдэг нь чухал. Өөрөөр хэлбэл, бид бүтээн байгуулалттайгаа уялдуулаад гадаадаас зээл авч болно эсвэл дотоодоос зээл аваад алдагдлаа харж болно. Зээл авах, төсвийг алдагдалгүй батлах зэрэг нь юу хийхээс л хамаарна. Нэг ёсондоо, зорилго зорилтын гол арга хэрэгсэл нь төсөв. Төсөвт тааруулж зорилго зорилт дэвшүүлнэ гэсэн үг биш.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!