Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Хөвсгөл аймагт 11 дүгээр сарын 02-04-ний өдрүүдэд ажилласан бөгөөд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг хатагтай Ина Марчюлёните болон бусад албаны хүмүүсийн хамтаар Хатгал сумын малчин, 30 гаруй жил жуулчдад хөтөч хийсэн Ц.Баттогтохынд зочиллоо.
Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хөвсгөл далайгаа “Далай ээж” хэмээн хүндэтгэж, хайрлаж, хамгаалж ирсэн тухайгаа хуучлан, зан заншил, өв соёлоо хамгаалахад анхаарах зүйл их байгаа тухай Сайдад учирлаж, чоно их олон болсон тухай асуудал хөндөж, анхааралдаа авахыг хүссэн юм.
Сайд С.Одонтуяа Хөвсгөл далайг хамгаалах судалгааны төв байгуулах болсон тухайгаа дуулгасан бөгөөд Элчин сайд Ина Марчюлёнитед сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч, энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.