БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Михиал Сумсирыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа техникийн болон санхүүгийн төслийн хэрэгжилт, явц, цаашид анхаарах асуудлын талаар харилцан мэдээлэл солилцов.
ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Михиал Сумсир, “Германы Засгийн газар Монголын ард түмэнд унаган байгалиа хамгаалах, хадгалахад туслахаар буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулсан. Хамгийн сүүлд Хустайн нурууны байгаль хамгаалагчдад орчин үеийн шинэ орон сууц барьж өгсөн. Төсөл эхэлснээс өнөөдрийг хүртэл бидэнд тулгарч буй бэрхшээл бол Монголын талаас амласан урсгал зардлын асуудал бий. Үүнд анхаарлаа хандуулж, шийднэ гэж найдаж байна. Мөн нийслэлийн гэр хорооллын сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан, эрчим хүч хадгалалтыг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулах шинэ төсөл эхэлж байгаа. 22 сая еврогийн хөрөнгө оруулалттай тус төсөл нь гэр хорооллын 30-40 цэцэрлэгийг орчин үеийн халаалт дулаалгын системээр хангахад хамтран ажиллана гэж найдаж байна” гэв.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, “Монгол улсын хувьд Ковид-19 цар тахлаас үүдэн төсөв хүндэрснийг ойлгож, уян хатан хандаж байгаад баяртай байна. Бид ирэх оны төсөвт Монгол Улсын талаас амласан хөрөнгө оруулалтыг тусгуулахад санаачилгатай ажиллана. Та бүхний хөрөнгө оруулж байгаа тусгай хамгаалалтын газар нутгуудын техник, хэрэгслийн худалдан авалтын урсгал зардал буюу засвар, бинзес, тос гэх мэт зардлыг хариуцан ажиллахаа мэдэгдье. Цаашид буцалтгүй тусламжаар хөрөнгө оруулсан Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгуудын үйл ажиллагааг чанаржуулах, эрчимжүүлэхэд хяналт тавина” гэдгээ илэрхийллээ.