1. Дэлхийн урвагчид
Урвагчдад талархах хэрэгтэй. Хүн төрөлхтний түүхэнд урвагчдын байгуулсан гавьяа, үлдээсэн ул мөр их. Ромын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Цезарь дарангуйлагчийн авир сууж, Клеопатратайгаа дурлалцаад завгүй болсонд мөр зэрэгцэж явсан нөхөд нь эхэндээ гайхаж сууснаа эцэстээ сэм хуйвалдаж аминд нь хүрсэн түүхтэй. Ромын бүгд найрамдах засаглалыг аварч үлдэхийн төлөө гэх ариун хуйвалдаанд Цезарийн хамгийн итгэлт хүн болох Брут “Түгжилийн үүрэг" гүйцэтгэсэн. Ар нуруундаа хутга зоолгосон Цезарь сүүлчийн амьсгалаа авч ядан эргэж хараад цустай хутга атгасан андыгаа ширтэн “Брут чи гэж үү?” гэж хэлээд үхэдхийн унасан гэдэг.
Тахиа донгодохоос өмнө Есүсийг Ромчуудад барьж өгсөн хүнд өндөр шагнал амласныг Петр сонсоод хаа байгааг нь хэлж, багш нь цовдлогдож алуулсан. Үр дүнд нь Петр мөнгөтэй болж Есүс бурхан болон алдаршив. Монголын овог аймгуудыг нэгтгээд төр засаг нь тогтвортой болох шинжиндээ орсон Тэмүүжингийн эсрэг багын анд Жамух нь урван тэрсэлсээр хэдэн жилийн дайн өдөөжээ. Тэмүүжин арай хийн Жамухыг дараад эргээд хартал Ази тивд төдийгүй хүн төрөлхтний түүхэнд байгаагүй бэлтгэгдсэн мэргэжлийн армитай болсноор Их Монгол Улсын байлдан дагуулал эхэлсэн түүхтэй. Сайн, муу нийлж сав дүүрдэг гэж Монголчууд ярьдаг. Урвагчид ч гэсэн өөрсдийн үүрэгтэй байдгийг ойлгож тэдэнд талархах хэрэгтэй.
2. Монголын урвагчид
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат ойрын үеийн урвагчдын сонгодог жишээ мөн. МАН /хуучин МАХН/-аас дэмжлэг авч чадаагүй түүнийг Баабар нарын нөхөд очиж ятгаад АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, улмаар ялалт байгуулсан. Өдгөө бид “бар” Ерөнхийлөгчөө ихээр хүндэтгэж явдаг болохоос урвагч, шарвагчийн тухай яриа бүр үгүй болсон. Үүнээс хойш урвагчдын цуваа уртаас урт болж, тоо ч замбараагаа алдсан. Зарим нь санасандаа хүрсэн бол зарим нь эсрэгээрээ нэр нүүрээ алдаад, тэгс хийгээд карьер нь дууссан түүх ч бий. АН-аас УИХ-д сонгогдоод МАН руу орсон “Симба” Ц.Батааг ч бид мартсан. Намдаа гадуурхагдаж, залуучууддаа мөргүүлэхийн даваан дээр Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын гишүүд Н.Энхбаярыг дагаж МАХН-д орсноор тэтгэвэрт гарах насаа сунгаад авсан. Нэг нь бурхан болж хорвоог орхисон бол нөгөө хоёр нь хэдхэн өдрийн өмнө хүртэл сайд, гишүүнээ хийгээд л явж байлаа. Урвах үе ирэхэд эзнээ олохоос гадна цагаа олно гэдэг тун чухал ажээ.
3. Дүүргийн урвагчид
Хэнтий аймгаас гаралтай хоёр алдартан болох Е.Тэмүүжин, У.Хүрэлсүх нарын урвагчдад ханддаг хандлага огт өөр юм. Жамухыг барьж өгсөн хэдэн урвагчийг Е.Тэмүүжин газар дээр нь цаазалсан бол Н.Энхбаяраас урваж ирсэн хоёр төлөөлөгчийг У.Хүрэлсүх ёслол төгөлдөр, гүн хүндэтгэлтэй хүлээн авч байна. Намын дарга, генсек, дүүргийн даргатайгаа таарч уулзах нь бүү хэл хажуугаар нь зөрж ч чадахгүй яваа намын жинхэнэ гишүүдийн дэргэд урвагчид бол ёстой "даам" юм. Эрээд олдохгүй эрдэнэ мэт дээрх гурван дарга нь бүгд эрхэм урвагчидтай хамт "патер татуулаад" түүнийгээ цахим орчноор нэг тарааж орхив. Суудал хайнцах шахуу эвгүй газардсан “Оргил”-ын шүхэрчид “Эрдэнэ вангийн хошууг” өөрийн болгож баталгаажуулахын тулд МАХН-аас хоёр хүн урвуулан ирүүлсэн аж. Ингэхдээ Э.Магнайбаярыг дүүргийн засаг даргын орлогч болгохоор амласан гэнэ. Сонгуульд байдгаа тууж үзэлцээд, арай гэж ялалт авчирсан МАН-ын төлөөлөгчид, арын албанд нь нойр хоолгүй зүтгэсэн жинхэнэ гишүүн, зүтгэлтнүүд нь хоёр урвагчаас дор үзэгдэх болсондоо гутарч ундууцаж байгаа гэх. Гэлээ гээд ч яадаг юм. Төр барихад урвагчид хэрэгтэй байгаа хойно, тэднийгээ урамшуулаад өөрсдийнхнөө гомдоогоод явах нь зөв шүү дээ.
Нам болон улс төрчдөөсөө үзэл бодол, үнэт зүйл нэхэж яваа МАН-ын гэнэн хонгор гишүүд маань өөртөө л дүгнэлт хийх хэрэгтэй болж. Нам гэдэг идеалоги биш ахуйн байгууламж болтол жижгэрчээ. Эрх мэдлээ хэрэгжүүлж л байвал урвалт мэтийн зүйл "чепуха" шүү! ... гээд шударга сайхан зарлаад өгсөн намын удирдлагууд болон урвагчдад бид мэхийн хүндэтгэл үзүүлбэл зохилтой. Эзнээ бас цагаа олж МАН-аасаа урваж чадвал энэ хоёроос ихийг ч хүртэж мэднэ шүү, хонгорууд минь.
Зургийн тайлбар: Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаяртай гар барин, итгэлийг зүтгэлээр хариулахаа илэрхийлэн зургаа татуулжээ.
Зургийн тайлбар: Э.Магнайбаяр УИХ-ын сонгуулиар Хөвсгөл аймагт МАХН-ын нэр дээр, "Та бидний эвсэл"-ээс нэр дэвшсэн ч 4347 сонгогчийн санал авч ялагдсан юм.
Зургийн тайлбар: Орон нутгийн сонгуулиар Баянгол дүүрэгт МАХН-ын нэр дээрээс, АН-ын дэмжлэгтэй өрсөлдөж 922 санал авч, ДИТХ-ын төлөөлөгч болж ялсан. Гэвч "Цаг хугацаа бүхнийг шүүнэ" хэмээсээр намаа сольсон нь энэ билээ.
О.Цагариг