Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮН+С: Амьдрахын тулд уу, Идэхийн тулд уу, Үргэлжлэхийн төлөө юу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 19 секунд

Зургийн тайлбар: Бага насны хүүхдүүд энэхүү үзэсгэлэнг үзээд "Би тавгандаа дахиж хоол үлдээхгүй" гэсээр гарч байгаад талархууштай байгаагаа зохион байгуулагчид хэлж байв. Улаанбаатар хот. Занабазарын музей. 2020 он. Гэрэл зургийг: Д.Цэрэнчимэг

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага өнөө жил 75 жилийн ойгоо тэмлэглэж байгаа. Монгол Улс 1973 онд гишүүнээр элссэнээс хойш төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр иржээ. 2018 онд бүрэн эрхт суурин төлөөлөгчийн газар гэдэг статусаа аваад үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний нэг болох Занабазарын музейд тавигдсан “ХҮН+С” үзэсгэлэнгээр орж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.Цэлмэгтэй ярилцлаа.

- ХҮН БОЛ АЛИВАА ЗҮЙЛИЙН ЦӨМ -

-Энэхүү үзэсгэлэнгийн онцлог юу вэ?

-Хамтдаа босгох ирээдүйн төлөө энэ жилийн дэлхийн хүнсний өдрийг “Хамтдаа–Ургуулж өсгөе, Ундаалж хооллоё, Тогтвортой хөгжье” сэдвийн хүрээнд үзэсгэлэн олон нийтэд хүрч байна.

Хүнс гэж юу вэ гэдгийг урлагаар дамжуулан арай өөр өнцгөөс ойлгуулахаар үзэсгэлэнгээ нээсэн. Өмнө нь талбай дээр нээлттэй худалдаа хийх, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ танилцуулах зорилгоор олон үйл ажиллагаа хийж байлаа. Энэ удаад уран бүтээлчидтэйгээ хамтраад анх удаа үзэсгэлэн гаргаж байна.

-Хүнс гэж яг юу вэ? Идэж болох бүхэн хүнс мөн үү?

-Хүн сонголт хийж чадна. Харин хүнс сонголт хийж чадахгүй. Хүнсний сонголтыг зөвхөн хүн хийнэ. Яаж үйлдвэрлэсэн, юу идэх сонголтоо өөрөө л мэднэ. Хүн бол аливаа зүйлийн цөм. Тийм учраас “Хүнс” гэдгийн “С” үсгийг тусад нь байрлуулсан болов уу? Манай уран бүтээлчид өөрөөр сэтгэж, олон талаас нь хардаг юм билээ.

-Эдгээр бүтээлийг хийхийн тулд хэдий хэр хугацаа зарцуулав?

-Дэглэлтийг дөрвөн хоног хийсэн. Ажиллагаа ихтэй байдаг юм билээ. Тариан түрүүг гэхэд л бүгдийг нь нэг нэгээр ширхэгчлэн наасан. Бэлтгэл ажил маань гурван долоо хоног үргэлжилсэн.

-Хүмүүсийн хандлага хэр байна вэ? Бүтээлүүддээ ямар санаа шингээж, шигтгэхийг зорьсон бэ?

-Үзэгчид маш таатай хүлээж авч байна. Зарим хүн “хог хаягдлын тухай ярьж байж өөрсдөө хог гаргах юм байна” гэж хэлж байгаа. Өөрсдийн санаануудаа олон нийтэд ойлгуулахын тулд хог гаргахаас өөр аргагүй. Бүтээлүүддээ хоол хүнсний хаягдал, хоолныхоо нэр төрлийг солонгоруулах болон ойн чиглэлээр жижиг деталь бүр дээр олон санаа шингээхийг хүсч байна. Үзэсгэлэнг зорин ирсэн хүмүүс нэг санаа ч болтугай өөртөө тусгаад хэрэгжүүлэх нь бидний зорилго.

- “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ ӨДӨРТ 200-300 КИЛОГРАММ ХООЛНЫ ХАЯГДАЛ ГАРГАДАГ -

-Монголчууд хүнсэндээ мах, гурилыг голчлон хэрэглэдэг уламжлалтай. Хүнсний ногоо тэр дундаа нарийн ногооны талаарх мэдлэг хэр дээшилсэн бэ?

-Хоолны тохиргоо гэдэг зүйл байдаг. Бид мах их иддэг учраас ногоог хүнсэндээ хэрэглэх нь хоолны шингээцийг сайжруулах, хоолны зохицлыг дээшлүүлэх зэрэг давуу талтай. Бид аль болох олон нэр төрлийн хоол хэрэглэхийг уриалж байна. “Та өнөөдөр жимс идсэн үү” гэх асуултад энд ирсэн хүмүүсийн бараг 70 орчим хувь нь “идээгүй” гэсэн хариулт өгч байгаа.

-Хоолны зөв зохистой хэрэглээнээс гадна юуг чухалчлах ёстой вэ?

-Өмнөговь аймагт “Оюу толгой” компани өдөрт 200-300 килограмм хоолны хаягдал гаргадаг. Яагаад гэвэл буфетээр үйлчилдэг учир хүмүүс өөрсдийнхөө идэх хэмжээнээс ихээр аваад, барахгүй тул хоолны хаягдал их үүсдэг. Бид маш зөв сонголт хийж байх ёстой. Дэлгүүрээс зөвхөн өөртөө хэрэгтэй зүйлээ авдаг байх шаардлагатай.

Дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа бүх хүнсний гуравны нэг буюу нэг тэрбум тонн хүнс алдагдаж, хэзээ ч хүний ам руу ордоггүй. Бүтээгдсэн зорилгоо биелүүлдэггүй гэсэн судалгаа бий. Энэ нь 4.027 триллион /их наяд/ ам.доллараар бүтдэг. Газар  нутгаар нь яривал БНХАУ-ын газар нутагтай тэнцэхүйц талбайд тариад, ургуулаад, арчлаад, хурааж авсан хүнсээ бид огт иддэггүй гэсэн үг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл тогоо хэмнэх, усаа гамнахтай адилаар тавган дээрээ хоол үлдээхгүй байх нь байгаль орчинд нэн их эерэг үр дагавартай.

-Та бүхний үзэсгэлэнг ямар насны хүмүүс зонхилон үзэж байна?

-Залуучууд нэлээд их ирж байна шүү. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хүмүүс сонирхож байгаа. Аав ээж нь хүүхдүүдээ сургуульд хүргэх замдаа дагуулаад  орж ирж байгаа нь их олзуурхууштай. Амралтын өдрүүдэд гэр бүлээрээ ирж байгааг хараад цаг заваа зөв өнгөрөөх газар хэрэгтэй байгаа талаар ч бодож л байлаа.

-Урлагаар дамжуулаад хүнсийг сурталчлахын давуу тал юу байна вэ? Өмнөх жилүүдээс ялгарах онцлог  гэвэл.

-Хандлага их өөр байдаг юм байна. Өмнө нь техник талаасаа, хүнсний мэргэжлийн үүднээс хандаж байсан. Гэтэл хүмүүс нэг удаа худалдаж аваад л өнгөрдөг байв. Үзэсгэлэн үзсэн хүмүүсийн толгойд буугаад, нэгийг бодож, илүү наалдацтай байна.

-Баярлалаа.

 

Д.Цэрэнчимэг

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурчээ
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурчээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.