Энэ бүсгүйг Б.Буяннэмэх гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр энэ эрхмийг онцолсон нь учиртай. Өөрийн төрүүлсэн хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй хэмээн "голж" адлах нэгэн байхад хүний хүүхдийг өөрийн мэт хайрлаж өсгөдөг нэгэн ч байдаг аж. Б.Буяннэмэх бол тэдний нэг. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг, өрх толгойлсон ээжүүдийн төлөөлөл. /өөрсдийнх нь хүсэлтээр зураг, царайг ил нийтлэв/
- ТӨРСӨН АХЫНХАА ХҮҮГ ӨӨРИЙН АСАРГААНД АВЧ, 15 ЖИЛ ХАЙРААР ДУТААЛГҮЙ ӨСГӨЖЭЭ -
Тэрбээр, 11-26 насны 3 хүүхэдтэй. 26 настай том хүү нь оюуны хүндэвтэр хомсдол гэсэн оноштой, бүтэн асаргаанд байдаг. Өөрөө тээж төрүүлээгүй ч өөрийн хүүхдүүдээсээ илүү хайрлаж өсгөсөн гайхалтай эмэгтэй. Төрсөн ганц ахынх нь эхнэр өвчнөөр өөд болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ 2-уулахнаа үлдэх тэр хүнд цаг үед Б.Буяннэмэх хүүг нь өөрийнхөө асаргаанд авсан байна. Тэр цагаас хойш 15 жил өнгөрч, хүү нь 26 нас хүрчээ.
Оюуны хүндэвтэр хомсдол гэсэн оноштой учраас ээж хүү 2 хоногийн 24 цаг 2 биенээсээ алхам ч холддоггүй.
-ХҮҮХДЭЭ АСРАХЫН ХАЖУУГААР БҮТЭН ЦАГААР АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ УЧИР ӨӨРИЙН БРЭНДЭЭ ҮҮСГЭН БАЙГУУЛЖ, ДЭЭЛИЙН БҮС, ХАНТААЗ УРЛАЖ БАЙНА-
Б.Буяннэмэх асаргаатай хүүхэдтэй учир бүтэн цагийн ажил хийх боломжгүй. Тиймээс ээжээсээ сурсан эрдмээ ажил болгож, 8 жилийн өмнөөс хувиараа оёдлын газар ажиллуулж эхэлжээ. Анхандаа хүмүүсийн хувцасыг засварладаг энгийн оёдлын газраас эхэлсэн бол 2 жилийн өмнөөс хувийн бизнес болгож, "Хоёр заяа" брэндээ үүсгэн байгуулжээ.
Өөрийн хоббигоороо бүх төрлийн дээлийн бүс оёхоос гадна жилийн дөрвөн улиралд өмсөх боломжтой гоёмсог хантааз урлаж, зах зээлд нийлүүлдэг байна.
3 хүүхэдтэй ганц бие ээж хувиараа бизнес эрхлээд амьдралаа авч явна гэдэг амар биш. Тийм ч учраас амрах цагаасаа хомслон шаргуй ажилладаг. Гэртээ харих зав хомс учраас ажлын байр болсон подволийнхоо жижигхэн өрөөг голоор нь хувааж, ард нь амьдрах хэсэг гаргажээ. Захиалга ихтэй үедээ 3 хүүхэдтэйгээ хамт ажил дээрээ байрлаж, эрт тарсан үедээ гэртээ харьцгаадаг байна.
"БИ ОХИНДОО "МИНИЙ ОХИНЫГ АХТАЙ НЬ ХАМТ ХАЙРЛААД, ОЙЛГООД, ХАЛАМЖЛААД ЯВАХ ХҮНТЭЙ Л СУУДАГ ЮМ ШҮҮ" ГЭЖ ЗАХЬДАГ"
Одоо хүү нь 26 нас хүрсэн ч болох, болохгүйн тухай ойлголт байхгүй. Бүх зүйл нь түүнээс хараат байдаг. Хувцсаа зөв өмс, гутлаа өмс, хоолоо асгалгүй ид гэх мэт бүх зүйлийг нь зааж өгдөг байна. "Насаараа дэргэд нь байгаад бүх зүйлийг нь хийж өгч чадахгүй учраас ганц ч гэсэн зүйл заагаад өгчих юмсан. Ядаж л бусдад төвөг болохгүй байлгаж сургах юмсан гэж хичээдэг" гэдгээ Б.Буяннэмэх учирлав. Тодруулбал тэрбээр, "Би насаараа хажууд нь байж чадахгүй. Намайг байхгүй болоход миний охин л ахыгаа асарна. Миний охин бол багаасаа хамт өссөн болохоор тоохгүй. Ахдаа их хайртай. Асуудалгүй асраад явчихна л гэдэг юм. Гэтэл тэр чинь охин хүүхэл гэр бүлтэй болно. Хүнтэй сууна. Тэр хүн нь ойлгохгүй бол яах вэ. Тийм ч учраас ядаж өөрийнхөө хоол идсэн аягыг угаадаг. Хоолоо асгалгүй иддэг. Тарьсан хогоо өөрөө түүчихдэг. Хувцсаа зөв өмсдөг болгохыг хичээж байна. Бусад хүүхдүүд шиг нэг хэлээд ойлгохгүй учраас маш олон давтамжтай байнга хэлж байж дадал болдог болохоор амар биш" гэсэн юм.
Мөн тэрбээр, "Бусад ээжүүд миний охиныг л хайрлаж чадах хүнийг сонгоорой" гэж охиддоо захьдаг бол би охиндоо "Миний охиныг ахтай нь хамт хайрлаад, ойлгоод, халамжлаад явах хүнтэй л суудаг юм шүү" гэж захьдаг" гэлээ.
-"ТӨР ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ЭРГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ. БАЙНГЫН АСАРГААТАЙ, ХҮНД ХЭЛБЭРИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮС 18 НАС ХҮРЭНГҮҮТЭЭ ЭРҮҮЛ БОЛЧИХДОГГҮЙ ЮМ"-
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан түүнтэй уулзсан учраас хууль эрх зүйн орчин, тулгамддаг асуудлынх нь талаар санал сэтгэгдлийг нь сонссон юм. Түүний хувьд улсад ажиллаж, бусадтай адилхан нийгмийн даатгал төлөх боломж байхгүй. Тэр ч утгаараа төрөөс баримталж буй зарим шийдвэрт сэтгэл дундуур явдгаа бидэнд хуваалцлаа. Тэрбээр, "Х.Булгантуяа гишүүн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байхдаа 18 нас хүртэлх насны асаргаатай хүүхдээ асарч буй ээж эсвэл аавын нийгмийн даатгалыг төр хариуцна гэх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр зөв. Хэрэгтэй хүндээ маш их хэрэгтэй. Харамсалтай нь ажлаа дутуу хийсэн. Хэрэв 16 наснаас дээш байнгын асаргаатай, хүндэвтэр хэлбэрийн гээд 2-3 хан үг нэмчихсэн бол хүн бүрт хэрэгтэй шийдвэр болох байсан. Байнгын асаргаатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 18 нас хүрэнгүүтээ эрүүл болчихдоггүй юм гэдгийг л ойлгох хэрэгтэй. Миний хүү одоо 26 настай гэхдээ 100 хувь надаас хараат байдаг учраас нийгмийн даатгал төлдөг ажил хөдөлмөр эрхлэх боломж хомс байдаг. Тиймээс энэ шийдвэрээ эргэж хараасай гэж хүсэж байна" гэлээ.
Мөн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төр бодитоор дэмждэг болмоор байна гэлээ. Тодруулбал, "Зээл, тусламж, халамжаар биш хийж байгаа бизнес, үндэсний үйлдвэрлэлийг нь дэмжих тал дээр анхаарах хэрэгтэй. Бид хөгжлийн бэрхшээлтэй, аль эсвэл асаргаатай хүүхэдтэй гээд төрөөс мөнгө гуйгаад байгаа юм биш. Бидэнд хийсэн бүтээсэн зүйлээ зарж борлуулах боломж олгоод өгөөч ээ гэж л хүсээд байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асаргаатай хүүхэдтэй ээж, аавууд бүтэн цагаар төрд ажиллах боломж байхгүй учраас хувиараа бизнес эрхэлдэг. Маш олон хүн бий. Харамсалтай нь зарж борлуулах газар байдаггүй. Тиймээс эдгээр хүмүүсийг хийж бүтээснээ зарж борлуулах боломжтой газартай болгоод өгөөч ээ гэж хэлэхийг хүсдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хийсэн бүтээгдэхүүнүүдийг зардаг дэлгүүр гээд тусдаа байдаг бол дэмжиж худалдан авалт хийх хүмүүс ч олон байх болов уу гэж бодож байна" гэв.
Сэтгэгдэл (12)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!