Хил дамнасан төмөр замуудаа БАРИЛАА,  одоо Ганцмод-Гашуунсухайтыг хөдөлгөх НАЙДВАР л үлдлээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 51 секунд

Хэрэв эхэлсэн ажил саадгүй төлөвлөснөөр явсан бол Монгол Улсын дүр төрх 5-10 жилийн дотор хөрш зэргэлдээ улс орнууд шиг хөгжих боломж бидэнд байлаа. Харамсалтай нь, “амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ” гэгчийн үлгэрээр өргөн нарийн цариг дагасан танкны хэрүүл мухар төмөр замаар төгссөн гашуун сургамж бидэнд бий. Горыг нь бид цар тахлын үед машинаар нүүрсээ зөөгөөд урагшлахгүй гэдгээ, Хятадуудын 10 хэдэн жилийн өмнө хил дамнасан төмөр замыг хамтран барих гэрээг нь өөрсдийн муу санаанаас болж зөрчсөнөө хожим оройд ортлоо ойлгосон. Иймээс ч үргэлж гадныханд найдаж бусдын гар харсаар ирсэн бидэнд өөрсдөө төмөр зам барихаас өөр сонголт цар тахлын үед үлдээгүй. Эцэст нь чадсан. Гэвч өнөөдөр төмөр замын 4 боомтоос зөвхөн ганц нь ажиллаж байгаа нь Замын-Үүд-Эрээн юм.

Үндсэндээ 1956 оноос хойш өнөөдрийг хүртэл манай улс Хятад руу ганцхан гарцтай хэвээрээ байна. Угтаа бол Засгийн газарт Хятад руу таван гарц нээх том амбиц бий. Гэвч Хятадаас л бүх зүйл хамаарна гэдгийг төмөр замын бүтээн байгуулалтууд харуулж буй.

Худалдаа, эдийн засгийн гол түнш болох урд хөршийн зүгээс Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбосны дараа бусад төмөр замуудын холболтыг хийнэ гэх байр суурьтай байгаа аж. Иймээс ч ЗГ-ын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслийн эхэнд төмөр замын төслүүд дотроос Гашуунсухайт-Ганцмод боомт багтаж байгаа бол араас нь Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээбоомтын хил холболтын төмөр зам эрэмбэлэгдэж байна.

Ямартай ч хоёр улсын олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд олон жил гацсан мухар төмөр замаа барих, ашиглалтад оруулах нааштай мэдээ байна.

16 ЖИЛ ГАЦСАН ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРВОЛ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ОРЛОГО 2.8 ДАХИН ӨСЧ ЯДУУРАЛ БУУРНА

16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг барих энэ удаагийн оролдлого хэрэв саадгүй урагшилж, төлөвлөснөөр ажил хэрэг бүтвэл ирэх жилээс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.

Урьдчилсан тооцооллоор төсөвт өртөг нь 979 тэрбум төгрөг байхаар тооцож байгаа бөгөөд санхүүжилтын асуудлыг УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХХК хариуцахаар шийдвэрлэгдсэн байдаг.

Одоогоор төмөр замын ТЭЗҮ, зураг төсөл хийгдэж дууссан бөгөөд барилгын ажлын гэрээний төслийн компанийн хэмжээнд тохироод байгаа аж.

Энэхүү нэгдүгээр зэрэглэлийн, 152 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19.5 км бөгөөд нийт гүүрийн урт 9.35 км байх энэ төмөр зам нь жилд 30 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.

Цаашилбал, 2030 оноос нүүрсний экспорт жил бүр 20 сая тонноор нэмэгдэх боломжтой гэж үзэж буй. Ерөнхийдөө техникийн үзүүлэлт, гадаргын хотгор гүдгэрээс шалтгаалан 31 метр өндөр суурь бүтэцтэй энэхүү төмөр зам нь монголчуудыг тэжээнэ.

Төмөр зам ашиглалтад орсноор, Монгол Улсын экспортын гуравны нэгийг дангаар бүрдүүлдэг нүүрсний салбарын экспортын орлогыг одоогийнхоос 2.8 дахин нэмэгдүүлж 7.4 тэрбум ам.доллар болгох тооцоо бий.

Өөрөөр хэлбэл, нүүрсний экспорт жил бүр 20 сая тонноор нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүрэх, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах инфляцыг 5 хувь бариг зэрэг өндөр үр өгөөжтэй.

Иймээс Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох төмөр замын ажил эхэлснээр бусад Шивээхүрэн, Ханги, Бичигт/-ыг төмөр замаар холбох асуудал шийдэгдэх юм.

ТӨМӨР ЗАМАА БАРИЛАА, ЭДИЙН ЗАСАГТ ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГӨХИЙГ НЬ ХҮЛЭЭХ Л ҮЛДЛЭЭ

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тусгасан нэн тэргүүний зорилт нь “боомтын боймыг тайлах” байлаа. Энэ утгаараа маш богино хугацаанд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр зам, Гашуунсухайт-Ганц мод хүртэлх 233 км, Шивээхүрэн-Сэхээ хүртэлх 6.9 км хил дамнасан төмөр зам барих ажлыг ёстой л машиндах шиг болсон. Угтаа бол төмөр зам барих бүрт “монголчуудыг тэжээнэ” гэж эрх баригчид шагширцгааж байсан ч өнөөдөр энэ бүгд нь уриа лоозонгийн шинжтэй болсон гэхэд хилсдэхгүй.

Бодит байдал дээр төмөр замууд нь эдийн засгийн цусны эргэлтгүй, Гашуунсухайт шиг гацаанд орсон нь нэгэнт нууц биш. Угтаа бол Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил энэ удаа саадгүй урагшлах эсэхээс л бусад хил холболтын төмөр замууд монголчуудыг тэжээх үү, үгүй юу тухай яригдаж ирэх 5-10 жилийн Монголын дүр төрх тодорхойлогдоно.

ЗҮҮНБАЯН-ХАНГИМАНДАЛ ТӨМӨР ЗАМ 10 ГАРУЙ АШИГТ МАЛТМАЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ ӨСГӨЖ, ХОЁР ДАХЬ ГАШУУНСУХАЙТ БОЛНО

2022.11.25 буюу хоёр жилийн өмнө Хятад руу нэвтрэх хоёр дахь гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр зам ашиглалтад орж байв. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр найман сарын хугацаанд барьсан энэ төмөр зам нь Хятадын хилийн шугам дээр ирээд тулж буй.

Зам тээврийн яамны мэдээлснээр, Зүүнбаян-Ханги-Мандалтай холбогдоход Монголын талаас 600 метр , Хятадын талд 10 орчим км дутуу байна. Угтаа бол хил дамнасан энэ төмөр замыг гурван сарын дотор хийж гүйцэтгэх ажил болохыг Хятадын талаас байр суурийг илэрхийлжээ.

Энэхүү төмөр зам нь 15 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай гэгдэж буй. 1520 мм царигтай, 25 тн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, 3-р зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системтэй энэхүү төмөр зам нь ашиглалтад орсноор хоёр дахь Гашуунсухайт болох найдвар тээж буй.

Учир нь Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд-Эрээн-Жининь-Хөт хот-Бугат /1722 км/ гэх тээвэрлэлтийн маршрут Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат /1404 км/ болж багасч байгаа аж.

Өөрөөр хэлбэл, төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 388 километрээр богиносч, тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах тооцоо бий.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг эхлүүлснээр улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэнэ гэж тооцсон. Энэ нь боомтын боймыг тайлах эхний томоохон алхам болно гэсэн хүлээлт бий.

Төмөр замын шинэ гарц гэгдэж байсан Зүүнбаян-Ханги чиглэлд Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэж, говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ гэх тооцоо бий.

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН 233 КМ ТӨМӨР ЗАМААР НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ОРЛОГО 2 ДАХИН НЭМЭГДЭЖ, АЧАА ТЭЭВРИЙН ХҮЧИН ЧАДАЛ 10-50 САЯ ХҮРТЭЛ НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ

2022.09.09 Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замын барилгын ажил дууссаныг нээж байлаа. 10 жил гацсан энэ төмөр замын бүтээн байгуулалт ийнхүү ажил хэрэг болсон ч өнөөдөр эдийн засгийн эргэлт байхгүй. Энэхүү төмөр замыг 2.5 жилийн хугацаанд барих төлөвлөгөөтэй байгааг Зам тээврийн яамнаас өгсөн мэдээлэлдээ дурдсан. Уг төмөр зам нь жилд 50 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай.

Хэрэв ашиглалтад орвол нүүрсний экспортоос олох орлого 2 дахин нэмэгдэж, ачаа тээврийн хүчин чадал 10-50 сая тонн хүртэл нэмэгдэнэ.

Мөн төмөр зам дагасан суурин газрууд бий болж, 2000 орчим ажлын байр шинээр бий болно. Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хүчин чадал 2-3 дахин нэмэгдэх бөгөөд экологийн хохирол 74 хувиар буурах тооцоо бий. Эдийн засгийн ийм үр ашигтай уг төмөр зам 2.5 жилд ашиглалтад орно гэдгийг мөн л Хятадын талаас мэдээлжээ.

АНХНЫ НАРИЙН ЦАРИГТАЙ ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫГ ХЯТАДЫН ТАЛ 20 ХОНОГТ Л БАРЬЖ ДУУСГАХ БОЛОМЖТОЙ. АШИГЛАЛТАД ОРВОЛ ЖИЛД 4.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН ОРЛОГО БҮРДҮҮЛНЭ

Шивээхүрэн-Сэхээ боомтыг холбох Монголын анхны нарийн царигтай төмөр зам ашиглалтад ороход бэлэн болсныг энэ оны тавдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарлаж байлаа. Энэ нь анх удаа 1435 мм нарийн царигаар холболт хийж байгаа бөгөөд хоёр дахь Замын-Үүд гэж тодорхойлж буй.

Хятадын Сэхээ боомттой хаяа залгасан ч хилийн шугамд тулж буй. Өөрөөр хэлбэл, Монголын талаас төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусч хилийн тэг цэг дээр ирсэн бөгөөд Хятадын талаас 3.75 км буюу дан замын ажил буюу төмөр зам үлдсэн болохыг Зам тээврийн яам мэдээлж байгаа юм.

Энэхүү төмөр зам нь 20 хоногийн л ажил болохыг Хятадын талаас байр суурийг илэрхийлсэн байна. Гэтэл Нарийнсухайтын бүлэг орд нь 25 гаруй сая тонн нүүрсний хүчин чадалтай атал 10 сая тонн нь боомтод баригдаад "овоорч" байгаа аж. Энэ талаар ЗТЯ-аас "Нарийн царигийн төмөр зам баригдвал 20 хоногийн дотор буюу нэг сарын дотор Монгол Улсын нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэх боломж үүснэ" гэсэн юм.

Эдийн засгийн тулгуур баганын нэг болох энэ боомтын төмөр замын хил холболт хийгдэж, нарийн царигаар шилжүүлэн ачаа тээврийг хийж эхэлсэн цагаас жилд дунджаар 4.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт төлнө гэх тооцоо бий. Мөн төслийн нөлөөгөөр бий болсон ажлын байрнаас татварын орлого улсын төсөвт орно.

Боомтын экспортын орлого жилд дунджаар 1.8 тэрбум ам.доллараар нэмэгдэх хүлээлт үүсээд байгаа юм. Хэрэв Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын ажлыг эхлүүлбэл дээрх төмөр замын ажлууд эхлэхээр хүлээгдэж байгааг Хятадын талаас "Гэрээг үзэглэвэл Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын ажлыг эхлүүлж болно. Хөрөнгө оруулалт, барилга угсралтын сонгон шалгаруулалт нь бэлэн болсон ч ажил эхлүүлэхгүй байгаа нь Гашуунсухайт-Ганцмод боомтын ажил эхлэхийг хүлээж байна" гэжээ.

БИЧИГТ-ЗҮҮНХАТАВЧ ЧИГЛЭЛИЙН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр Зам тээврийн яам төлөвлөж байв. Энэ талаар тус яамны мэдээлснээр, төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар сонгон шалгаруулалт нь Эдийн засгийн хөгжлийн яам дээр явагдах бөгөөд бэлтгэл ажил хангагдаж байгаа аж. Энэхүү төмөр замыг 2028 оноос ашиглалтад оруулна гэж тооцож байгаа аж.

Баригдаж байгаа барилгын гадна хөөсөнцөр шатжээ
Баригдаж байгаа барилгын гадна хөөсөнцөр шатжээ
 
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!