ТОМИЛОЛТ: Өргөн царигтай төмөр зам барьж, “Танк орж ирнэ“ гэх улстөржилтийн улмаас Монгол Улс 18.5 тэрбум, БНХАУ 2.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 12 секунд

UBN.mn сайтын сурвалжлах баг Ганцмод-Гашуунсухайт чиглэлийн хил дамнасан төмөр замын ажлын нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар газар дээр нь ажиллаад ирлээ.

Энэхүү бүтээн байгуулалтын ажил амжилттай эхэлсэн ч Монгол Улсын тал өргөн царигтай төмөр зам барьсан, "Төмөр замаар Хятадууд вагоноор орж ирнэ" гэх хийрхсэн улстөржилтийн улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацаанд ороод буй.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шанхай хотод ажиллах үеэрээ тодорхой баримт бичгүүдэд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Эдгээрийн дунд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр багтсан юм.

Анх 1955 онд Эрээн-Замын-Үүдийн төмөр зам холбогдож байсан бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газрын хооронд Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийг хамтран байгуулах хэлэлцээр байгуулсан нь хоёр улсын хоорондын хоёр дахь хил дамнасан төмөр замын хэлэлцээр болсон юм. 69 жилийн дараа Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан төмөр замыг байгуулах нь хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын үзэл санааг хэрэгжүүлэх чухал ажил, хоёр улсын эдийн засаг, нийгэмд алс хэтийн үр нөлөөг үзүүлэх төсөл юм.

-Төмөр замын хил холболтууд хийгдсэнээр Монгол Улс жилд 120 сая тонноос доошгүй хэмжээний нүүрс экспортолно-

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хил холболтын асуудлаар хоёр улс ажлын хэсэг гарган ажиллаж байна. Хоёр орны ажлын хэсгийнхэн уулзаж хил холболтын шийдвэрийг ойрын хугацаанд хийхээр төлөвлөөд байгаа. Энэ нь зөвхөн төмөр замын хил холболт бус нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван цогц асуудлыг шийдвэрлэнэ.

Манай улс энэ онд 80 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Энэ нүүрсний ихэнхийг Гашуунсухайт-Ганцмодны боомтын авто тээврээр хийж байгаа. Энэхүү боомтын төмөр замыг ашиглалтад оруулсны дараа Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавчийн төмөр замын хил холболтууд хийгдсэнээр жилдээ Монгол Улс 120 сая тонноос доошгүй хэмжээтэй нүүрсийг экспортолно гэж тооцож байгаа.

Төмөр замын гэрээ хэлэлцээр бэлэн болсон. Нүүрс худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээр явагдаж байна. Тус төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум ам.доллар буюу 63.2 их наяд төгрөг нэмж олох боломжтой байсан гэх тооцооллыг манай яамнаас гаргасан. Харин Хятадын тал 2.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэдэг.

Хил холболтын төмөр зам холбогдсоноор манай улс нийтдээ 120 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэнэ.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн нэгдүгээрт төмөр замын холболтыг эрэмбэлсэн. Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын гэрээг энэ ондоо багтаан хийхээр төлөвлөж байна” гэсэн юм.

ил дамнасан төмөр замыг холбох ажлыг нэг компаниар гүйцэтгүүлэхээр тохирсон-

Харин Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам холбогдоход нийт 10.3 км-ийн зай дутуу байгаа. Тодруулбал, цаад талаасаа нарийн царигийн төмөр зам хилээс 300 метрийн зайд байгаа бол манай тал хилээс 10 км зайтай байгаа. Яг энэ зайн холболтыг нэг компаниар хамтдаа хийлгэе гэдэг зарчим дээр бид тохирсон. Учир нь манай улс ийм том хэмжээний бүтээн байгуулалтын ажил хийх туршлага дутна.

Гүүрэн байгууламжийг барьснаар дээгүүр нь нарийн, өргөн хоёр замтай байх юм. Тодруулбал, өргөн зам нь Хятадын тал руу гарч тус улсын ачиж, буулгах терминал дээр очно. Өөрөөр хэлбэл шилжүүлэн ачна гэсэн үг. Харин манай тал руу нарийн царигаар орж ирсэн галт тэрэг, ачаа тээврийг бид бас ачиж зөөх үүрэгтэйгээр байгууламжтай байх юм.

Шилжүүлэн ачих терминалыг 979 тэрбум төгрөгийн өртгөөр барих тооцоотой байна. Өнөөдрийн ам.долларын ханшаар бодоход 280 сая ам.доллар болох тооцоолол бий” гэлээ.

-ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ТУХАЙ-

Энэхүү төсөл нь хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийн төсөл болон Ганцмодны боомтын төмөр замыг өөрчлөх төсөл гэсэн хоёр төслөөс бүрдэнэ.

Хил дамнасан гүүрэн байгууламжийн төсөл: Нийт хөрөнгө оруулалт 84 сая юань, хэрэгжих хугацаа 18 сар байна

Хятадын хилийн доторх Ганцмод боомттой залгах цэгийн хил дамнасан цэг хоорондын зай нь 760 метр. Хил дамнасан төмөр замыг стакадан гүүр байдлаар байгуулах бөгөөд хос шугамтай том гүүрийн 1 байгууламж, өргөн царигийн гүүрийн шугамын урт нь 333.36 метр, нарийн царигийн гүүрийн урт 332.69 метр, өргөн нарийн царигийн гүүрийн нийт урт 409.58 метр, гүүрийн нийт урт 1.07 метр бөгөөд өндөр нь 31.6 метр, төмөр замын нэмэлт шугамын урт 1.5 км, нийт төслийн хөрөнгө оруулалт 84 сая юань, хэрэгжүүлэх нийт хугацаа 18 сар байх аж.

Боомтын төмөр замыг өөрчлөх төсөл: Төмөр замын сэлгэн ачих хүчин чадлыг задгайгаар 10 сая тонн, хөмөрч сэлгэхээр 20 сая тонн байхаар тооцсон

2023 оны хоёрдугаар сард "Баошэнь төмөр зам" ХХК болон "Тавантолгой төмөр зам" ХХК хооронд санамж бичиг байгуулж, төмөр замын сэлгэн ачих хүчин чадлыг задгайгаар 10 сая тонн, хөмөрч сэлгэхээр 20 сая тонн байхаар тооцож, тус төслийн зураг төслийг өөрчилж, нарийн царигийн хилийн шалган нэвтрүүлэхийн зүүн талд өргөн царигийн хилийн шалган нэвтрүүлэх байгууламжийг байгуулахаар болсон. Чи Хөнь гаалийн хяналтын зүүн талд шинээр сэлгэн ачих болон нүүрс хөмрөх төхөрөмжийг байгуулахаар тогтсон байна. Тус төслийн ТЭЗҮ-ийн урьдчилсан тооцоогоор 4.1 тэрбум юань шаардлагатай бөгөөд 24 сарын дотор гүйцэтгэх аж.

Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хурдасгах чиглэлээр "Чайна Энержи" группийн Ганцмодны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ХХК байгуулж, Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын Хятадын хил дотор байгуулах гүүр, төмөр зам, сэлгэн ачих болон гааль, хилийн хяналт шалгалт байгуулах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулах ажлыг хариуцуулж байна. Хятадын тал холбогдох тендерээ зохион байгуулсан бөгөөд төмөр зам байгуулж эхлэх бэлтгэлийг хангаад буй талаар холбогдох албаныхан мэдэгдлээ.

СЭДЭВ: Зарим эмэгтэйчүүд шинэ жилд 1.2 сая төгрөгийн зардалтай  бол эрчүүд 30-50 мянган төгрөг зарцуулдаг
СЭДЭВ: Зарим эмэгтэйчүүд шинэ жилд 1.2 сая төгрөгийн зардалтай бол эрчүүд 30-50 мянган төгрөг зарцуулдаг
 
Х.Ганхуяг: Ажлын хэсэгт орсон гишүүд нь хэвлэлийн хурал хийгээд л самарчихлаа
Х.Ганхуяг: Ажлын хэсэгт орсон гишүүд нь хэвлэлийн хурал хийгээд л самарчихлаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!