"Ананастай тахиатай, жаазтай бичиг" тараадаг өдрүүд хаяанд иржээ. Ажлын газар, найз нөхөд, клуб уулзалтын шинэ жилд бэлдэхээр эмэгтэйчүүд ээмэг зүүлтнээс авхуулаад элдэв янзын даашинз, хослол, гоёлын эрэлд гараад завгүй байгаа бол эрэгтэйчүүд ёстой л “бугуйн цагаан зүүгээд бугатай архины ард суух өдөр”-өө хүлээж хүлээж сууна.
Охид бүсгүйчүүдийн хувьд гоёлын даашинз, өсгийтэй гутал чухал учраас "толгойн өвчин" болж байна. Баярын уур амьсгал орсон энэ үед эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд шинэ жилийн баярт хэдэн төгрөгийн зарлага гаргаж байгааг энэ удаагийн нийтлэлдээ онцолж байна.
Монголчуудын хувьд дунджаар 1-4 шинэ жилд орж байна. Нэг шинэ жилд ороход бүсгүйчүүд 500 мянган төгрөгөөс 1.2 сая төгрөг зарцуулж байгаа бол эрэгтэйчүүд ихдээ 50 мянган төгрөгөөр үсээ засуулахаас өөр зарлага барагтай л алга.
Ингээд 30-45 хүртэл насны эмэгтэйчүүд болон эрчүүдийн төлөөлөл нэг шинэ жилд хэдэн төгрөгийн зардал гаргаж байгааг тодруулахад эмэгтэйчүүд цалингийнхаа 50-90 хувийг болон зарим тохиолдолд нэг сарын цалингаас давсан зарлага гаргаж байгааг тооцож үзсэн юм.
ЭМЭГТЭЙЧҮҮД ШИНЭ ЖИЛИЙН БАЯРТ ЦАЛИНГИЙНХАА 50-80 ХУВЬ, ЗАРИМ ТОХИОЛДОЛД ОРЛОГООСОО ДАВСАН ЗАРЛАГА ГОЁЛД ЗАРЦУУЛДАГ
25-30 хүртэл насны эмэгтэйчүүдийн төлөөлөл н.Гэрэл. Төрийн байгууллагад ажилладаг түүний хувьд жилд 2 удаа шинэ жилд ордог бөгөөд нэг нь такс 300 мянган төгрөгийн үнэтэй аж. Ингээд нэг шинэ жилд ороход үс засалт, нүүр будалт, сормуус, маникьюр, педикур, хувцас зэрэгт дунджаар 1.2 сая төгрөг зарцуулдаг байна. Жишээ нь, тэмдэглэлт баярын хамгийн чухал нь болох гоёлын хувцсанд нийт зардлын 50 орчим хувь нь буюу 650 мянган төгрөгийг зарцуулдаг бол үс, сормуус, маникьюр, педикурт 250 мянган төгрөг зарцуулдаг аж. Үүн дээр цүнх, аксисуар зэрэг нэмэгдэхээр мэдээж 1.2 сая төгрөгөөс илүү гарч байгаа юм.
Хэрэв түүний цалин сард дунджаар 2 сая төгрөг гэж тооцвол нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлөөд гар дээр дунджаар 1.6 сая төгрөг авна. Харин 2 шинэ жилд ороход дунджаар 2.4 сая төгрөг зарцуулна гэж тооцвол цалингаас давах нь.
30-35 насны эмэгтэйчүүдийн төлөөлөл А.Мандах /нэрийг өөрчлөв/. Түүний хувьд жилд 2 шинэ жилд ордог бөгөөд нэг нь мөн такстай 150 мянган төгрөг. Нэг шинэ жилд ороход дунджаар 850 мянган төгрөг зарцуулдаг аж. Ингэхдээ гоёлын даашин 369 мянган төгрөгөөр худалдан авсан бол маникюр 50 мянган төгрөг, сормуус 30 мянган төгрөг, нүүр будалт 100 мянган төгрөг зэрэг багтжээ. Харин энэ жилийн хувьд 500 мянган төгрөгт шинэ жилийн зардлаа тооцож байгаа юм байна.
Түүний хувьд цалингийнхаа гуравны нэгийг шинэ жилийн баярт зарцуулдаг аж.
35-45 насны эмэгтэйчүүдийн төлөөлөл Г.Туяа /нэрийг өөрчлөв/. Түүний хувьд жилд дунджаар 4 шинэ жилд ордог бөгөөд нэг шинэ жилд дунджаар 300 мянган төгрөгийг зарцуулдаг байна. Тэрбээр гоёлын даашинзаа дунджаар 100 мянган төгрөгт багтаахыг эрмэлздэг /аль болох шинээр худалдан авдаг/ бол үс засалт, нүүр будалт, маникюр зэрэгт 200 мянган төгрөг зарцуулдаг аж. Түүний хувьд цалингийнхаа 50 хувийг шинэ жилд зарцуулдаг байна.
Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн хувьд хамгийн ачаалалтай сар нь арваннэг, арванхоёрдугаар сар. Тэд цалингийнхаа 50 хувийг дунджаар зарцуулж байгаа бол зарим нь цалингаас давж байна. Эмэгтэйчүүдийн хувьд чанартай гоёлын даашинз, хослол авъя гэвэл зах, худалдааны төвүүдэд хамгийн багадаа 300 мянган төгрөгөөс дээш үнэтэй байгаа юм. Иймээс гоёлын даашинзыг зээлийн аппликэйшнээр хувааж төлөх нөхцөлтэйгээр худалдаалж буй дэлгүүрүүд ч цөөнгүй болжээ. Мөн зарим онлайн шоп, дэлгүүрүүд үнэтэй гэх тодотголтой гоёлын даашинзыг 50 хувийн үнээр нь прокаталж байгаа юм. Жишээ нь, 500 мянган төгрөгийн үнэтэй даашинзыг 250 мянган төгрөг, 350 мянган төгрөгийн үнэтэй даашинзыг 170 мянган төгрөгөөр тус бүр прокаталж буй зар фэйсбүүк, инстаграммаар "дүүр"-чээ. Мэдээж санхүүгийн нөхцөл байдал, орлогоос хамаарч эмэгтэйчүүдийн гоёлын зардал харилцан адилгүй гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу.
Харин эрэгтэйчүүдийн хувьд ихэнх нь үсээ засуулахаас өөр илүү зарлага байхгүй гэдэгт бүгд санал нэг байлаа. Зарим нь 3 сая төгрөг зарцуулдаг гэнэ. Эрэгтэйчүүдийн хувьд 25-45 хүртэл насны төлөөллөөс тодруулсан юм.
ЭРЭГТЭЙЧҮҮД ШИНЭ ЖИЛД ҮСЭЭ ЗАСУУЛАХААС ӨӨР ИЛҮҮ АЧ ХОЛБОГДОЛ "ӨГДӨГГҮЙ"
25-30 насны эрэгтэйчүүдийн төлөөлөл болон Н.Батука хувиараа бизнес эрхэлдэг. Тэрбээр жилд 2 шинэ жилд ордог байна. Түүний хувьд дунджаар 3 сая төгрөг зарцуулдаг. Үс засуулахаас гадна классик хослолд 1.2 сая төгрөг болон үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүнд ач холбогдол өгдөг байна.
Мөн Н.Сүрэн хувийн байгууллагад ажилладаг. Жилд 3 шинэ жилийн баярт ордог. Нэг шинэ жилд ороход ихэнх тохиолдолд үс засуулах, сахлын татуурганаас өөр зарлага гаргадаггүй гэнэ. Энэ нь дунджаар 22 мянган төгрөг болдог аж. Түүнд хослол байдаг учраас нэмж авах шаардлагагүй аж. Хэрэв шаардлагатай тохиолдолд цамц худалдан авахад 45-50 мянган төгрөг зарцуулдаг байна. Түүний нийт шинэ жилийн зардлыг тооцож үзвэл 100 мянган төгрөг ч хүрэхгүй аж.
35-45 насны эрэгтэйчүүдийн төлөөлөл С.Бямбахорлоо дунд шатны удирдах албан тушаалтан. Түүний хувьд жилд 3-4 шинэ жилд ордог. Нийт 500 мянган төгрөгөөс 1 сая төгрөг зарцуулдаг байна. нэг шинэ жилд дунджаар 250 мянган төгрөгийн зарлага гаргадаг байна. Энэ жилийн хувьд 500 мянган төгрөг зарцуулах төлөвтэй байгаа аж. Гэхдээ шинэ жилийн баярт ороход үсээ засуулахаас өөр зардал тэр бүр гардаггүй гэнэ. Энэ нь 50 мянган төгрөг болдог байна. Харин классик загвартай хослолууд байдаг учраас шинээр худалдан авах шаардлага гардаггүй байна. Хэрэв шинээр худалдан авахаар болбол дунджаар 500 мянган төгрөгөөс 1.2 сая төгрөг зарцуулдаг аж.
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН БУДАЛТ 90 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙГАА БОЛ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН МАКE-UP 50 МЯНГАН ТӨГРӨГ
Баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд үсчин, гоо сайхан, make-up артистууд болон хувцасны лангуу, онлайн шопууд тун эрэлттэй байгаа юм. Гоо сайхны салонууд нүүр будалт, гоёлын үс засалт, маникюр багц гаргаж эхэлсэн бөгөөд дунджаар 160 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн зарим салон нүүр будалт, гоёлын үс засалт нийлээд 160 мянган төгрөгийн үнэтэй байна. Шинэ жилийн гоёлын нүүр будалтын хувьд дунджаар 90 мянган төгрөгөөс эхэлж байгаа юм. Тухайлбал, Сүхбаатарын талбайн зүүн талд, Туушин зочид буудлын зүүн ард Лагшин төвд байрлах Make-Up артист Анжэ "Манайх гоёлын нүүр будалт 120 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Хэрэв гоёлын үс засалт оруулбал 160 мянган төгрөг болно. Одоогоор ачаалал бага ч хүмүүс захиалгаа өгч эхэлсэн. Бид зөвхөн make-up л хийдэг учраас хажуудаа маникюр байхгүй. Шаардлагатай тохиолдолд туршлагатай үсчин дуудлагаар ирж гоёлын засалт хийж өгдөг" гэж байлаа. Мөн Хан-Уул дүүргийн King towerт байрлах "Two and Two beauty studio" нүүр будалт 100-120 мянган төгрөгийн үнэтэй бол үс засалт 45-65 мянган төгрөгийн хооронд байна. Харин эрэгтэй үс засалт 50 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.
Түүнчлэн make-up артист Н.Мөнхтуяагийн хувьд шинэ жилийн гоёлын нүүр будалт 90 мянган төгрөг бол хамт олноороо захиалга өгвөл бага зэрэг хямдруулах боломжтой гэнэ. Энэ жилийн хувьд хурц, тод будалтаас илүүтэй будаагүй юм шиг харагдах "зөөлөн" будалт трэнд болж байгааг make-up артистууд ярьж байлаа.
Гэхдээ нүдийг илүү тод харагдуулахаар будалт зонхилж байгаа аж. Хэдий ийм болов ч хүн бүрийн нүүрний бүтэц, арьсны онцлогоос шалтгаалж харилцан адилгүй гэдгийг ч тодотгож байлаа. Харин эрэгтэйчүүдийн хувьд тэр бүр нүүрээ будуулдаггүй ч сүүлийн үед крем түрхүүлэх, хөмсөг будуулах зэргээр хөнгөн будалт хийлгэх болжээ. Эрэгтэй make-up дунджаар 50 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!