Улсын төсөвт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавилаа. Ингэснээр ойрд өрнөх улс төрийн ерөнхий дүр зураг ажиглагдах боллоо. Магадгүй одоо өгүүлэх улс төр нэг бол ил гарна. Үгүй бол Ерөнхий сайдын зориг дутаж бүгдэд бууж өгөөд бүхний хөшигний ард хийж орхино.
НЭГ, Ерөнхийлөгчөөр дахиад сонгогдох Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих Ерөнхий сайдын хайж байна
Хоригийг зөвхөн төсөв дээр тавьсан гэж ойлговол үүн шиг том эндүүрэл үгүй. Тэгвэл төсөв гэж юу юм бэ. Засгийн газрын номер нэг бодлого. Хамгийн чухал хуулийн төсөл нь мөн. Гэвч эхний ээлжид төсөвт өөрчлөлт орох боломжгүй болгуут улс төр өрнөсөн. Одоо өөрсдөө тодотгол хийе гээд байхад нь давуулж хориг тавьж байна. Тэгвэл энэ улс төрийг Ерөнхийлөгч яагаад хийж байна вэ. Өмнөх нийтлэлээрээ өгүүлж байсанчлан тэрбээр Ерөнхийлөгчид дахин нэр дэвших арга замыг эрэлхийлж буй. “Ерөнхийлөгчид зөвхөн нэг удаа сонгогдоно” гэдэг заалтыг хүний эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчсөн гэдэг гомдол, мэдээлэл ҮХЦ дээр явж байгаа. Хэрвээ Цэц үүнийг их суудлаараа хэлэлцээд дэмжвэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүх хүнд дахин нэр дэвших эрх нь нээгдэнэ гэсэн. Үүнд У.Хүрэлсүх, Х.Баттулга нар бүгд багтах учиртай. Парламентаас сонгодог болох нь У.Хүрэлсүхэд ямар ч ашиггүй. Ёстой л сүүлийн мэх болгож хийддэггүй юм бол маш хэцүү. Бүх ард түмний гэдэг тодотгол өөрөө Ерөнхийлөгчийг хүч оруулдаг. Засгийн газрын зүгээс ийм хэмжээний дэмжлэггүй байхад ийм ҮХНӨ-ийг дахиж хийлгэж өөрийгөө дахин сонгогдох боломжийг үүсгүүлнэ гэдэг бол байж боломгүй тактикийн алдаа.
Асуудлыг гол ньюанс, улс төрийн хамгийн чухал өнцөг нь энд л байгаа юм. Үүнийг Ерөнхий сайд дэмжихгүй байна бололтой. Танхимын сайд нь хүртэл ярилцлагад орохдоо “Тийм зүйл байхгүй. Талбай руу гарч тэмцэнэ” гэж байгаа. Тиймээс төсвийг нь нухаж, хориг тавих хүртлээ үргэлжилж буй юм. Өөрөөр хэлбэл, өргөн бариад батлуулсан төсөв нь муухай байна гэдэг үйлдэл бол Ерөнхий сайдыг, Засгийн газрыг бүхэлд нь үгүйсгэсэн үйлдэл. Зарим хүмүүс УИХ-ын болон ЗГ-ын асуудлыг Ерөнхийлөгч харин ч эвтэйхэн шийдэж өглөө гэж буй. Нэг талаас нь харахад тэгж харагдаж байгаа ч энэ үйлдлийнх нь хамгийн том хохирогч нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн институтээс ҮХЦ дээр байгаа асуудлыг агуулгаар нь дэмжүүлэх, дахин сонгогдох боломжид нь саад болохгүй Ерөнхий сайдын эрэлд гарсан бололтой. Тийм хүний нэгдүгээрт Д.Амарбаясгалан, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй хүмүүс бий. Дээр нь одоогийн хотын дарга нэмэгдэнэ. Жишээ нь энэ улс төрийг угтаж, УИХ-ын даргын нүүрстэй холбогдож буй асуудал сөхөгдөж байна. Өдөр хоног өнгөрөх тусам улам бүр барьцаа лавшруулах байх.
Тиймээс хориг бол зүгээр нэг нийгмийн шахалт шаардлагаар хийгдэж буй зүйл биш. Олон нийтээс оноо авах бол 127 дахь асуудал. Гол зорилго нь Засгийн газрын үйл ажиллагаанд муу үнэлгээ өгөх. Цаашлаад УИХ-ын хууль дээдлэх заримд халдсан гэх агуулгаар бас нэг дугтраад авах юм.. Дахиад хэлэхэд ямар ч агуулгаар харсан байсан төсөвт тавьсан хоригийн хамгийн том хохирогч нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Ер нь бол эрүүл саруул улс төрийн соёл оршдог улс оронд анхны төсөв нь ийм асуудалд ороход Ерөнхий сайд нь өөрийн хүсэлтээр ажлаа өгөх. Эсвэл парламентад итгэл үзүүлэх асуудлыг хүртэл ярьдаг. Даанч манайх энэ хүртлээ хөгжөөгүй байна.
ХОЁР, Төсөв бол дараагийн хоригийн өмнөтгөл...
Хориг бол сүүлийн улс төр биш. Үүний араас Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах асуудал дахиад л Ерөнхийлөгч, Засгийн газар хоёрын хооронд зөрчил үүсгэнэ. Засгийн газар энэ хуулийн хэрэгжилтийг 2028 хүртэл хойшлуулахыг дэмжсэн. Ингэснээр намын их хурлуудыг энэ ондоо багтааж хийхээс Л.Оюун-Эрдэнэ, Лу.Гантөмөр, Т.Доржханд нар зугтаж буй юм. Л.Оюун-Эрдэнэ, Т.Доржханд нар аргалаа хурлаа хийх ч гол асуудал АН дээр үүснэ. “Женко” Х.Баттулгын талынхан үүнийг л нүд цавчихгүй хүлээж суугаа. Ингээд Лу.Гантөмөр гарчихвал ЗГ жинхэнээсээ тогтворгүй болно. АН засгаас гарна.
Тэгвэл төсөв дээр хориг орж ирснээр Засгийн газар энэ хуулийг хойшлуулах саналаа хууль болгож УИХ-д өргөн барих уу гэдгээ хүртэл бодож үзнэ. Хууль оруулаад, намуудаа базаад батлуултал араас нь Ерөнхийлөгч дахиад хориг тавивал яах вэ. Энэ улс төрийн даах уу. Ингэж Ерөнхийлөгчийн барьцыг ахиулж өгснөөс хэлэлц хийгээд хуулиа хэрэгжүүлэх үү гэдэг сонголтыг хийнэ. Мөн нөгөө талдаа Ерөнхийлөгчийг дахиж сонгох орон зайг үүсгэж улс орноо дарангуйллын эрсдэлд оруулахыг хүсч байна уу, үгүй юу гэдэг эр зоригч эндээс харагдах юм.
ГУРАВ, Хэний хөрөнгө оруулалтыг хасах вэ гэдгээс дахиад том хэрүүл үүснэ
Нэгэнт тавигдсан хоригийг УИХ хүлээж авна. Хүлээж авах хоёр үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн хүч энэ цаг үед бараг хэнд ч дийлдэхгүй хэмжээнд аварга байна. Парламентад түүний бараг 30 орчим кноп зөвхөн нам дотор нь байна. Хоёрт, хэрвээ УИХ хүлээж авахгүй гэвэл нийгмийн эсэргүүцэлтэй тулгарна. Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн зөрчилд УИХ татагдан орж ирээд гал дээр тос гэгч нь болох нигууртай. Тэгвэл одоо хэний төсвөөс хасах юм бэ. Сангийн сайдын хэлж буйгаар 1.7 их наядыг шинэ хөрөнгө оруулалтаас, 1 их наядыг урсгал зардлаас хасна гэсэн. Урсгал зардлаас хасахаар сайд нар хамгийн түрүүнд дургүйцнэ. 1.7 их наядын шинэ хөрөнгө оруулалт гэдэгт хамгийн хүчгүй сайд нар, шинэ болон улстөрийн “бяргүй” гишүүдийн тойрог руугаа арай гэж зулгаасан төсөл, хөрөнгө оруулалт нь цавчуулна. Эндээс жинхэнэ хагарал, хямрал үүснэ. Дээр нь нэмээд Ардын нам л болсон хойно АН-ынхны төсвийг хамгийн түрүүнд хасна. Ингээд бөөн зөрчил. Аятайхан төсөв оруулж ирээгүй, тэгээд миний төсвийг хаслаа гээд Засгийн газарт өсөрхөж, гомдогсод шуудай, шуудайгаараа мэндэлнэ. Үүнийг л Ерөнхийлөгчийн институт хамгийн их хүсч буй биз.
ТОВЧХОНДОО...
Товчоор хэлбэл, УИХ болон ЗГ-т Ерөнхийлөгч хориг тавьж тусалж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ Ерөнхий сайд, Засгийн газрыг цаагуураа “бүлж” байгаа үйлдэл мөн. Харин үүнийг Ерөнхий сайд хэр хүлцэх вэ. Хонь шиг дуугүй явсаар буух уу, парламент ёсны төлөө прогрессив бодлого гаргах уу. Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих үйл явцыг УИХ-ын дарга, Сангийн сайд, Ерөнхий сайдтай зөвшилцөхгүй явна гэж огт байхгүй. УИХ-ын гишүүд тойрог руу тавьсан хөрөнгө оруулалтаас нь хасахыг дэмжихгүй. Тиймээс галыг Ерөнхийлөгчид атгуулж гишүүдээ номхруулахын сацуу Ерөнхийлөгчийнхөө улс төрийг саарал ордонд өндөрт гаргаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс энэ хоригт ямар хариу үйлдэл үзүүлэхээс ирээдүйн улс төр ихээхэн хамаарна.
Г.Лхагвадорж
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!