Нийслэлд ялалт байгуулсан МАН-ынхан хотын даргын томилгоон дээр толгой нь өвдөөд эхэлжээ. Сошиал сүлжээ, сонин хэвлэлээр хотын даргад нэр дэвшигчид, горилогчдын талаар янз бүрийн мэдээлэл тараад байна. М.Халиунбат, Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, Ж.Сандагсүрэн, Ц.Төрхүү, Ж.Алдаржавхлан зэрэг “сайн дурын” уран сайханчдын нэрс уртаас урт цуврах болов. Дур эзнээ голохгүйгээс хойш зарим нэг нь үнэхээр хотын даргад өрсөлдөх гээд гурав, дөрөвдүгээр араандаа хийчихсэн давхиж байгаа бол зарим нь “зүгээр л нэрээ гаргаж байгаа юм” гэсэн даруухан “нойтгоносон” тайлбар хийж байна.
Асуудлын гол нь МАН хотын даргаар хэнийг томилох тал дээр бодлого нэгдээгүй сонгуульд орсон. Сонгуулийн нэр дэвшүүлэх хугацааг тулгаж ирээд намын удирдлагууд нь Д.Сумьяабазартаа аргагүйн эрхэнд буулт хийсэн. Харин одоо киноны хоёрдугаар анги эхэлж намын удирдлагууд нь Д.Сумьяабазартаа урьдын адил найр тавих уу? гэдэг хоржоонтой асуултанд хариулах хэрэгтэй боллоо. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар шинэ хотын даргад өрсөлдөх гол гурван хүний асуудал МАН-д хэдийн яригдаад эхэлсэн байна. Нийслэлийн амьдралд онцгой ач холбогдол өгөх ёстой учраас дараагийн хотын даргад "сайн дурын уран сайханчдыг" биш хүлээн зөвшөөрөгдсөн "том самар"-нуудаас сойхоор болсон гэнэ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан
Өөрөө УИХ-ын сонгуульд өрсөлдөөгүй, нөхдөө дэмжиж намаа ялалтанд хүргэсэн түүний нэр хүнд сайн байгаа. Хийдгээ хийсэн Генсек одоо юугаа бодож нам дээр байх билээ? Намынхаа 100 жилийн ойн хойморт суухын тулд уу?, эсвэл 2024 онд намаа дахиад ялуулахын тулд уу?... Хэрвээ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдвал Генсекээ хийгээд дараагийн сонгуулиа хүлээх үү? Намд нь бослого гарч 65 суудал авчирсан М.Энхболдыг хуссан шигээ 61 суудал авчирсан У.Хүрэлсүхийгээ мөргөхгүй гэх баталгаа бий юу? Тийм болохоор баатрын ёсоор хамгийн өндөр нэр хүндтэй дээрээ гавьяагаа тамгалж үлдээгээд Нийслэлийн тамгыг атгах нь улс төрчийнх нь хувьд уран нүүдэл байж болох юм. Ийм тохиололд түүнтэй хэн ч барьцаж зүрхлэгүй. “Д.Сумьяабазартай хэл амаа олж чадахгүй бол Генсек өөрөө хотын намын хороогоо базаж У.Хүрэлсүхийн багийг бүтэн болгоод Ерөнхийлөгчийн сонгуульд авч орохоос өөр аргагүй” гэх яриа тусгаар тогтнолын “тамхины цэг” дээр яригдаад эхэлжээ.
Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан
Монголын радиогийн нэрт нэвтрүүлэгч Н.Жанцан агсны хүү, Улаанбаатар хотын 3,4-р хорооллын унаган залуу Ж.Батбаясгалан өдгөө хотын даргын үүргийг гүйцэтгэж яваа. 2008 онд НИТХ-ын нарийн бичгийн даргаар томилогдож их хотын ажил амьдралд хөл тавьсан тэрбээр энэ удаад улиран НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод байгаа. Д.Амарбаясгалан, Д.Сумьяабазар, Р.Дагва, С.Амарсайхан гээд хотын намын хорооны гол улс төрийн шийдвэрийг гаргагчидтай бүгдтэй нь сайн харилцаатай. Өмнө нь Су.Батболдыг огцорсны дараа МАН-ынхан хэнийг хотын даргаар томилохоо шийдэж чадахгүйдээ хүрч Ж.Батбаясгаланг үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан удаатай. Мөн С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа эзгүйрсэн хотын даргын суудлыг түүнд шилжүүлээд байгаа. Үргэлж хоёрдугаар хүн байхыг тэр хүсэхгүй нь ойлгомжтой. Ажлын дадлага туршлага, нам дахь улс төрийн үүрэг оролцооны хувьд ч тэр энэ марафонд нэлээд дээгүүр гүйж өндөр дэмжлэгтэй яваа гэнэ.
НИТХ-ын дарга Р.Дагва
Улс төрд нэлээд хожуу орсон ч МАН-ынхан түүнд итгэж НИТХ-ын даргаар томилсон. Анх удаа төлөөлөгч болсон хүнээ ингэлтээ дээш шидэж байсан тохиолдол МАН-д бараг байхгүй. Тэгвэл хоёр дахь удаагаа ИТХ-д сонгогдоод байгаа Р.Дагвыг Нийслэлийн засаг даргаар томилуулах ёстой гэсэн байр суурьтай хүмүүс нэлээд байгаа ажээ. Ялангуяа нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазар “хотын даргаар ажил амьдралын арвин туршлагатай хүнийг томилох ёстой” гэж түүнийг дэмжиж байгаа гэдгээ ил цагаан мэдэгдэж орхисон. Өмнөхийн адил МАН-ын удирдлагууд Д.Сумьяабазартаа найр тавьбал Р.Дагва хотын дарга болох хамгийн өндөр магадлалтай байна.
О.Цагариг