А.ЭНХБАТ: 2025 оны төсвийг боловсруулахад Сангийн яам, ЭЗХЯ, ЗГ, өмнөх УИХ маш хариуцлагагүй байлаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 54 секунд

2025 оны төсвийг тодотгол хийх нөхцөлтэйгээр баталсантай холбогдуулан МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор (PhD), дэд профессор А.Энхбаттай ярилцллаа.

------------------

- 126 гишүүнтэй шинэ парламент анхны төсвөө маргаантай баталлаа. 2025 оны төсвийг дахин тодотгол хийх нөхцөлтэйгөөр баталсан нь шүүмжлэл дагууллаа. Мэргэжлийн хүний хувьд та ямар байр суурьтай байна?

- Ирэх оны төсвийг хэлэлцэн баталлаа.Сангийн яам, Засгийн газар УИХ-д есдүгээр сарын 1-ний дотор хуулийн хугацаанд төсвийг өргөн мэдүүлэх ёстой. Шинэ цагалбарын дагуу 2025 оны төсвийн төслийг өргөн мэдүүлсний дагуу зарлага 35 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.8 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.9 их наяд төгрөг байхаар баталлаа. Гэхдээ төсвийн тодотголд Төсвийн тухай хуулийн дагуу тодотгол хийх нөхцөл байдаг бөгөөд 34 дүгээр зүйлд заасан.

Төсвийн тухай хууль анх 2011 онд батлагдаж байсан бол Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тухай хууль 2010 онд батлагдсан. Үүнээс хойш УИХ-аар жил бүрийн төсвийг хэлэлцэн баталсны дараа төсөв хэрэгжиж эхлэхээс өмнө тодотгож байсан тохиолдол байхгүй.

Энэ бол анх удаа гэдгээрээ онцлогтой. Гэвч УИХ-ын дэгтэй холбоотой асуудал үүсэж байна.

ТӨСВИЙГ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ТОДОТГОЖ БАЙСАН ТОХИОЛДОЛ БАЙХГҮЙ, УЛМААР УИХ-ЫН ДЭГТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ҮҮСЛЭЭ

- Тодруулбал?

- Өөрөөр хэлбэл, УИХ-ын хуралдааны дэгээр төсвийг дөрвөн үе шаттайгаар Их хурал тусгай дэгээр хэлэлцдэг. Нэгдүгээр хэлэлцүүлгээр, Засгийн газар, УИХ төсвийн төслийг танилцуулдаг бол хоёрдугаар хэлэлцүүлэгт УИХ-д холбогдох байнгын хороо, Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төсөлт нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллаж холбогдох гишүүдийн саналыг тусгаж танилцуулдаг. Үндсэндээ УИХ хоёр дахь хэлэлцүүлгийг хийж гурав дахь хэлэлцүүлэгт оруулдаг. Гуравдугаар хэлэлцүүлгээр, үндсэндээ нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцээд дөрөвдүгээр хэлэлцүүлэгт эцэслэн баталдаг.

Энэ жилийн хувьд шинэ гишүүдтэй УИХ магадгүй хоёрдугаар хэлэлцүүлгийн үед шинэ гишүүд Төсвийн байнгын хороо юм уу, холбогдох байнгын хороо төсвийн төсөлд урсгал зардлын тухайд нэмж тусгах, хасах саналуудаа хэлж тусгасан бол илүү чанаржих байсан.

Гэтэл гуравдугаар хэлэлцүүлэг дээр зарим нэр бүхий гишүүд урсгал зардал 3.6 их наяд төгрөгийг танах шаардлагатай, 18.3 тэрбумын ваучер зэрэг асуудлыг гаргаж ирсэн ч УИХ-ын дэгийн тухай хуралдааны хуулиар хоёрдугаар хэлэлцүүлэгт энэ саналуудыг хэлэлцсэн бол боломж байсан.

- Шинэ оноос өмнө ирэх оны төсвийг баталж байгааг үндсэндээ цаг хугацаа давчуу, батлахаас өөр сонголтгүй гэх тайлбар яриа ч өрнөсөн шүү дээ. Гэхдээ таны хэлсэнчлэн төсөвт нэмэлт санал, өөрчлөлт оруулах боломж байж?

- Энэ бол төлөвлөлттэй шууд холбоотой. Олон асуудал үүслээ. Цаг хугацааны болон шинэ парламент 126 бүрэлдэхүүнтэй болж, хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь онцлог байлаа.

Шинэ зорилтууд бий болсон. Үүнээс шалтгаалан төсвийг маш богино хугацаанд, төсвийн хүрээний мэдэгдэлд хоёр удаа өөрчлөлт хийж гурав дахиа батлагдлаа. Энэ бүхэнд цаг хугацааны асуудал үүссэн, Засгийн газар, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдэл болон төсвийн төслийг бэлдэхдээ үнэхээр хариуцлагагүй хандаж гарч ирсэн нь илэрч байна.

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн төсвийн хөрөнгийг оновчтой хуваарилж чадаагүй. Төлөвлөлтийн алдаанууд гарч ирсэн нь харагдаж байна гэж ойлгож болно. Ялангуяа хөрөнгө оруулалтын асуудалд урсгал зардалтай холбоотой асуудал байна. Үүн дотор гадаад томилолт, зочны зардал, их хэмжээний бусдаар гүйцэтгүүлэх ажил хэдэн зуун тэрбумын асуудал ч юм уу. Мөн тоног төхөөрөмж худалдан авахтай холбоотой зардлууд, бараа үйлчилгээний зардлуудтай холбоотой эргээд харах зардлыг бууруулах багасгах боломж байсан. Энэ чиглэлд Сангийн яам, Засгийн газар төсвийн тодотгол хийж оруулж ирэх байх.

Хэрэв та анзаарсан бол шинэ Засгийн газар маш эмх замбараагүй асуудлууд төсвийг хэлэлцэх явцад харагдсан байх. Бодлогын баримт бичгүүд, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлтэй холбоотой асуудлууд харагдсан байх.

Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газар өнгөрсөн хавар Монгол Улсын 2025 оныг хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-д оруулж батлуулсан байх ёстой байсан. Гэтэл өмнөх УИХ хурал сонгуулийн өмнө энэ үүргээ биелүүлээгүй.

Үндсэндээ өргөн мэдүүлсэн 2025 оныг хөгжүүлэх үндсэн чиглэл нь УИХ-д батлагдаагүй байсан. Үүний дараа 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдаж үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө баталсан. Ингээд 2024 оны төсөвт тодотгол хийсэн, мөн 2024 оны зургаадугаар сард батлагдсан 2025 оны болон 2026, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ баталсан байсан.

Зүй нь, ирэх оныг хөгжүүлэх төлөвлөгөө батлагдаж 2025-2027 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсаны үндсэн дээр ирэх оны төсвийн төсөл боловсруулагдах байсан. Нөгөөтээгүүр, есдүгээр сарын 1-ний өдрийн дотор Засгийн газар Сангийн яам ирэх оны төсвийн төслийг өргөн мэдүүлэх үүрэгтэй байсан.

Хэрэв анзаарвал наймдугаар сарын 30-нд төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдэлд хоёр дахь удаагаа өөрчлөлт оруулах саналаа Засгийн газар Сангийн яаманд өргөн мэдүүлж, хоёр дахь удаагаа төсвийн хүрээний мэдэгдлээ ирэх жил болон түүний дараагийн 2 жилийн мэдэгдлийг баталсан.

Шинэ цагалбарын дагуу 2025 оны төсвийн төслийг 9.1-нд өргөн мэдүүлж УИХ хэлэлцэж эхэлсэн. Дахин Сангийн яам, Засгийн газар нэг хоногийн өмнө баталсан Төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдлийн төслөө батлагдсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд дахин өөрчлөлт оруулж ирсэн. Ингээд өөрчлөгдөх тусам төсвийн нийт зарлага, орлого байнга нэмэгдэж орж ирсэн.

Үндсэндээ энэ хугацаанд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл 3 удаа өөрчлөгдсөн. Үүнийг дагаад ирэх оны төсвийн зарлага 35.8 их наяд төгрөгөөр орлогыг 33.7 их наяд төгрөгөөр, алдагдлын хэмжээ 1.9 их наяд, ДНБ-д төсвийн зарлагын нийт эзлэх хэмжээ 33.7 хувийн ийм өндөр өсөлттэйгөөр төсвийн төслийг боловсруулж оруулж ирсэн. Үүн дээр шинэ УИХ-ын 126 гишүүн бүрэлдэхүүнээрээ төсвийн төслийг хэлэлцэж холбогдох байнгын хороодоор УИХ-ын шинэ дэгийн дагуу хэлэлцээд баталсан төсөв болж байгаа.

- Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын төсөвт тодотгол хийх нөхцөл байдлыг тодорхой зааж өгсөн байдаг. Үндсэн таван шалгуур нөхцөлийн дагуу ихэвчлэн төсвийн орлого бүрдээгүй нөхцөлд тодотгол хийдэг. Харин хэрэгжиж эхлээгүй төсвийг тодотгож байгаа нь шаардлага хангаагүй гэсэн үг үү. Таны хэлсэнчлэн 34 дүгээр зүйлийг тодруулбал?

- Төсвийг хэрэгжиж эхлэхээс өмнө дахин тодотгол хийх зайлшгүй шаардлагатай байна гэдгийг УИХ ирэх оны төсвийн төслийг батлахдаа дагалдах УИХ-ын тогтоол буюу төсвийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Тодотгол хийх тухайд Төсвийн тухай хуулийн 34.1.1 заалтыг баримталж үндэслэл болгосон байна билээ. Үүн дээр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэний улмаас гэдэг үндэслэл болгосон.

Нөгөө талаасаа, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 15.1 дүгээр зүйл дээр “Хэрэв УИХ ирэх оны төсөвтэй холбоотой ялангуяа төсвийн тооцоолол зарим зүйл дээр тодруулах шаардлага гарвал УИХ-д тайлбар гаргуулж авна” заалтыг үндэслэн тодотгож 12 сард багтааж тодотгол хийх чиглэл өглөө.

Одоо төсөв батлагдсан. Цаашид Засгийн газар Сангийн яам ирэх оны төсөвт тодотгол хийх чиглэлд ажиллах байх. Тодотгол хийх, тодотголын төслөө УИХ-д өргөн мэдүүлэх нь Их хурлын бүрэн эрхийн асуудал. Иймээс бид анхааралтай ажиглаж байна. Сангийн яам батлагдсан төсвийн төсөлд ялангуяа урсгал зардалд хөрөнгө оруулалтын зардалд дахин тодотгох заалтыг нягтлан авч үзэх байх.

НЭГДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС УЛСЫН ТӨСӨВ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ ЁСТОЙ

- Таны ярианаас анзаарахад хэтэрхий хариуцлагүй эрсдэлтэй төсөв болсон гэж харж болохоор байна шүү дээ. Төсвийн хүрээний мэдэгдлийг 2-3 удаа өөрчилж, төсөвт мөн л тодотгол хийдэг боллоо. 2025 оны төсөв хэрэгжиж эхлээгүй байхад тодотгол хийхээр болсон нь дахиад орон нутгийн төсөв тодотгол хийх шаардлага үүслээ. Магадгүй дахиад зарлага өсөх болж байна уу?

- Төсвийн тухай хуулийн наймдугаар зүйлд төсвийн цагалбар гэж бий. Энэ дагуу төсвийг анх дээрээс эхлэн төлөвлөх тэр үйл явц нэгдүгээр сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 31-ны хугацаанд хийгдэнэ. Төсвийн тухай хуулийн наймдугаар зүйлийн дагуу УИХ арваннэгдүгээр сарын 5-ны дотор ирэх оны төсвийн төслийг батлах ёстой. Үүний дагуу хуулиараа орон нутгийн аймаг нийслэл арванхоёрдугаар сарын 10-ны дотор сум дүүргийн шинээр бүрэлдсэн ИТХ-ууд ирэх оны төсөвт хэлэлцэж батлах ёстой. Энэ хугацаа хойшлогдож байна. Гэхдээ ямар ч тохиолдол байсан нэгдүгээр сарын 1 гэхэд аймаг нийслэл сум дүүрэг, улсын төсөв батлагдсан байх ёстой.

ӨӨДРӨГ ТӨСӨӨЛСӨН ТӨСВИЙН ОРЛОГО БҮРДЭХГҮЙ АЛДАГДАЛ ҮҮСВЭЛ ГАДААД ЗЭЭЛИЙН ӨНДӨР ХҮҮНИЙ ӨР ТӨЛБӨРИЙГ ИРГЭД Л ТӨЛНӨ

- Төсөвт тодотгол хийх бүрт зарлага өсдөг жишиг тогтлоо. Энэ дарамт нь эдийн засагт болоод татвар төлөгчдөд ямар нөлөөгөөр мэдрэгдэж байна?

- Төсвийн тогтвортой байдлын зөвлөл бол үндсэндээ дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд шаардлагатай макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг загварчлал дээр тооцоо хийж гуравдугаар сарын 15-н гэхэд эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлж байсан. Энэ дүгнэлтэд тухайлбал, ДНБ-д харьцах орлогын хэмжээ 25.7 их наяд байх, төсвийн нийт зарлагын хэмжээ ирэх онд 27.7 хувь их наяд байх, орлого 26.1 их наяд байх, 2025 , 2026 онд ДНБ буюу эдийн засгийн өсөлт 6.7 хувь байх, 2026 онд эдийн засгийн өсөлт 7.7 хувь байх буюу илүү өөдрөг биш, ямар нэгэн хэмжээгээр эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тооцоолол хийж Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлсэн.

Гэвч яам маш өөдрөгөөр төсөөлсөн. Энэ байдлуудыг үндсэндээ УИХ-д оруулж төсвийн хүрээний дунд хугацааны мэдэгдэлд тусгалаа олж байсан. Өөрөөр хэлбэл, ирэх онд эдийн засгийн өсөлт 8 хувьтай байх, инцфляци 7 хувьтай байх зэргээр тусгасан. Гэтэл энэ оны аравдугаар сард инфляцын түвшин аль хэдийн 7 хувьд хүрсэн байна.

Нөгөөтээгүүр, төсвийн зарлага ДНБ-д харьцуулсан харьцаа бидний тооцоолсноос 10 дахин илүү буюу 37.7 хувийн зарлага тэлсэн. Энэ нь нийт эдийн засагт төрийн оролцоо маш их хэмжээгээр нэмэгдсэн гэсэн үг. Төрийн нүсэр аппарат, эдийн засгийн зардал ихэсч байгаа нь эдийн засагт тодорхой хэмжээний эерэг болон сөрөг нөлөөллүүд байгаа юм.

Сөрөг нөлөөллүүд нь зардал их хэмжээгээр тэлэх тусам хувийн хэвшлийн орон зай эдийн засагт бий болох орон зай шахагдана. Төр бүх зүйлийг хувийн секторын өмнөөс хийх, энэ нь эргээд тодорхой хэмжээгээр үр ашиггүй байдлыг бий болгох ийм нөхцөл байдлуудыг үүсгэдэг.

Нэг онцлог нь төсвийн зардлын цаана дандаа хулгай, авлига, хээл хахууль байдаг. Төсвийн зарлагын цаана үргэлж орон тоо нэмэгдэж, төрийн бүтэц данхайдаг. Ийм нөхцөл байдал нь эргээд татвар төлөгчдийн мөнгө нийтийн үйлчилгээ буюу боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгаалал бусад нэн шаардлагатай үйлчилгээнүүдэд үр ашигтай зарцуулагдаж чадах уу, үгүй юу гэх асуудал эрсдэлтэй байдлууд бий болж байна.

Нөгөөтээгүүр, зарлага өсөж буй гол шалтгаан нь орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж байна.

Манай улсын эдийн засаг уул уурхайн салбар дээр сүүлийн 20 гаруй жил эдийн засагтай явж ирлээ. Уул уурхайн салбар дотор ганц нүүрсний орлогоос шалтгаалсан нэг тулгууртай эдийн засагтай.

Нүүрсний экспорт жил бүр биет хэмжээгээр өсөж, орлого нэмэгдсэн нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн үе байсан. Одоо эдийн засгийн тэлэлт зогссон үед дахиад тэлнэ гэсэн буруу сигнал өөрсдөдөө бий болгож эдийн засгийн өсөлт 8 хувь, 33 их наяд төгрөгийн орлого бий болно, зарлага 35.8 их наяд төгрөг байх, төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байхаар тооцоо хийлээ.

Өнөөдөр бид нүүрсийг тэнцвэржүүлсэн үнээр 128 ам.доллар, бодит зах зээл дээр 105 ам.доллар тооцоо хийж байна. Аравдугаар сард нүүрсний экспортод гаргаж буй үнэ 102 ам.доллар байна. Үүнээс доош 80, 70 ам.долларт хүрэх тусам орлогын хэмжээ буурна. Энэ хэмжээгээр төсөв алдагдалтай болж эхэлнэ. Улмаар 1.9 их наяд төгрөгөөс ч даруй хэд дахин илүү алдагдал бий болно.

Үүнийг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага бий болно. Үүний тулд гадаад зах зээлээс маш өндөр хүүтэй бондыг бид татах болно. Эргээд үүнийгээ урсгал зардал, хөрөнгийн зардлаар санхүүжүүлнэ.

Эцсийн хүүгийн өр төлбөрийг ард иргэд л төлнө. Энэ хэмжээгээр инфляц өснө. Өнөөдрийн байдлаар төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл алдагдалтай байна. 2024 оны аравдугаар сарын байдлаар алдагдалтай гарсан.

Төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл хоёр алдагдал эдийн засагт хоршиж бий болбол эдийн засгийн онолд болон практикт хос алдагдал гэж хэлдэг. Энэ хос алдагдал болоход эдийн засаг тодорхой хэмжээгээр хямрах, буурах нөхцөл байдал руу ордог.

Бидний анхаарах ёстой зүйл нь цаашид газрын доорх эрдэс баялаг, ашигт малтмалд тулгуурласан эдийн засгийн бүтцээс стратегийн хувьд аль болох зугтах, өөр эх үүсвэрийг бий болгож нэмүү өртөг бий болгох замаар эдийн засгийн урт хугацааны бодлого, санхүүгийн урт хугацааны бодлогоо тодорхойлохгүй бол Африкийн улс орнууд шиг магадгүй бусад улс шиг Голланд өвчин, баялгийн хараал болоход маш ойрхон байна. Зарим тохиолдолд баялгийн хараалын шинж тэмдгүүд аль хэдийн илэрсэн.

- Ярилцсанд баярлалаа.

Ч.Лодойсамбуу: Иргэдийн машинаа солих эрхийг хааж, түгжрэлээс салсан хот дэлхийд байхгүй
Ч.Лодойсамбуу: Иргэдийн машинаа солих эрхийг хааж, түгжрэлээс салсан хот дэлхийд байхгүй
 
Л.Энх-Амгалан: Ахмадууд “ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ“-ээ сургалтын төлбөр төлөх зэргээр өөртөө бус ҮР ХҮҮХДҮҮДЭДЭЭ зориулж авч байна
Л.Энх-Амгалан: Ахмадууд “ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ“-ээ сургалтын төлбөр төлөх зэргээр өөртөө бус ҮР ХҮҮХДҮҮДЭДЭЭ зориулж авч байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!