ШҮДНИЙ ЭМЧ: 1-2 настай хүүхдийн шүд эхийн сүүнээс болж цоордог. Хөхүүлснийхээ дараа үүдэн 4 шүдийг нь маарлаар арчиж, ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 40 секунд

"ЕБС-ийн нэгдүгээр ангид сурдаг 4000 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулахад 83 хувь нь шүдний өвчлөлтэй гарсан" гэх тоог өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн сайд мэдээлсэн. Бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл өндөр байгаа шалтгаан нөхцөл болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар "ДИНО" эмнэлгийн шүдний эмч М.Болор-Эрдэнээс тодруулж, ярилцлаа.

-Бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байна. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Нэгдүгээр ангийн хүүхдүүдийг эрт илрүүлэгт хамруулж байгаа. Үүнтэй холбоотойгоор, "Манай хүүхдийн шүд өвчлөлтэй гарлаа" гэсэн эцэг эхчүүд их ирж байна. Зургаан настнуудын байнгын араа шүд нь бүгдээрээ цоорчихсон ирдэг. Шалтгаан нь маш энгийн. Шүдээ дутуу угаасантай холбоотой. Эцэг эхчүүд нь шүдээ угаа гэх үгийг ёс төдий хэлчхээд л орхичихдог. Дутуу угаасан эсэхийг нь нягталж шалгадаггүй. Энэ нь энэ насны хүүхдүүдийн шүдний өвчлөлийн гол шалтгаан.

-Байнгын араа шүд цоорох нь ямар эрсдлийг дагуулдаг вэ?

-Хөнгөн цоорол бол эмчилгээ хийгээд явуулдаг. Энэ тохиолдолд эрсдэл харьцангуй бага. Зарим нь бүр ямар ч эмчилгээ хийх боломжгүй. Шууд авахаас өөр аргагүй болсон үед нь ирдэг. Энэ нь маш их эрсдэлтэй. Байнгын араа шүдээ эрт авахуулчихаар зажлах үйл ажиллагаа алдагдана. Үүнээс үүдэлтэй өвчлөл маш их бий. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, арчилгаа сайн хийх нь маш чухал. Эцэг эхчүүд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. 6 настайд хүүхдийн байнгын араа шүд ургадаг учраас сайн арчлах хэрэгтэй гэдгийг мэддэг, анхаардаг болмоор байна.

-Хүүхдийг шүдээ дутуу угааж байгаа эсэхийг яаж шалгаж мэдэх вэ?

-Хүүхдийн амны хөндийг эрүүл байлгахын тулд хүүхдийн шүдний эрүүл ахуйч дээр аваачих хэрэгтэй. Тэгээд шүдийг нь угаалгах дадал суулгах, шүд нь одоо ийм байдалтай байна. Эрүү нүүрнийх нь хөгжлийн систем энэ түвшинд явж байна. Одоо ийм шүднүүд ургах гэж байна. Энэ шүднүүдийг ургах үед нь ингэж хамгаална гэдэг ч юм уу эдгээр зүйлийг цэгцтэйгээр ойлгуулж, системтэйгээр явж чадах юм бол шүдний эмнэлгээс айх айдасгүй болно. Шууд өвдсөн хойно нь аваад ирэхээр айдастай болчихдог. Бас шүдний эмнэлэгт очоод өнгөр тодорхойлогч түрхэж угаалгаж үзээд аль хэсгээрээ дутуу угааж байгааг нь тодорхойлуулж болно. Цэнхэр, ягаан өнгөтэй өнгөр тодорхойлогчийг шүдэнд нь түрхээд шүдийг нь угаалгахаар сойз хүрэхгүй байгаа хэсэгт өнгө нь үлдчихсэн байдаг. Үүн дээр үндэслээд тэр хэсгийг яаж угаах зөвлөгөөг аваад явдаг эцэг эхчүүд олон бий.

-Хоёр настай хүүхдүүдийн шүд цоорчихсон тохиолдол ч их байдаг. Энэ нь юутай холбоотой байдаг юм бол?

-1 болон 2 настай хүүдүүдийн шүд эхийн сүүнээс үүдэлтэйгээр цоордог. Ээж нь хөхүүлчхээд үүдэн 4 шүдийг угаах эсвэл маарлаар арчиж, цэвэрлэхгүй бол үүдэн 4 шүд нь цоордог. Зарим нь ёзоор хүртлээ цоороод аймар болчихсон ирдэг. Бид яах ч аргагүй сувгийн эмчилгээ хийдэг. Насанд хүрсэн хүн сувгийн эмчилгээ хийлгэхдээ яадаг билээ. Гэтэл тэр жаахан 1-2 настай хүүхдүүдэд сувгийн эмчилгээ хийх амар байдаггүй. Сэтгэл өвддөг. Хэрэв ээж сайн арчилбал цоорох үндэслэл байхгүй шүү дээ. Яагаад арчлаагүй юм бол доо л гэж боддог.

-Цооролтой шүдтэй удаан хугацаанд байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ. Хүмүүс өвдөхгүй л бол эмнэлэгт очдоггүй шүү дээ?

-Шүдний цооролд нөлөөлж буй нян бактериуд хүний амны хөндийд тэр дундаа хатуу эд шүдэнд сууснаар цаашаагаа цоорол, цоорлын хүндрэл, тулгуур эдийн өвчлөл, ясны үрэвсэл, ясны хальсны үрэвсэл, нэвчээс, буглаа гэх мэтчилэн улам илүү цааш хүндэрч, хүндрэлүүдийг өгдөг.

-Шүдний цоорол ямар үе шатуудаар явдаг вэ?

-Шүдний цоорол дотроо дөрвөн үе шаттай явагддаг. Үүнд, толбын үе, өнгөц, дунд, гүн цоорол зэрэг багтана. Гүн цоорлоос цаашаа зөөлцийн үрэвсэл, холбоосны үрэвсэл хэлбэрт шилждэг. Тиймд эдгээр үрэвсэлд шилжүүлэхгүйн тулд шүдний цоорлыг бага байхад нь эмчилгээ хийлгүүлбэл цааш гарах хүндрэл багасна.

-Шүдний цооролтой холбоотой монголчуудын нийтлэг буруу ойлголт байдаг уу?

- Бид хүүхдүүддээ хорхой шүдэнд чинь байна. Чихэр идэхээр шүдэнд чинь хорхой орно гэдэг юм уу. Шүдний эмнэлэг, эмчийн талаар буруу ойлголт төрүүлдэг. “Хүүхдүүдийг эмчид үзүүлнэ, тариа хийлгэнэ шүү” гэх мэтээр айлгадаг. Тэрнээс болоод хүүхдүүдэд шүдний эмнэлэгт ирэх дадалгүй байна. Шүдний эмнэлэгт өвдөхөөр нь л хүүхдүүдээ авчирдаг болохоор шүдний эмнэлэгт очихоор миний шүд өвдөөд байна гэдэг ойлголтыг хүүхдүүд авчихдаг.

-Амны хөндийн эрүүл мэндэд юу чухал вэ. Бид юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Амны хөндийн эрүүл мэндийн мэдээллийг цаг тухайн үед нь авснаараа цоорол гэдэг зүйлээс бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой. Цоорсон хойно нь эмчилгээ хийх биш цоорлыг урьдчилан хянаж чадах бол шүдний цоорол заавал байх ёстой өвчин биш.

-Шүдний цоорол үүсэхгүй байх боломжтой юу. Эмчлүүлэхдээ гаргадаг бидний алдаа юу вэ?

-Магадгүй таны хүүхэд амны хөндийг сайн сахидаг, шүдний оо, сойзтойгоо сайн найзалдаг байх юм бол шүд цоорол заавал үүсэх ёстой биш. Монголчууд мэдрэл тастуулах эмчилгээ буюу сувгийн эмчилгээ их хийлгэдэг. Гэвч сувгийн эмчилгээ хийлгэсэн шүд бол цусан хангамжгүй, даралтыг даах чадваргүй, нөхөн төлжүүлэх үйлчилгээ байхгүй. Нэг ёсондоо сувгийн эмчилгээ гэдэг судас мэдрэлийн багц зөөлцийг тастаад хаячиж байгаа учраас тухайн зөөлцийн шүдэнд үзүүлэх үүрэг, нөлөө нь алдагдчихдаг. Ингэхээр сувгийн эмчилгээ хийлгэсэн шүд зөвхөн байрлалаа хадгалж үлдээд, олон жил болсны даруу хатуу юм хазахад хугардаг. Тухайлбал, “Ааруул хазаад миний шүд хугарчихлаа” гэдэг ч юм уу иймэрхүү тохиолдол олон гардаг.

-Тэгвэл нэгэнт сувгийн эмчилгээ хийлгүүлсэн бол яах ёстой вэ. Ер нь эрүүл амны хөндийтэй болох боломжтой юу?

-Монгол Улсад нүүр, амны эмчилгээ харьцангуй өндөр түвшинд явагдаж байгаатай холбоотойгоор сувгийн эмчилгээ хийлгэсэн шүд байх юм бол согог заслын аргаар бүрээсэлж, шүдийг байрлалд нь авч үлдэх аргыг өргөнөөр хэрэглэж байгаа. Тэгэхээр гурван сар тутамд нэг удаа шүдний эмнэлэгт үзүүлж, өөрийнхөө амны хөндийн эрүүл мэндэд ямар эрүүл мэндийн хэрэгцээ байгаа юм, энэ хэрэгцээндээ тохирсон эмчилгээг төлөвлүүлээд хийлгэж чадах юм бол эрүүл амны хөндийтэй байх бүрэн боломжтой.

-Сүүлийн үед шүдийг авахгүйгээр аль болох эмчилгээ хийх тал дээр анхаардаг болоод байгаа. Үүний ач холбогдол нь юу вэ?

-Шүдийг авахаас илүү тухайн хүнд нь таарсан эмчилгээг хийх зорилгыг тавьж ажиллаж байна. Мэдээж цоорлын хүндрэл болсон авах заалтад орж байгаа шүднүүд гэж байна. Шүд авах заалт гэж байна. Заалтад ороогүй л бол аль болох өөрийнх нь унаган шүдийг авч үлдэх арга зарчмуудыг эмчилгээний төлөвлөгөөндөө оруулдаг.

-Хүний унаган шүдийг яагаад авч үлдэх хэрэгтэй вэ?

-Хүмүүс цаг завгүй, санхүүгийн байдал нөхцөл, шүдний эмнэлэгт олон дахин ирүүлдэг гэдэг ойлголтоос болоод шүдийг шууд авхуулчхаад явчих сонирхолтой байдаг. Хүний өөрийн шүдийг авснаар буцаагаад согог заслын эмчилгээгээр шүдийг нөхөхөд өөрийнх нь шүдтэй 100 хувь ижилхэн байлгаж чадахгүй. Тийм учраас хүний унаган шүд бол тухайн хүний бие организмд нь тохирсон, өөрийнх нь эд эсийн нэг учраас өөрт нь л байх нь зөв.

-Чихэрлэг бүтээгдэхүүний их хэрэглээ шүдний цоорлыг нэмэгдэхэд нөлөөлж байгаа юу?

-Шүд цооролд нүүрс усны агууламж шууд нөлөөлнө. Нийгэм талаасаа хүнсний дэлгүүр байр, гудамж болгонд байна. Хүнсний дэлгүүр болгонд эрээн алаг хүүхдүүдийн сэдлийг татсан чихэр, нүүрс усны агууламжтай бүтээгдэхүүн их байгаа. Түүнээс гадна эрүүл хүнсний сонголт бага байгаатай холбоотой. Эцэг, эх болгон л хүүхдээ баяртай байлгахыг хүснэ. Тэгэхээр баяртай байлгахын тулд хор авч өгөөд энэ нь тухайн хүүхдийн шүд болон биеийн өсөлт хөгжил бүх л зүйл нөлөөлдөг. Нүүрс усны агууламж ихсэх тусам шүд цооролд илүү их өртөнө.

-Чихрийн хэрэглээг хэрхэн хянах вэ?

-Хөгжингүй орнуудын туршлагаас харахад хүүхдэд долоо хоногт нэг удаа л чихэр өгдөг. Чихэр идүүлэхдээ аманд байх хугацааг нь хянадаг. Нүүрс устай хоол хүнс удаан хугацаанд аманд байх тусам амны хөндийн ph орчныг өөрчлөөд ингэснээр илүү цооролд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тэгэхээр чихэр идсэн ч учиртай идэх хэрэгтэй байх нь. Чихрээ идчихээд шүдээ угаадаг зуршлыг бий болгох хэрэгтэй. Хүүхдэдээ өдөрт нэг удаа чихэр өглөө гэхэд чихрийн давтамжийг багасгах шаардлагатай. Сатааруулах зүйл үзэж байхад аманд хүлхэгдэх хугацаа нь уртасна. Тиймээсээ чихэр аманд байх хугацааг нь хянах хэрэгтэй.

-Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг?

-Эрүүл шүдээр зажлагдсан хоол хүнс цааш дамжигдвал таны бие эрүүл байна. Тэгэлгүй яах вэ. Гурван сар тутам шүдээ эмнэлэгт үзүүлснээр таны шүд эрүүл байх боломжтой.

Сэрэмжлүүлэг: Маргааш Баян-Өлгийн зүүн хэсэг, Ховдын нутгаар цасан шуурга шуурна
Сэрэмжлүүлэг: Маргааш Баян-Өлгийн зүүн хэсэг, Ховдын нутгаар цасан шуурга шуурна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!