Өнгөрсөн хугацаанд олон нийтийн төдийгүй улстөрчдийн хувьд хамгийн их маргаан, мэтгэлцээн өрнүүлж байсан нийслэлийн 2024-2026 оны төсвийн асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр, маргааш зохион байгуулагдах гэж байна. Тэгвэл тус сонсголын ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй ярилцлаа. Түүнчлэн тэрбээр тус ярилцлагын үеэр улс төрд өрнөж буй зарим асуудлуудад байр сууриа илэрхийллээ
-Өнөөдөр нийслэлийн төсөв тойрсон асуудлаарх сонсгол эхлэх гэж байна. Таны хувьд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Бэлтгэл ажил хэр хангагдав?
-Цаг хугацааны хувьд нэлээн давчуу хугацаанд бэлтгэл ажлыг хангасан. Нэлээдгүй олон материал татаж авч харж байгаа. Нэмж татаж авч харах шаардлагатай материалууд ч байгаа. Сонсгол өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ. Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргална. Миний хувьд бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг ахалж ажиллалаа.
-Өмнө нь зохион байгуулагдсан сонсголуудыг харахад, холбогдох байгууллагуудаас мэдээлэл авах тал дээр хүндрэл гардаг талаар ажлын хэсгийнхэн хэлдэг. Мэдээлэл гаргаж өгөх тал дээр нийслэлийнхэн хэр нааштай хандаж байна вэ?
-Мэдээлэл гаргаж өгөх тал дээр асуудал байхгүй. Гол нь цаг хугацаа давчуу байсан гэдэг утгаараа нэмэлт мэдээлэл авахад бага зэрэг хүндрэл үүсэж буй тал бий. Үүнээс үүдэж сонсгол дээр дутуу буруу ойлголт төрчих вий гэсэн болгоомжлол байна. Аль аль талдаа л цаг нартай уралдаж байна
-Сонсголын хэлэлцэх асуудлын цар хүрээ хэр байх вэ?
-2024-2026 оны нийслэлийн төсвийн зарцуулалттай холбоотой асуудлууд яригдана. Мөн нийслэл дээр хэрэгжүүлж буй том төслүүдтэй холбоотой мэдээллийг сонсоно.
-Ер нь холбогдох мэдээллийг татаж авч харахад асуудал, зөрчил дагуулсан зүйлс харагдаж байна уу. Саяхан л гэхэд ЗГХЭГ-ын даргын зүгээс Туулын хурдны зам төслийн худалдан авах ажиллагаан дээр алдаа зөрчил их байгааг хэлж байсан?
-Хууль хяналтын байгууллага тэргүүтэй олон газар шалгаж байна. Бидний хувьд илүү иргэдийн мэдэх эрхийг хангах гэж буй тул шинжээчид дүгнэлт танилцуулахаас өмнө дүгнэх нь зохисгүй байх. Сайжруулах зүйлс бий. Алдаа дутагдлууд гэхээр зүйл ч харагдаж байгаа. Цаашид сайжруулах чиглэлд нь ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдэг л илүү чухал санагдаж байна.
-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ сонсголоос та хэр хүлээлттэй байна вэ?
-Сэтгэл хөдлөл гэхээс илүүтэйгээр тодорхой барьцтай мэдээлэл факт дээр үндэслэж нөхцөл байдлыг иргэдэд илүү нээлттэй болгоё гэсэн зорилго байна. Мэдээж оролцогчдын хувьд тодорхой хэмжээнд байр сууриа илэрхийлэх байх. Ажлын хэсгийн зүгээс илүү баримт дээр суурилж, аль нэг тал руу хэлбийхгүйгээр ажиллаж байна. Шинжээчдийн хувьд ч аль болох төвийг барьсан мэргэжлийн шинжээчдийг сонгон ажиллуулж байна.
-ЗГ-ыг огцруулахад шалтгаан байх ёстой шүү дээ. Одоогоор тийм шалтгаан олж харахгүй байна-

-Өнгөрөгч долоо хоногт Ардчилсан намаас Ерөнхий сайдыг огцруулах бичгийг санаачилж, гарын үсэг цуглуулахаа мэдэгдсэн. Та энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-Шаардлагынх нь агуулга бол зөв. Хариуцлага байх ёстой. Өнгөрсөн хугацаанд олон ЗГ солигдсон.
Ерөнхий сайд нь солигдчихоод байхад асуудал дагуулсан салбарын сайд нь ЗГ дамнаж ажиллаад байгаа нь эргээд шагнал ч юм шиг эсхүл дархлагдсан хэдэн хүн байдаг юм шиг ойлголтыг бий болгоод байгаа юм.
Зүй нь, сайд нар асуудал шийдэх ёстой. ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр гээд сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нь хуульчлаад баталчихсан байгаа. Энэ хуулийг биелүүлэх ёстой хүмүүс шүү дээ. Гэтэл ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг дүгнэхэд 20 хувийн гүйцэтгэлтэй байх жишээтэй.
Тиймээс ажлын гүйцэтгэл сайн гаргах хүмүүст ачаа үүрүүлэх ёстой. Тэр нь улс төрөө бодоод заавал УИХ дотроос байх албагүй гэж бодож байна. Би бол хувьдаа давхар дээлгүй сайд нар байгаасай гэж боддог. Ажил хийж нугалж чаддаг, асуудлаа мэддэг, цагаа бүрэн зардаг байгаасай гэж боддог.
Давхар дээлтэй холбоотой Үндсэн хуулийн өөрчлөлтийг гишүүнийхээ хувьд дэмждэггүй. 126 гишүүний бараг 20 нь давхар дээлтэй учраас иргэдийг төлөөлөх эрхээ хэрэгжүүлэхээс илүүтэйгээр “ЗГ-ын кабинетын зарчим” гэдгээр явчихдаг. Тиймээс хариуцлагын асуудлыг тухай бүрт нь ярих ёстой.
Хоёрдугаарт, ЗГ дөнгөж томилогдоод ажиллаж буй учраас огцруулах хэмжээний шалтаг шалтгааныг би олж харахгүй байна. Өнгөрсөн хугацаанд ЗГ хоёр ч удаа солигдоод буй учраас одоогийн түвшинд Н.Учрал Ерөнхий сайдыг илүү болохгүй зүйл дээр нь зөвлөж, шүүмжилж шахаад явах хэрэгтэй болов уу. Энэ бол намын асуудал биш. Ард иргэд, улс эх орны эдийн засагтай холбоотой асуудал.
-Магадгүй энэ шаардлага өргөжөөд явбал та гарын үсэг зурах уу?
-Огцруулахад шалтгаан хэрэгтэй шүү дээ. Одоогоор би тийм шалтгаан олж харахгүй байна.
-Хаврын чуулган эхлэх үед МАН-ын бүлэг гишүүдээ ЗГ-ыг тогтвортой ажиллуулах, бүлгийн шийдвэрийг дагах бичигт гарын үсэг зуруулсан шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал үргэлжилвэл та бүлгийн шийдвэрээ дагах юм уу?
-Тэр бичигт би гарын үсэг зураагүй. УИХ-ын гишүүнд олгогдсон бүрэн эрхийг намын бүлэг хязгаарлах нь зохисгүй. Гол нь намын бүлгийн гишүүдэд бус улс оронд хэрэгтэй зүйл хийгээд түүнийг нь дэмжээд явах учиртай. Аргацаасан, өнгөц дүр зурагтай ажил бус хийж байгаа бодит ажлуудыг дэмжээд явна гэж бодож байна. Хэрэв үнэхээр ажил дутагдал гараад намын бүлэг дээрх тэр бичиг үйлчлэхгүй болов уу л гэж харж байна. Үндсэн хуульд намын бүлэг гэх ганцхан үг байдаг. УИХ-ын дэд даргыг сонгоход л намын бүлгээс сснал болгосон хүнийг санал болгоно гэж заасан байдаг. АН дээрх хэд хэдэн одтой шийдвэр гаргадаг. Манай нам дээр ч өнгөрсөн жил ийм асуудал орж ирсэн ч хэлэлцүүлэгдээгүй. Бид болохгүй зүйлийг болохгүй гээд хэлж чаддаг байх ёстой. Гол нь тэр нь хэн нэг хүнийг унагаахын тулд биш нийт ард түмэн, улс орны төлөө болохгүй зүйлийг нь яаж сайжруудах вэ гэдэг дээр санаа бодлоо уралдуулдаг мэтгэлцээний талбар байх ёстой.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!